Хууль ЗӨРСӨН ҮҮ, хүн ЗӨРСӨН ҮҮ?

Хууль ЗӨРСӨН ҮҮ, хүн ЗӨРСӨН ҮҮ?

 

Өнгөрсөн есдүгээр сарын 22-ны өдөр НИТХ-ын XI хуралдаан эхэлж, НИТХ-ын дарга Ц.Сандуйгийн огцрох хүсэлтийг дэмжсэн билээ. Улмаар НИТХ-ын шинэ даргыг сонгох санал хураалтад НИТХ дахь МАН-ын бүлгээс төлөөлөгч Д.Баярсайхан, заалнаас төлөөлөгч С.Амарсайхан нар өрсөлдсөн ч саналын тоо тэнцэж, бүлгээс ажлын таван хоногийн завсарлага авсан. Харин өчигдөр уг завсарлагын хугацаа дуусч, НИТХ-ын XI хуралдаан үргэлжиллээ. Өглөөний 10 цагт хурал товлогдсон боловч нэг ч төлөөлөгч цагтаа ирсэнгүй. Харин 47 минутын дараа 35 төлөөлөгч хүрэлцэн ирснээ мэдэгдэв. 11.15 цагт ирц 84 (45-аас 38) хувьд хүрлээ. Энэ үеэр НИТХ дахь МАН-ын бүлэг хуралдаж байгаа гэдгээ мэдэгдсэн.

 

12 цаг

НИТХ дахь МАН-ын бүлэг хуралдаж байх үед чимээ аниргүй байсан Хангарьд ордны 14 давхарт Хархорин худалдааны төв, 32-ын тойрог орчимд худалдаа наймаа эрхэлдэг иргэд дуу шуугиантайгаар орж ирлээ. Нийслэлийн гудамж, талбайд худалдаа эрхлэхийг хориглосон шийдвэр жижиглэн худалдаа эрхлэгчдийн амьжиргаанд хүндээр туссан учир холбогдох бүх шатны байгууллагад хандсанаа жагсагчид сэтгүүлчдэд мэдээлсэн юм. Тэд НИТХ-ын төлөөлөгч, УИХ-ын гишүүн асан С.Одонтуяад удаа дараалан хандсан боловч нааштай хариу авч чадаагүй гэнэ. Шийдвэр гаргах явцыг хурдасгахын тулд 12 жагсагч долоо хоногийн турш нойтон өлсгөлөн зарлаж байгаа бөгөөд гурвынх нь биеийн байдал муудсан аж. Жагсагчдын мэдээлснээр өлсгөлөнг зогсоо хэмээн удаа дараалан заналхийлсэн төдийгүй олон нийтийн сүлжээнд (фэйсбүүк) хүүхдүүдийнх нь зургийг нийтэлж нүдийг нь сохолно гэжээ. Жижиглэн худалдаа эрхлэгчид Цагдаагийн ерөнхий газрын Кибер аюулгүй байдлын хэлтэст хандсан боловч тодорхой хариу гараагүй байгаа, тиймээс уг асуудлыг шийдвэрлэх хүртэл хуурай өлсгөлөн зарлана гэв.

 

12.25 цаг

Нийт 45 төлөөлөгчийн 41 нь хүрэлцэн ирснээр хуралдаан 91.1 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдааныг удирдсан төлөөлөгч Н.Батсайхан асуулт асуух, санал хэлэх төлөөлөгч байгаа эсэхийг тодруулахад НИТХ дахь МАН-ын Бүлгийн дарга С.Мөнхчулуун бүлгийнхээ шийдвэрийг танилцуулж, завсарлагаа сунгах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Ийнхүү хуралдааны дэгийн 4.5-д заасны дагуу МАН-ын бүлэг ахин ажлын таван хоногийн завсарлага авахаар боллоо. Нийслэл Улаанбаатар хотын "УИХ-ын дарга”-ыг аравдугаар сарын 9-ний 10 цагт хуралдаж сонгохоор болж байна. Энэ талаар төлөөлөгчид байр сууриа илэрхийллээ.

 

НИТХ-ын төлөөлөгч С.АМАРСАЙХАН:

-Нэр дэвшигчдэд дахин санал хураах, эсвэл шинээр нэр дэвшигчид бүртгэх асуудлын тухайд хуульд бүх зүйлийг тодорхой заасан байгаа. Санал хураагаад тэнцсэн тохиолдолд дахиж санал хураах ёстой. Бүлгийн хуралдаанд хуулийн заалтуудын талаар хэлэлцсэн. Хууль зөрчиж нэрээ тат гэж байна, бас хуулиас гадуур үйлдэл хий гэж шахаж байна. Нийслэлийн МАН-ын бүлгийн хурлыг зохих ёсоор явуулж чадахгүй байгаагаас болж өнөөдрийн хуралд завсарлага авч байгаа юм. Намын бүлгийн хурал биш гэр бүлийн хурал шиг, эсвэл хувийн компанийн хурал шиг л болж байна. Нийслэлийг өнгөрсөн хугацаанд өмчилж, хэн нэгэн дуртай шийдвэрээ гаргадаг, дургүй бол гацаадаг, өөрт нь ашигтай бол урагшлуулдаг, ашиггүй бол ухраадаг үйлдэл ил тод болж байна. Тодорхой явцуу улс төр хийж байгаа, ярьж байгаа цөөхөн хүнээс дарамт ирсэн. Гэхдээ би нэрээ татахгүй. Нөхөд маань намайг заалнаас нэр дэвшүүлсэн. Байр сууринаасаа ухрахгүй. Энэ бүх асуудалд хуулиас гадуур, хувийн эрх ашиг харсан сонирхол, буруу зөрүү тайлбар байж болохгүй.

 

НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.МӨНХЧУЛУУН:

-Дахин санал хураах ёстой юу, эсвэл дахин нэр дэвшүүлэх үү гэдэг асуудал сөхөгдсөн. Бүлэг дээр зөвшилцөж, нэгдсэн байр сууринд хүрэх ёстой. Дараа нь ямар нэг байдлаар гомдол гаргаж, шүүхэд маргаан дагуулахгүйн тулд, хамгийн гол нь НИТХ цаашдаа бүрэн чадамжтай явахын тулд уг асуудлыг эцэслэн шийдэх ёстой юм. Дээд шүүхийн тайлбартай холбоотой хуулийн маргааныг хэлэлцэнэ. Бидэнд залуу хуульчдын клубээс албан бичиг ирсэн байна. Тус албан бичигт "Нэгжийн тухай хуулийн 11.4, 11.5 дугаар заалтын дагуу хамгийн олон санал авсан хоёр төлөөлөгчийг дахин санал хураалтад оруулна гэж байгаа. Харин Дээд шүүхийн тайлбар дээр 11.4, 11.5 дугаар заалтын дагуу нэр дэвшигчдийн хэн нь ч олон санал аваагүй бол хоёр нэр дэвшигчийг дахин санал хураалтад оруулахгүй” гэж тайлбарласан байна. Ингээд бүлэгт хоёр байр суурь үүссэн учраас эцэслэн шийдвэрлэхийн тулд завсарлага авсан.

 

НИТХ дахь A Н-ын бүлгийн дарга Ц.БААТАРХҮҮ:

-МАН-ын бүлгийн авсан ажлын тав хоногийн завсарлага өнгөрсөн баасан гаригийн 16 цагт дууссан. Өнөөдөр НИТХ хуралдах ёстой байсан боловч МАН-ын бүлэг дотроо дарга цэргийнхээ асуудлыг шийдэж чадаагүйгээс болж дахиад долоо хоногийн завсарлага авч байна. Энэ завсарлагыг ингэж олон хоногоор сунгах шаардлага байхгүй. 2018 оны үндсэн чиглэлийг аравдугаар сарын 5-ны дотор Засаг дарга НИТХ-д өргөн барьж, бид хэлэлцэх ёстой. Энэ XI хурлыг хааж байж тэр асуудлыг хэлэлцэх дэгтэй. Нийслэлийг тасралтгүй бодлогоор хангаж ажиллах ёстой байтал эрх баригч нам боломж гаргаж өгөхгүй байна.

 

Төлөөлөгчдийн байр суурь, өнгөрсөн хуралдааны явц, мөн МАН-ын дотоод үйл ажиллагаа зэргээс дүгнээд үзвэл НИТХ-ын даргыг сонгох гэж ингэж удах нь гарцаагүй. Яагаад гэвэл МАН-ыг нэлэнхүйд нь хамарсан бүтэц, удирдлагын өөрчлөлт одоо болтол шийдэгдэж дуусаагүй байна. Хэдийгээр 30 дахь Ерөнхий сайдаар Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхийн нэр МАН-ын Бага хурлаар тодорсон авч Засгийн газрын бүрэлдэхүүн эцэслэгдэн шийдэгдээгүй. Түүнчлэн УИХ дахь 65-ын бүлгийн амин сүнс болсон МАН-ын дотоод фракциуд 2020 он хүртэл манай улсын хувь тавиланг шийдэх өндөр ач холбогдолтой хэвээр байх болно. Чухам тэдний ашиг сонирхол, сэтгэл ханамжаас дараагийн гүйцэтгэх засаглалыг хэрэгжүүлэгчдийн ирээдүй шууд хамаарах тул Монгол Улсын ууган улстөрийн хүчин МАН алхам бүрээ цэгнэж байгаа хэрэг. Цаг хугацааны хувьд ч НИТХ дахь МАН-ын бүлгийн завсарлага авч байгаа хугацаа шинэ Ерөнхий сайдын танхим тодорч эхлэх үетэй давхцаж байгаа. Энэ бол яавч тохиолдол байх учиргүй. Гэхдээ хуулийн заалтууд эсрэгцэж, эргэлзээ үүсэх нөхцөл бүрдүүлж байна, үүнийг сайтар судалж шийдвэрлэнэ гэсэн НИТХ дахь МАН-ын бүлгийн шийдвэр дээрх "тохиолдлын бус" гэмээр давхацлыг тохиолдол болгож харагдуулах ул суурьтай үндэслэл яах аргагүй мөн. Үүн дээр нэмээд НИТХ-ын даргад нэр дэвшигч эрхэм ашиг сонирхлын зөрчил, цаашлаад бүлгийн хэмжээний зөрчил үүссэнийг яриандаа цухас дурдаж, бидний таамаглалыг бараг л баталгаажуулж орхилоо. Тэгэхээр хуулиуд хоорондоо зөрсөн үү, хүмүүс хоорондоо зөрчилдсөн үү гэж өөрсдөөсөө асуух шаардлага бараг үгүй болж байна даа.



Т.ЖАРГАЛСАЙХАН /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen