”250 сая” тусгай ажиллагаа
Монголын тэрбумтнуудын зохион байгуулж, намынхаа их хурлаар батлуулж авсан "Шинэчлэл” гэсэн логотой "даргын сунгаа” төслийн нэгдүгээр шат эхлээд л хэл ам дагуулав.
Ер нь бол таван нөхөр үзэлцэж давхар тохироо хийж чадсан нэг нь л сонгогдох ёстой зурагдсан асуудал дээр баахан төлөөлөгч ирж зардлаараа шатсан бололтой. Үхэн үхтлээ Их хурлын гишүүн, нэг бол дарга байхаар зурагдсан хэдэн нөхөд эхлээд далд санаагаа тээсэн тун болхидуу босго тогтоосон дүрэм бариад ороод ирсэн байдаг. 10-аас доошгүй жил дарга хийсэн, гишүүн байсан зэрэг намын даргын энэ босгыг гишүүд арай ч дээ гээд хасуулж дөнгөсөн. Ингээд 180 мянган гишүүн бүгд нэр дэвших эрхтэй боллоо гэсээр шаагилдан тарцгаасан. Нөгөө хашрууд нь араас нь 250 сая төгрөгийн 180 мянган ширхэг нэхэмжлэлээ бүгдэд илгээсэн бололтой. Монголд анх удаа тэрбумтан дарга нарын ил тод сонгууль ийнхүү АН-ын их хурлаар батламжлагдан зарлагдлаа. Товчдоо АН-ын акулуудын намаржин найруулсан хорний үнэр сэнхийж 250 сая тусгай ажиллагаа эхлээд байгаа юм байна.
Хувьдаа их баяртай байна. Юу ч үгүй, надад компани байхгүй, хэдэн мал, загасны уурга байгаа гэх зэргээр толгойгоо илж зогсдог улстөрчдөөс АН-ын тэрбумтнууд анх удаагаа бэл бэнчингээ зөвшөөрч байна. Тэд бэлэн 250 сая бариад мандатаа авч буй бололтой. Энэ жишгээр мөнгөтэй, хөрөнгөтэй гэдгээ нууж, соц нийгэмд байгаа мэт баг зүүж, олны өмнө ядуугийн гивлүүр зүүж явах хэрэггүй юм.
Ер нь бол хөрөнгө орлогын мэдүүлгээрээ ч манай улс төрийн хүрээнийхэн, төрийн түшээд Монголдоо байтугай гадаад ч гоочлуулаад байхгүй хөрөнгө бэлтэйг нь багцаалдаж болохоор харагддаг.
Жил бүр 10 сая төгрөг тойрогтоо хуваарилуулаад хүрэхгүй байна гэж нойргүй хонодог утгатай ярилцлага өгдөг түшээд байж л байдаг. Гэхдээ 500 саяыг дэрлээд шахуу унтдаг баян гэдгийг нь ард түмэн мэдэж л байгаа. Үүнийг нь зөвшөөрөх шүтэх хандлагатай ч болж. Мөнгөгүй хүн улс төрд орох тухай бодох хэрэггүй. Бүр багын дарга болоход ч шаг хийсэн мөнгөтэй байх шаардлага бий болоод байгааг бүгд харж байна.
Нөгөө талын асуудал бол АН нам ялагдсан. Санхүүжүүлэгч хандивлагч нар нь үргээд эхэлсэн байгаа. Манай улс төрийн намуудын санжүүжилт ялалт ялагдал хоёрын дунд нэг нимгэрч, хэт зузаарч явдаг далд сүлжээтэй, тендерийн шахаан дээр оршиж байдгийн гор АН-ын энэ сунгаан дээр харагдаж байна. Дөрвөн жил мөнгөн дээр "таанц” эргэж байхдаа гишүүдийнхээ төлөө жоохон мөнгө ч хаяагүй АН-ынхан одоо 180 мянган гишүүнээ цахимжуулж, алган дээрээ харахын тулд тэрбум хол давсан мөнгө хаяахаар нэр дэвшигчдээ сандрааж байна. Цаагуураа бас энэ бүх том тоотой төслийн ард өрсөлдөгч нараа цөөрүүлж өөх махтай нь дагнан өрсөлдөхөөр тооцсон байхыг ч үгүйсгэх аргагүй.
АН-ын даргын сунгааны 250 саяын " такс” дуу алдах сэдэв биш. Үүнд мөнгөө өгөөд үзнэ гэж байгаа хэдийг ч халаглаад байх юм алга. Болилоо гээд гарч байгааг нь ядуу юм байна гэж өрөвдөөд байх ч зүйл байхгүй. Харин улс даяараа хайгаад үгүйлээд байгаа нийгмийн үнэт зүйл, ардчиллын мөн чанар энэ мөнгөний жишгээр бүдгэрэх үү гэдэг нь асуудал. Ер нь үзэл бодол, хөтөлбөр биш хөрөнгө мөнгө өрсөлддөг байдал улс төрийн инстүүцдээ хавтгайрвал нийгэм жинхэнэ утгаараа үнэ орж эхэлдэг.
Пүрэвжавын Баярхүү / тоймч /
http://www.shuud.mn/content/read/477208.htm