УРЬД ӨМНӨ СУДЛАГДАЖ БАЙГААГҮЙ 50 МEТРИЙН ГҮН АГУЙ ОЛДСОН УУ
Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дэвсгэрт 50 гаруй метрийн гүн, эртний агуй олдсон талаарх мэдээлэл өчигдрөөс эхэлж цацагдаж эхлэв. Урьд өмнө нь огт судлагдаж байгаагүй хэн ч мэдээгүй агуй бололтой.
Энэ тухай анх энэ сарын 16-нд сумын иргэн олж мэдээд Засаг дарга Баттулгад мэдээлсэн байна. Тэгээд сумын Засаг дарга нь тэр өдрөө аймгийнхаа ЗДТГ, Онцгой байдлын хэлтэст мэдээлсний дагуу аймгаас Ажлын хэсэг гарган Дашбалбар сум руу явуулжээ.
Ажлын хэсгийнхэн ирж Модод багт байрлах энэ агуй руу орсон байна. Гаднаас нь харахад жирийн нэг нүх боловч дотор ороод үзэхэд асар том агуй байсан гэнэ.
11 бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийн төлөөлөл "Цаашид энэ агуйг судлах, агуйн амсарыг хамгаалалтад авч хашаатай болгохгүй бол тэр хавиар яваа иргэд, мал амьтан унаж бэртэх, осолдох аюултай" гэв.
Агуйн амсар нь нэг метр радустай жижигхэн мэт боловч дотогш орохоор 50 орчим метр гүн, том том хад чулуутай, доороо цэнгэг нуур гэмээр тогтмол устай бөгөөд цаашаагаа ч үргэлжлэх цэнгэг ус бүхий маш гайхамшигтай байгалийн үзэсгэлэнтэй тогтоц болохыг тодруулжээ.
Мөн дотроо жонштой мэт харагдаж байгаа ч байгалийн ус ихтэй, гэрийн буйрын чинээ том том чулуутай гэнэ. Тиймээс цаашид нарийвчилсан судалгаа хийх шаардлагатай гэж Ажлын хэсгийнхэн үзжээ.
О.Гэрэл
Оллоо.mn