БОДЛОГЫН ХҮН БОСГО ДАВАХГҮЙ НЬ
Улс төрийн намууд 2016 оны сонгуульд УИХ-д нэр дэвшигчдээ тодруулж эхэлж байна. Өнөөдөр эцсийн хугацаа. Нэр
дэвшигчдээ тодруулахдаа хоёр шат, шалгуурыг үндэслэнэ. Юу түрүүнд, аймаг, дүүргийн намын хороодоос нэр дэвшүүлэх хүмүүсийг олонхийн саналаар тодруулж, түүнийг намын дээд байгууллагын хурлаар хэлэлцэж эцэслэн батлах учиртай. Энэхүү шийдвэрийг эцэслэн гаргах МАН-ын Бага хурал болон АН-ын ҮЗХ-ны хурал өнөөдөр болно.
Тэгвэл нэр дэвшигчийг тодруулах үйл явц намуудад нэлээд хүндрэл
үүсгэж байгаа аж. Учир нь ямар ч улс төрийн хүчинд өөрийн бодлогын
хүнийг төрд оруулж ирэх хэрэгцээ шаардлага байдаг. АН-ын дарга
З.Энхболд, МАН-ын дарга М.Энхболд нарын хувьд УИХ-ын одоогийн гишүүдээ
дэмжиж нэр дэвшүүлэх амлалтыг албан бусаар өгсөн ч одоо үйл явц хийгээд
зарчим тэдний эсрэг өрнөж байна. МАН-ын улс төрийн бодлого тодорхойлогч
байгууллагын хувьд Удирдах зөвлөл нь нэр дэвшигчдийн тодруулан Бага
хурлаараа хэлэлцүүлэх товтой байна. Удирдах зөвлөлөөрөө гол асуудлаа
багцалдаг, намын шийдвэрийг сөрж тэмцэлдээд байдаггүй МАН-ын хувьд
эндээс гаргасан нэрсийг Бага хурлаараа тийм ч их хэрүүл тэмцэлгүйгээр
батламжлан гаргах нь бараг тодорхой. Иймээс Удирдах зөвлөлөөс хэн хэнийг
нь аль аль тойрогт нэр дэвшүүлэхээр санал гаргах нь гол шийдвэрлэх
үүргийг гүйцэтгэнэ. Гэвч МАН-ын Удирдах зөвлөл одоогоор тодорхой болсон
нэр дэвшигчдээ мөн л нууц санал хураалтаар батлан Бага хуралдаа оруулж
ирэх бололтой. Тиймд УИХ-ын гишүүд нь дахин нэр дэвших бүрэн баталгаатай
гэж найдахад эрт байна.
Харин АН-ын хувьд байдал нэлээд төвөгтэй, эргэлзээтэй байгаа аж. Тус намын хувьд нэр дэвшүүлэлтдээ хэт ардчилалтай харагдахыг хүсч байгаа нь эсрэгээрээ сөрөг үр дагавар үүсгэж эхэлсэн. Намын дарга, удирдлагын зүгээс заавал нэр дэвшүүлэх, тойрог хуваарилах шаардлагатай, амлалт өгсөн "бодлогын хүмүүс” цөөнгүй бий. Гэтэл тэдний нэр дэвшүүлэхийг хүссэн хүн гарч ирэхгүй байх магадлалтай боллоо. Тухайлбал, аймаг, дүүргийн намын хороодоос нь нэр дэвшүүлэхээр болсон хүмүүс дунд тэдний тооцоолсон хүмүүс алга байх тохиолдол олонтаа гарлаа. Хэд хэдэн аймагт УИХ-ын гишүүдийн нэр намын хорооныхоо босго давж чадсангүй. Намын хорооны босгыг даваагүй хүмүүсийн хувьд нэр дэвшигчдийг эцсийн байдлаар тодруулах намынхаа хуралд найдлага тавьж буй. Гэвч Сонгуулийн тухай хуульд энэхүү хурлаар нэр дэвшигчдийг тодруулахдаа нууцаар санал хураана гээд заачихсан нь дээрх найдлагыг багасгаж байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, намын дарга нар нь хэчнээн бодлогын хүнээ нэр дэвшүүлэх хүсэлтэй байсан ч намын нууц санал хураалтаар тухайн нэр дэвшигчийг унагаачих магадлалтай гэсэн үг.
Нам дотроо нэр дэвшихээр яригдаад аман тохироо хийгээд байсан
эрхмүүдэд ямар ч баталгаа алга. Жишээ нь, ИЗНН-ын гурван гишүүн АН-аас
нэр дэвших гээд намын дарга З.Энхболдтой хэдийнэ тохирчихсон гэж байгаа.
МҮАН-аас Н.Батцэрэг, М.Сономпил нар мөн л АН-аас нэр дэвших
болзолтойгоор хүлээж буй. Тэд тус намаас тухайн тойрог дээрээ нэр дэвших
сонирхолтой байсан АН-ын хэн нэг хуучин гишүүний боломжийг булааж байж
дэвших эрхээ авна. Үүнд намын олонхи гишүүн таатай хандаж, ойлгож хүлээж
авна гэдэг нь нэн эргэлзээтэй. Учир нь нэр дэвшигчийг тодруулах
ажиллагаа нууц санал хураалтаар явагдах тул санал өгөх хурлын
төлөөлөгчид бүхнийг шийднэ. Намын дарга нарын ямар ч амлалт тэнд
үйлчлэхгүй. Бодлогын хүн учраас нэр дэвшүүлэх ёстой гэж хэчнээн зүтгээд
нэмэргүй. Хурлын төлөөлөгчид нам сэлгэн орж ирсэн эрхмүүдэд санал
өгөхгүй байх тун өндөр магадлалтай. Нэр дэвшүүлэх ажиллагаа намын
бодлогоор явагдах ч төлөөлөгчдийн үзэмж, үнэлэмж эцсийн шийдвэрт
нөлөөлнө. Тиймээс энэ удаагийн сонгууль намын "Бодлогын хүн” гэх
ойлголтыг бүрэн үгүйсгэсэн хувилбараар өрнөж мэдэх нь. Ийм таамаг хийх
нэг шалтгаан байна. Өчигдөр, уржигдар болсон АН-ын аймаг, дүүргийн намын
хорооны хуралдаан дээр УИХ-ын гишүүд уналаа. Тухайлбал, МҮАН-аас АН-д
элсч, Өвөрхангай аймагт нэр дэвших сонирхолтой байсан Н.Батцэрэгийг
аймгийнх нь намын хороо унагажээ. УИХ-ын гишүүн М.Батчимэг Орхонд,
Л.Эрдэнэчимэг сонгогдсон тойрог Сонгинохайрханыхаа намын хорооноос
дэмжлэг авч чадсангүй. Гэхдээ эцсийн шийдвэрийг өнөөдөр ҮЗХ гаргана.
Д.ДАМДИНЖАВ /АРДЫН ЭРХ/