М.ЭНХБОЛД ДАРГАД ӨГСӨН 48 ЦАГ
2019 он гарахад хэдхэн хоног үлдлээ. Уг нь энэ цаг үед эрх баригчид баяр далимдуулан хууль тогтоолын төслүүдийг “бөөндөж” байдаг. Гэвч энэ цаг үед эсрэгээрээ байна. Монгол төрийн үйл ажиллагаа зогсонги байдалд орж, эрх баригчдын дотоод “зодоон” хэд хэдэн яамыг толгойгүй болгосноор сарын нүүр үзэж байна. Харин одоо тэдний “зодоон” тогооноосоо хальж, ард түмнийг жагсаалд уриалан дуудахад хүргээд байна. М.Энхболдыг эсэргүүчид өчигдөр Төрийн ордонд мэдээлэл хийж түүнд 48 цагийн хугацаа өгч байгаагаа мэдэгдлээ. Үгүй бол тайван жагсаалыг маргааш зохион байгуулна гэв. Тэд үүнийгээ МАНАН-гийн дэглэмийн эсрэг хэмээн тодотгож байна.
Энэ талаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Нэг хүний албан тушаал чухал уу, төрийн үйл ажиллагаа чухал уу. 12 дугаар сарын 18-ны өдөр бидний нэр бүхий гишүүд Төрийн ордонд "МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл" хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Хэлэлцүүлэгт төрийн бус байгууллага, иргэд идэвхтэй оролцож, санал бодлоо хэлсэн. МАНАН гэж байгалийн баялгийг өөрсдөдөө хуваарилах зорилготой нам дагнасан этгээдүүдийг нэгтгэсэн мафижсан этгээдүүдийг хэлнэ. Энэ хэлэлцүүлгээс уриалга шаардлага гаргаж, УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлж, 48 цагийн дотор үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхийг хүссэн. Хэрвээ энэ шаардлагыг хүлээж авахгүй бол орон даяар эсэргүүцлийн хөдөлгөөн хийнэ” гэсэн юм. Мөн УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Гаднынхантай нийлсэн улс төр, эдийн засгийн МАНАН бүлэглэл монголчуудыг боолчилж байна. Монголын багш, эмч нар бүтэн жил ажиллаад барууны орны багш эмч нарын нэг өдрийн цалинг авч байна. Үүнийг колоничлол, мөлжлөг гэдэг юм. Монголчууд нэгдэн тэмцэх цаг болсон. Улс төр, хууль хяналтын байгууллагын эсрэг бид нэгдэх цаг болсон. Бидний энэ тэмцэл хувьсгалт тэмцэл юм. Хулгайн бүлэглэл нам харгалзахгүйгээр Монголыг тонон дээрэмдэж байхад эх орончид нам харгалзахгүй нэгдэх цаг болсон” гэсэн мэдэгдэл хийлээ.
Мөн өчигдөр Төрийн ордонд энэ асуудалтай холбогдуулан бас нэг шийдвэр гарлаа. Тодруулбал, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар М.Энхболдыг огцруулах эсэхийг хэлэлцэх боломжгүй гэх шийдвэр гарлаа. УИХ-ын дарга М.Энхболд “Нэр бүхий гишүүдээс тавьсан шаардлага хуульд хэрхэн нийцэж байгаа талаар авч үзээч ээ гэж Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Төрийн байгуулалтын байнгын хороо энэ асуудлыг авч үзэж тодорхой чиглэл, дүгнэлт гаргах байх гэж бодож байна. Өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдлыг үнэлж, дүгнэж Төрийн байгуулалтын байнгын хороо энэ асуудлыг хэлэлцэн дүгнэлт гаргах хүртэл УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг удирдахгүй” хэмээн мэдэгдсэн.
Энэ дагуу өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаад асуудлыг хэлэлцэх боломжгүй гэлээ. Учир нь УИХ-ын даргыг хэлэлцэх хоёр төрлийн заалттай. Хугацаанаас нь өмнө чөлөөлөх, огцруулах эсэх асуудлыг хэлэлцэн холбогдох санал дүгнэлт гаргахын тулд УИХ-ын даргыг огцруулах, чөлөөлөх хуульд заасан таван үндэслэлийг хангасан байх ёстой. Үүнд нас барсан, өөр ажилд шилжсэн бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг УИХ хүлээн авсан, хүнд өвчний улмаас үүрэг ажлаа цаашид гүйцэтгэх боломжгүй болсон эмнэлгийн дүгнэлт гарсныг УИХ хүлээн авсан, ҮХЦ УИХ-ын даргыг огцруулах үндэслэлтэй гэснийг УИХ хүлээн авсан, гэмт хэрэг үйлдсэнийг шүүхээр тогтоосон зэрэг таван үндэслэлээр Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах үндэслэл бүрдэнэ. Ийнхүү УИХ-ын 40 гишүүний санал, шаардлага “хана мөргөлөө”. Хууль бол хууль. Нэг үгээр 40 гишүүний шаардлага хуульд нийцэхгүй байна гэв. Ингэснээр хуулиа л мөрдөнө гэсэн М.Энхболдыг байр суурь 40 гишүүний тэмцэл он дамжин үргэлжлэх нь. Хуулийн таван заалтаар нуувч хийсэн М.Энхболдын хувьд гишүүдийн шаардлага бүхий 48 цагийг үл тоон өнгөрүүлэх нь тодорхой. Парламентын үйл ажиллагаа бүтэн сар тасалдаад байхад хуулиар түрий барьж өнөөдрийн хүрсэн шүү дээ.
П.ГОО
Оллоо.мн
Оллоо.мн