Шороотын Цэвээний хайгаад явдаг сайхан бүсгүй Дулмаа буюу Б.Сосорбарам

 

1936 онд дэлгэцнээ амилсан “Монгол хүү” киноны Шороотын Цэвээн монголчуудын зүрх сэтгэлд баттай хоногшиж үлдсэн дүр билээ. Уг кинон дээр Шороотын Цэвээний сэтгэлт бүсгүй Дулмаа хэмээх сайхан хүүхэн үе үе гардаг. Сайхан жороо хар морь унасан ганган бүсгүй наадмын талбай дээр Шороотын Цэвээнийг хайгаад галигуулаад байдаг. Энэхүү Дулмаагийн дүрийг бүтээсэн жүжигчин бол Бадрахын Сосорбарам билээ. “Бөмбөгөр ногоон”-ы алдарт Цогзолмаа, Долгорсүрэн, Рэнцэнноров нар хараахан гарч ирээгүй байсан гучаад оны үед Сосорбарам царай зүс, авъяас чадлаараа нэг хэсэгтээ л од болжээ. Урлаг судлаач С.Батчулуун гуай түүний тухай өгүүлэхдээ “Бадрахын Сосорбарам нь гучаад оны үед Төв театрт жүжигчин байсан. “Монгол хүү” кинонд тоглоод ихэд алдаршсан.Энэ кинонд тоглосноос хойш өөр нэг их кинонд тоглоогүй. Нэг үе зохиолч Төмөрийн Нацагдоржтой сууж байсан юм билээ. Тэр хоёрын гэр бүл болж явах үеийн тухай сонирхолтой баримтыг архиваас үзэж байлаа” гэж дурссан байдаг.

Нээрээ ч жүжигчин Сосорбарам “Монгол хүү” кинонд сайхан монгол бүсгүйн дүрийг бүтээснээс хойш дэлгэцнээ тэр бүр тодорсонгүй. Түүнийг ихэвчлэн Сосор гэж дууддаг байсан бөгөөд “Сосор гэдэг сайн жүжигчин, сайхан хүүхэн бор дарсанд орж театраа орхиод л зүйл дууссан даа” хэмээн алтан үеийн жүжигчид дурссан нь олонтаа. Яруу найрагч Пунцагийн Бадарч гуай нэгэнтээ “Би нэг удаа зах дээр явж байгаад гуч, дөчөөд оны сор болсон сайхан хүүхэн, алдарт жүжигчин Сосорыг хоёр хүнтэй цуг архи уугаад сууж байхтай нь тааралдсан юм. Тэгээд сайхан хүнтэй цуг архи ууж үзэх хүсэлдээ хөтлөгдөөд Зохиолчдын эвлэлийн үнэмлэхээ гаргаж үзүүлтэл жүжигчин Сосор шууд ураад хаячихаж билээ. Алтан үеийн сайхан жүжигчинтэй холбогдсон дурсамж хүүрнэдэг болохоор би тэр урагдсан үнэмлэхээ одоо болтол хадгалж явдаг” гэж ярьж байсан удаатай. Гэвч театрын алтан тайзнаа од болон мандаж, “Монгол хүү” киноны Дулмаагийн дүрээр үзэгч олны дунд шагшуулж явсан энэ хүний хувь заяаны хүрд нь буруугаар эргэсэн байдаг. Бор дарс хүртэх болсоноор нэг л мэдэхэд театраасаа хөндийрчээ. Ардын уран зохиолч С.Эрдэнэ агсан “Халхын заяат харгуй минь” дурсамж тууждаа өгүүлэхдээ “1938 он хавьцаа архаг архичдыг эмчилдэг тасаг байгуулагдаж, тэр үед “Монгол хүү” гэдэг кинонд тоглосон Шороотын Цэвээн, мөн кинонд тоглож байсан Хүрээний алдартай хөөрхөн хүүхэн Сосор зэрэг хүмүүсийг эмчилж байсан тухайгаа эмнэлэгийн ахмадуудад ярина. Цэвээн, Сосор хоёр нийлж “жаргасаар” байгаад архинд орчихсон хэрэг биз.

1957 оны улсын наадмаар голын цэнгэлдэхийн булангийн цэцэрлэгт манай алдартай жүжигчин Гэндэн гуай мөнөөх Сосор авгай нарын хэдэн хүнтэй архидаж суухтай тааралдаж Гэндэн гуай намайг таних учир “Цаанаасаа нэг лонх юм аваад наашаа нийлж суу. Чи “Монгол хүү”-д тоглосон Сосор гэдэг хүүхнийг дуулсан уу? Тэр чинь энэ сууж байна” гэв. Харсан чинь залуудаа нээрээ л сайхан хүүхэн байсан болов уу гэмээр нас дөч гарсан их л будмал махлаг бор авгай цоохор торгон дээлийнхээ хормойг задгай орхин, сийрсэн малгайн дэлбэгэр хүрээнд сүүдэртүүлэн айхтар жоготой нүдээ талимааруулан юунд ч юм байн байн инээд алдах нь хий судлалын эмч миний хувьд онош тавьж ядалтгүй...” хэмээжээ. Энэ мэтчилэн гучаад оны Нийслэл хүрээний сайхан хүүхэн, “Бөмбөгөр ногоон”-ы Сосорын тухай дурсамж маш олон байх аж. Хорь, гучаад оны нэрт зохиолч С.Буяннэмэх 1933 онд бичсэн “Уран сайхны шинэ хүчин” хэмээх шүлэгтээ, “Тоглох зүйлдээ тохирон чадах, Тун ч хөөрхөн эелдэг зантай, Томоохон ихээхэн ший жүжигт, Толгойлж гармаар Сосор хүүхэн...” хэмээснийг үзэхэд жүжигчин Бадрахын Сосорбарам 1936 онд зөвхөн “Монгол хүү” кинонд дүрээ мөнхөлсөн төдий бус, Улсын төв театр анх л хөл дээрээ босч байсан 1933 оноос 1943 он хүртэл арваад жил ший жүжигт тоглож, тэгэхдээ бүр томоохон жүжигт толгойлж буюу оройлон гардаг гол дүрийн жүжигчин байсан бололтой. /Зохиолч Б.Ойдов/

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen