У.Хүрэлсүхийн мөрөөдлийн дүр С.Мөнхчулуун
Будаг нь ханхалсан шинэхэн хотын мэр С.Мөнхчулуун У.Хүрэлсүхийн хэлсэн үгний нотолгоо болон гарч ирлээ. Алтан цаг, брэндийн цүнх, барьсан үзэгнээсээ ичихийг боловсон гэгч нь түшээдэд уриалсан Ерөнхий сайдын сануулга ид шидийн гэмээр хөрсөн дээр буусан тэр өдөр улс төрийн түүхэнд алтан үсгээр бичигдэх нь гарцаагүй. С.Мөнхчулуун Орбитын Цэргийн хотхоны хүүхэд, эгэл жирийн цэргийн даргын гэр бүлээс гаралтай нэгэн. Толгойтын 42-р сургуулийг дүүргэсэн сурлага сайтай хүү хотын мэр болсонд Сонгинохайрхан дүүрэг даяар баяр хөөр болж байгаа сурагтай. Түүнийг дүүрэгтээ Тамгын газрын дарга хийхэд иргэд ихэд халуун дотно байсан юмдаг.
Өнөөдрийг хүртэл чив чимээгүй дэвшиж гарсан 1-р хороолол орчмынхоо асуудлыг дэс дараалан шийдэж суусан даруухан имижтэй НИТХ-ын төлөөлөгч магадгүй хамгийн чанга дуугарч харагдсан нь хотын даргад нэр дэвшсэн явдал биз. С.Мөнхчулуун гэрийн даалгавараа маш сайн хийжээ. Түүнийг зориод очсон хэн ч хийсэн бүтээсэнтэй нь танилцахад нүүр бардам байгаа нь үргэлж муугаар дуудуулдаг улс төрчдийн түүхэнд нулимс дуслам үйл явдал.
Төрийн ажлыг стандартын дагуу хийж гүйцэтгэж улс төрд хөл тавьсан үндсэн үүргээ яв цав биелүүлж чадаж байгаа хэний ч хүүд боломж ирдэг болохыг энэ үйл явдал нотоллоо. С.Мөнхчулуун шударга үнэний дарцаг болон намирч байна. У.Хүрэлсүхийн бяртай мэдэгдэл эзнээ олсноор улс төрийн хөөсрөл дарагдах шатандаа орлоо шүү.