Сталин, Гитлер нар уулзсан уу

Сталин, Гитлер нар уулзсан уу

 

ФАШИСТУУД ЕВРОПЫГ ХУВААЖ АВАХ САНАЛЫГ БОЛЬШЕВИК ГҮРЭНД САНАЛ БОЛГОСОН

Хүн төрөлхтний түүх нууц, бүтэлгүйтэл, эмгэнэл, ололт, ялалтаар ямагт дүүрэн байх юм. Нэг мөр болгож эцэслээгүй түүх зөндөө үлдсэний зөвхөн ганц нь гарчигт өгүүлсэн үйл явдал болно. Энэ талаар ам дамжсан элдэв яриа бидний үеийнхний дунд түгээмэл байдаг. Халхын голын байлдааны төгсгөл, түүний дараах Зөвлөлт улсын баруун тийш үйлдсэн “чөлөөлөлт”, нацист Германы Гадаад хэргийн сайд нь Москвад хоёр удаа ойр ойрхон морилсон гэхчлэн түүхэн нугачааг одоо ч хүртэл бүрэн тайлж чадаагүй, үйл явдал нь ил болсоор байна.

Энэ тухай, чухамдаа коммунист СССР-ийн их жолоодогч, нацист Германы их фюрер нар уулзсан эсэх асуудлыг хөндөж эрхэм Баабарын хөрвүүлсэн Оросын зохиолч Э.С.Разинскийн “Сталин” номоос дор бүрэн эхээр нь эшлэе.

Тун удалгүй Чехословак улс алга боллоо. 

Xолбоотнууд Чехословакийг Гитлерт өгчихжээ. Мюнхэнд хэлэлцээ болж өнгөрөв. Англи, Францын Ерөнхий сайд Чэмбэрлэн, Даладье нар Гитлерийг тайвшруулаад энх тайван тогтоочихлоо гэж итгэсэн хэрэг. Чехийн хүчирхэг хамгаалалт ганц буун дуу гаргалгүй ухарлаа.

Байлдах өндөр чадвартай Чехийн дивизүүд алга болов. Тун удалгүй Чехословак улс алга боллоо. Мюнхэний хэлэлцээрийн тухай 1938 оны есдүгээр сарын 29-нд Москва мэдлээ. Шөнөжин улс төрийн товчоо хуралдав.

(шөнө хуралдана гэдэг асуудлыг ноцтой хүлээж авлаа гэсэн үг). Гадаадад томилолтоор яваад эзгүй байсан Гадаад хэргийн ардын комиссар Литвиновыг өрнөдийн ардчилалтай холбоотон болох талын хүн байсан мэтээр “Эзэн” буруутгаж, элдвээр хараав. Чухамдаа “тийм мэтээр”. Үнэндээ дипломат үйлдэл болгоны цаана үргэлж “Эзэн” ганцаараа л байдаг.

Одоо болохоор Литвиновын бодлогын гайгаар Франц, Англи улс Мюнхэний хэлэлцээрээр дамжуулан Гитлерийг СССР рүү тухирч байгаа болчихов. Ийм муухай урвалтаас болоод Сталин асуй түрэмгийллээс холдох гарц хайхаас өөр аргагүй болж байгаа дүр зурагтай болж байна. Бэлтгэж буй эргэлтээ зөвтгөх ийм арга олжээ.

Брестийн шинэ хувилбар болгон Гитлертэй холбоотон болох арга замыг бэдэрлээ. Бодож олсон аргынхаа амжилтад “Эзэн” огт эргэлзсэнгүй. Тэрбээр Гитлер цаашид яахыг мэдэрч байлаа, фюрер түүнтэй яг адилхан шүү дээ. түүнийг юу ч цатгана гэж байхгүй. Чехословак бол дөнгөж эхлэл. Улам цаашлахын тулд Гитлер СССР-тэй холбоотон болох ёстой. Гитлер улам цаашилж капиталист ертөнцийг сөнөөх юм бол Сталин түүнд холбоотон болоход бэлэн!

Гитлер яаран адгаж байлаа, учир нь Польш руу довтлохын өмнө бүх юм тодорхой байх ёстой аж.

Одоохондоо тэрбээр дагнасан алхам хийж байлаа. 1939 оны тавдугаар сарын 3-нд Литвиновыг улс төрийн товчоогоор оруулан ажлаас нь хуслаа. Засгийн газрын тэргүүн Молотовт энэ албыг хавсруулах болсон нь гадаад бодлогодоо хэрхэн анхаарч буйг харуулж буй хэрэг юм. Литвиновыг өөр ямар ч ажилд шилжүүлсэнгүй, энэ бол үхэл гэдгийг ч тэр ойлгож байв.

Удтал хүлээсний эцэст “Эзэн”-д хандан өршөөл эрсэн захидал бичлээ, хариу байдаггүй ээ. Түүнийг одоохон баривчлагдана гэж хүлээгээд байдаг, харин түүнд хэн ч гар хүрэхгүй удсаар байхыг цөмөөрөө гайхцгаав. “Эзэн” Гитлертэй холбоотон болох арга саам хайхын сацуу шатрын хөлгөө үргэлжлүүлж байсны нэг баталгаа нь энэ юм.

Цааш бүх юм “Эзэн”-ий таамагласнаар хөвөрлөө. Гитлер Польшийн хилд тулангуут Чэмбэрлэн польшуудад түрэмгийлэлд өртвөл тусална гэж амлахаас өөр аргагүй болов.

Сталинтай холбоотон болох нь Гитлерийн хувьд зайлшгүй зүйл боллоо, харин “Эзэн” түүнийг айлгасаар. Ворошилов тэргүүтэй цэргийн төлөөлөгчид Англи, Францтай хэлэлцээнд суусаар. Одоо Гитлер тэсэхээ байж ажиллагаанд оров. Шүлэнбэрг Молотовтой нууц хэлэлцээ хийж дуусав. Зөвлөлтийн сонинуудын зүхлийн бай Германы Гадаад хэргийн сайд Риббэнтоп Германы сонинуудын хараалын бай Москвад айлчлан ирэхэд бэлнээ мэдэгдэв. Фашистууд Европыг хувааж авах саналыг большевик гүрэнд санал болгож байна. 

Гитлер яаран адгаж байлаа, учир нь Польш руу довтлохын өмнө бүх юм тодорхой байх ёстой аж. Риббэнтроп Шүлэнбэргт шифрээр цахилгаан илгээжээ. Тагнуулчид идэвхитэй ажиллана, одоо “Эзэн” фюрерийн адгаж байгааг мэдээд авлаа. “Эзэн” тэрнийг гартаа оруулчихжээ. Наймдугаар сар дундаа орлоо. Гитлер цааш хүлээх цаггүй болов, удахгүй бороошиж зам там болно. Гитлерийн тэсвэр барагдаж, “Эзэн”-ий тавьсан болзол болгоныг үг дуугүй хүлээн авчээ.

Нууц протоколд Гитлерийн Сталинд төлсөн үнийг бичжээ.

“Эзэн”-ий хувьд энэ сонголт нь зарчмын асуудал биш юм. Гитлер ч, өрнийн ардчилал ч түүний дайсан, ингэхээр алинтай нь ч холбоотон болсон ялгаагүй аугаа мөрөөдөлд хүрэх нүүдэл мөн. Гэвч тэр Гитлерийг үзэн яддагаа далдын далд хийснээр бэрсээ шидэж өгсөн хэрэг юм. Гитлерийн холбоотон болчихоод дэлхийн ардчиллын жолоодогч болно гэдэг хэцүү хэрэг, гээд юутай ч Коминтернийг золигт гаргав. Өгснөө эргүүлж авна гэдгээ тэр сайн мэдэж байв. Юутай ч газар нутгаа өргөтгөх хэрэгтэй.

“Бид ч биенээ овоохон зүхцгээлээ дээ, тиймээ” ийм үгээр тэрбээр Риббонтроптой Кремльд яриагаа эхэлжээ. Гурван цаг ярилцсаны эцэст тэд санаагаа бүрэн нэгтгэж, Дорнод Европыг хувааж авцгаав. “Эзэн”-ий нэмэлт санал болгоныг цаадах нь тэр дороо хүлээж авчээ. Харилцан үл довтлох гэрээ болон нууц протоколд гарын үсэг зурцгаав.

Гарын үсгийг мэдээж Сталин биш Молотов мутарласан юм. Дуусаад хүлээн авалт хийв, элбэг дэлбэг хоол ундтай, бас “Эзэн”-ий дуртай хундаганы үгтэй. Согтохгүйгээр их ууж чадах чадвараараа Молотов зочдыг гайхуулав.

Сталин Гитлерийн эрүүл мэндийн төлөө, харин нацист сайд Сталины төлөө хундага тогтоов. Дараа нь Германы төлөөлөгчид гэрээний төлөө, хамтын ажиллагааны шинэ эриний төлөө маш их ууцгаав. “Эзэн” шоглоомойгоо илтгэж тэнд байсан Кагановичийн эрүүл мэндийн төлөө тогтоохыг уриалснаар Риббэнтроп жүүдийн төлөө хундага татлаа (Каганович мөн Гитлерийн эрүүл энхийн төлөө хундага өргөсөн).

Хэлэлцээ дууслаа. Нууц протоколд Гитлерийн Сталинд төлсөн үнийг бичжээ. “Балти орчмын улсуудад газар нутгийн болон улс төрийн өөрчлөлт хийх”, “Бессарабид өөрийн сонирхлоо хэрэгжүүлэх” эрх авлаа. Мөн Польшийн хэсэг түүнд ногдов.

СТАЛИН ГИТЛЕРИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨЛӨӨ, ХАРИН НАЦИСТ САЙД СТАЛИНЫ ТӨЛӨӨ ХУНДАГА ТОГТООВ

Гэрээнд гарын үсэг зурах ёслолын дараа Гитлерт бэлэг барьж, хорих лагерьт сууж байгаа хуучин Коминтерний үлдэгдэл болох австри, герман коммунистуудыг Германд хүлээлгэн өгч гестапогийн гарт атгууллаа.

Маргааш нь Ворошилов Англи, Францын төлөөлөгчдөд мушилзан байж тайлбарласан нь: “Нөхцөл байдал өөрчлөгдсөн тул хэлэлцээг цааш үргэлжлүүлэх нь утга учиргүй боллоо”.

Гитлер Польшид халдлаа. Англи, Франц хоёр улс Германд дайн зарлав. “Эзэн”-ий тоглолт зөв байж, Гитлер Европыг эргэлтгүйгээр дэлхийн дайнд татан орууллаа. Бүхнийг хамарсан хямрал илэрхий болж, аугаа мөрөөдөл рүү чиглэх зам нээлттэй болов.

Гэвч шатрын өрөг үргэлжилсээр. Сталин ажиллаж эхэллээ. Хувьсгалын дараа Романовын эзэнт гүрний нутгаас алдсаныгаа эргүүлэн авав. Есдүгээр сарын 17-нд улаан цэрэг германчуудад нухуулаад байсан Польшид хавсран довтлов. “Польш улс алга болж байгаатай холбогдуулан тэнд буй украин, белорусс цөөнхийн эрхийг хамгаалахын тулд Зөвлөлтийн цэрэг Польшид орлоо”. Ингэж дотооддоо болон бүх дэлхийд зарлажээ.

Есдүгээр сарын 17-нд улаан цэрэг германчуудад нухуулаад байсан Польшид хавсран довтлов.

Гитлер үүнийг нь хүлээж авсан төдийгүй Зөвлөлт, Германы хамтарсан мэдэгдлийн шинэ редакцыг нь ч авлаа. Гитлерийн дайнч мэдэгдлийн оронд “Эзэн” өөрийн дуртай үзэл суртлын хэллэгээ нэмсэн нь: “Энх тайвныг тогтоохын тулд, Польш улс задарснаас үүссэн эмх замбараагүй байдлыг арилгахын тулд, Польшийн ард түмэнд туслахын тулд”, товчхон хэлэхэд Польшийн тусын тулд Польшийг эзэлжээ!

Романовын эзэнт гүрэнд харъяалагдаж байсан Баруун Украин, Баруун Белорусс шинэ эзэнт гүрний мэдэлд ирлээ. Тэрбээр Литвад том бэлэг барив. Литвачуудын эргүүлж авахыг олон жил мөрөөдсөн Вильнюсыг тэдэнд өгчээ. Литва даяар бөөн баяр хөөр. Харин ухаалаг литвачууд ингэж хэлж байв, “Вильнюс биднийх боллоо, харин бид Оросынх боллоо”.

Есдүгээр сарын сүүлчээр Риббэнтроп дахин Москвад ирэхэд “Эзэн” Балтийн орнуудыг бүгдийг нь нэхлээ. Урьд нь Германы нөлөөллийн бүсэд хамарч байсан литвийг хүртэл. Тэрбээр мөн нефтиэр гачигдаж байгаа Германаас Польшийн газрын тостой район болох Борислав, Ррогобычийг гуйн авч дөнгөв.

Шанд нь Германд нефть зарах амлалт өгчээ. Англи, Францтай очоод нийлчихээс нь үхтлээ айсан Гитлер хэлсэн болгоныг нь зөвшөөрөв. Дахиад л Кремльд хүлээн авалт болж, дахиад л Германы сайд хундага тогтоон ард түмний найрамдлын төлөө, бүх дэлхийд энх тайван тогтоохын төлөө ерөөл хэллээ. “Эзэн” шоглоомтой эр гэдгээ дахин харууллаа.

“Оросын бүх юм далд мөртөө нууц юм юу ч байдаггүй...” мөхсөн Польшийн эзлэгдсэн нутагт Сталин, Гитлер нарын нууц уулзалт болсон тухай яриа нэлээд газар авсан байдаг.

Харин ухаалаг литвачууд ингэж хэлж байв, “Вильнюс биднийх боллоо, харин бид Оросынх боллоо

1972 онд Львовт нэгэн настай төмөр замчинтай уулзаж ярилцсан юм. Тэрбээр 1939 оны 10 дугаар сард энэ хотод ирсэн галт тэрэгний тухай, тэрний хамгаалалтын тухай, вокзалын талбай руу хэнийг ч оруулахгүй байсан тухай, ямар ч вагон тийш нь нэвтрүүлэхгүй байсан тухай ярьсан юм.

Тэр байтугай өдрийг нь ч санаж байна, 1939 оны аравдугаар сарын 16- ны өдөр. АНУ-ын үндэсний архиваас олдож, “Комсомольская правда” сонинд фото хуулбарыг нь тавьж шуугиан тарьсан баримтын зургийг хараад энэ огноог эргэн санаж билээ.

1940 оны долдугаар сарын 19. Хүндэт төрийн нарийн бичгийн даргын туслах Адольф Бөрл таны гарт маш нууц... маш нууцлагдсан эх сурвалжаар авсан мэдээгээр бол Германчууд болон Оросууд Польшид довтолсны дараа 1939 оны 10 дугаар сарын 17-нд Львов хотноо Гитлер, Сталин нар нууцаар уулзсан байна.

Энэхүү нууц хэлэлцээгээр нэгэнт хэрэгцээ нь өнгөрсөн өмнөх гэрээг шинэчилсэн цэргийн холбоотон болсон баримт бичигт Гитлер, Сталин нар гарын үсэг зуржээ... Таныг хүндэтгэсэн Ж.Эдгар Хүүвэр”.

Ийнхүү баримтын дор холбооны мөрдөх товчоог олон жил толгойлсон алдарт Хүүвэр гарын үсэг зуржээ.

1972 оны сүүлчээр нууцын зэрэглэлээс гаргасан тэмдэглэл баримт дээр бас байна. Баримтын үнэн мөнөд итгэж байлаа ч гэсэн цаад мэдээлэлд нь бид эргэлзсэн хэвээр байлаа. Хүүвэрт очсон энэ мэдээлэл хуурамч байж болно шүү дээ. Гэвч нууц баримтыг хэвлэсэн явдал мөнөөх төмөр замчны ярьсан 10 дугаар сар гэсэн огноотой бас л таарч байгаа тул эргэж шалгамаар санагдах болов.

Үүнийг шалгах бараг бололцоогүй гэдгийг ойлгож байлаа. Ийм юм болсон байлаа ч бүхий л мөр, баримтыг Сталин устгасан байж таарна. Тэгэхээр нь санаанд оромгүй эх сурвалж руу өнгийхөөр шийдлээ. Энэ бол Сталинтай уулзсан уулзалтын журналын 1939 оны 10 дугаар сарын бүртгэл.

Үгүй ээ, Сталин 10 дугаар сарын 16-нд Москвад албан тасалгаандаа байсан байна. 17-ны өдөр тэрбээр маш олон хүнтэй уулзжээ. Би шалгалтаа зогсоох гэсэн боловч юутай ч 18-ны өдрийн бүртгэлийг харлаа... Энэ өдөр уулзалт алга. Сталин Кремльд ирсэнгүй. Энэ бол амралтын өдөр биш, ердийн л ажлын өдөр буюу пүрэв гариг.

Ингэхээр Сталин 10 дугаар сарын 18-нд Кремльд ирсэнгүй. Тэрбээр мөн 19-нд ч ирсэнгүй, дөнгөж 20-ны 20.25 цагт албан тасалгаандаа орж ирэн хүмүүсийг хүлээн авч уулзсан байна.

Мөнхийн найрамдал хоёр биендээ амлан дэлхийг хувааж суухдаа хэн нь хэнийгээ хэрхэн хуурахаа л бодно.

Сталины нөр хөдөлмөрч шургууг сайн мэдэж авсан. Түүн шиг ажилсаг нь дэндсэн хүн ердийн ажлын өдөр албан тасалгаандаа ирээгүй бол хоёрхон шалтгаан бий, эсвэл хүнд өвчтэй байсан, эсвэл Москвад байгаагүй. Ажилдаа ирээгүй оньсго шиг энэ өдрийн өмнө түүнтэй уулзагсдын нэрс их сонин байна. Улс төрийн товчооныхонтой хамт Ворошилов, Жуков, Кулик, Кузнецов, Исаков гээд арми, флотын дарга нар. Түүнтэй хамгийн их удсан нь гадаад хэргийн ардын комиссар Молотов.

Үгүй ээ, “Эзэн” өвчтэй байгаагүй. Түүний ажилдаа ирээгүй өдөр нэг л маш чухал юм болж дээ. Бүртгэлд бичигдсэнээр 19-ний орой албан тасалгаандаа ирээд бүр шөнө дөл өнгөртөл улсын хоёрдугаар хүн болох Молотовтой уулзжээ. Энэ хоёр ярилцаад сууж байхад мөн Жуков, бас улсын гуравдугаар хүн Каганович дуудагдаж ирсэн байх юм.

Үнэхээр Сталин, Гитлер нарын тэр уулзалт болсон болов уу. Зууны нууц уулзалт! Яаж тодорхойлж бичих вэ. Жолоодогчид, газрын бурхад, хоорондоо маш адилхан, бас маш өөр хүмүүс өөд өөдөөсөө хараад сууж байна гээд... Мөнхийн найрамдал хоёр биендээ амлан дэлхийг хувааж суухдаа хэн нь хэнийгээ хэрхэн хуурахаа л бодно.

Уулзалт болсон бол “Эзэн” өөрийгөө Гитлерт ямар хэрэгтэй болохыг дахин нэг ойлгосон байж таар аа. Тиймдээ ч 1939 оны эцсээр тэрбээр бас нэгэн сюрприз бэлтгэлээ. Энэ удаа Финландыг эзлэх гэж оролдов. Гитлер үүнийг нь ч тэгсгээд чимээгүй өнгөрөөв. Сталин зөв ойлгожээ...

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen