АДОЛЬФ ГИТЛЕР ЕВРЕЙ ГАРАЛТАЙ БАЙСАН УУ?
Түүхэн дэх хамгийн хөнөөлт дайныг эхлүүлж, олон сая хүний амийг хөнөөсөн гэдгээр герман үндэстэнд арилашгүй нэр үлдээсэн хүн бол нэгэн цагт Германыг удирдаж явсан Адольф Гитлер юм. Ялангуяа энэ муу нэрийн гол шалтгаан нь хүмүүсийг үндэс угсаагаар нь ялгаварлах түүний нацист үзэл байв. Чухам үүнээс болж Гитлерийн ойрын төрөл төрөгсөд өнөөг хүртэл олноос нуугдаж явна.
Адольф Гитлерийн нацист үзлийн гол бай нь еврей нар байсан бөгөөд Дэлхийн II дайны үед 6 сая еврей хүнийг хорих лагерьт хоморголон устгасан гэдэг. Гэтэл Гитлерийг нэгэн хачирхалтай асуулт үргэлж дагаж байжээ. Энэ нь “Гитлер өөрөө еврей гаралтай байсан уу?” гэх асуулт юм. Хэдийгээр энэ нь өнөө үед нэг их ойшоож үзэх шаардлагагүй дэмий асуулт юм шиг боловч хэрэв Гитлерээс гарал үүслийг нь батлах шалгалт авсан бол тэр өөрөө энэ шалгалтанд унах байв.
Адольф Гитлерийн угсааг мөшгиж үзвэл түүний өвөө еврей байсан гэх сэжүүр гарч ирдэг ажээ. Гитлерийн аав Алойсийг 1837 онд эхээс мэндлэхэд нь бутач гэж бүртгэн авсан байна. Иймд Гитлерийн аавын талын өвөг эцэг хэн байсан нь тодорхойгүй үлджээ. Нэгэн баримтаар Алойсын ээж Мариа Шиклгрубер нэгэн баян еврейн гэрт ажилладаг байжээ. Үүнээс үүдэн Гитлерийн өвөө хэн байсан талаар ийм нэг таамаглал гарч ирдэг. Мариа Шиклгрубер тэр еврейн гэрт ажиллаж байхдаа еврейн хүүгээс хүүхэд олсон байж болно. Энэ тохиолдол магадлал багатай боловч бүрэн үгүйсгэх аргагүй юм.
1933 онд “Лондоны өдрийн толь” гэдэг сонинд Бухарест хот дахь еврейн оршуулгын газрын хебрью үсэг сийлсэн нэгэн булшны хөшөөний зураг нийтлэгджээ. Тэр хөшөөн дээр Адольф Гитлер гэсэн нэр байв. Гэвч энэ нэрийн эзэн Германы фюрер Гитлерийн өвөө байсан эсэх нь тодорхойгүй. Гэхдээ тухайн үед энэ зураг Гитлерийг ихэд сандаргасан гэдэг. Иймээс Гитлер еврейн гарвалыг тогтоох шалгуур бүхий Нацист хууль гаргахдаа Есүс Христ ба Адольф Гитлер гэсэн нэрийг түүнд оруулаагүй байна.
Гэтэл 2010 онд Британий “Өдрийн цахилгаан мэдээ” гэдэг сонинд Гитлерийн хамаатан 39 хүнээс шүлсний дээж авч генетикийн судалгаа хийхэд Гитлер еврей гаралтай гэдэг нь зарим талаар батлагдсан хэмээн мэдээлжээ. Түүнд мэдээлснээр Гитлерийн хамаатнуудаас илэрсэн E1b1b1 код бүхий хромсом нь баруун европчуудад маш ховор, харин Морокко, Алжир, Тунисын бербер, мөн Ашкенази, Сепардийн еврей нарт хамгийн түгээмэл байдаг гэнэ. Гэхдээ энэ судалгаа эцсийн үнэнийг хэлэх нотолгоо бас л биш юм. Яагаад гэвэл Гитлерийн өвөө хэн байсныг өнөөдөр хэн ч мэдэхгүй шүү дээ.
http://updown.mn/54026.html