ТАЗ-ийн шалгалтын хоёр дахь Ажлын хэсэг Дорнод аймагт ажиллаж байна.
Төрийн албаны зевлөл 2017 оныг "Хариуцлага сахилга, үр дүнгийн жил" болгон зарласантай холбогдуулан, энэ ажлын хүрээнд Төрийн албаны зөвлөлөөс орон нутагт зохион байгуулж байгаа удирдах ажилтны нээлттэй сонгон шалгаруулалтын явцад хөндлөнгийн, гэнэтийн шалгалт хийж байгаа билээ. Шалгалтын хоёр дахь Ажлын хэсэг Дорнод аймагт ажиллаж байна.
Тус аймагт Гурванзагал сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгийн албаны дарга, Хөлөнбуйр сумын цэцэрлэгийн эрхлэгч, Баян-Уул, Дашбалбар сумын дунд сургуулийн захирлын сонгон шалгаруулалт явагдахаар зарлагдсан юм.
Ажлын хэсгийнхэн нээлттэй сонгон шалгаруулалтад орохоор бүртгүүлсэн иргэд ажлын байранд тавигдаж байгаа шаардлагыг хангаж байгаа, эсэхийг бичиг баримттай нь тулгаж үзэхэд Гурванзагал сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны даргын албан тушаалд өрсөлдөхөөр бүртгүүлсэн 5 иргэн ажлын байрны шаардлагыг хангахгүй байсан тул уг сонгон шалгаруулалтыг цуцалжээ. Хөлөнбуйр сумын цэцэрлэгийн эрхлэгч, Баян-Уул, Дашбалбар сумын дунд сургуулийн захирлын сонгон шалгаруулалт үргэлжилж явагдсан байна.
Ажлын хэсгийнхэн Дорнод аймагт ажиллах хугацаандаа албан тушаалтныг томилж, чөлөөлсөн шийдвэр хуульд нийцэж байгаа эсэхийг хянаж, түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа, хууль зөрчин томилогдсон албан хаагчдын судалгааг гаргаж, зөрчлийг арилгуулах юм. Мөн эрх нь зөрчигдсөн төрийн албан хаагчдын өргөдөл гомдлыг хэрхэн шийдвэрлэж байгаатай танилцахын зэрэгцээ орон нутгийн төрийн байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээний талаар ард, иргэд албан хаагчдаас түүвэр судалгаа авах юм.