Хүний үүслийг 700000 жилээс өмнө болгосон ЦАГААН АГУЙ

Хүний үүслийг 700000 жилээс өмнө болгосон ЦАГААН АГУЙ

 

Намайг сурагч байхад 400 мянган жилийн өмнө хүн үүссэн гээд мичний хувирлыг үзүүлдэг байв. Гэтэл сүүл үеийн судалгаа хүний үүслийг он цагийн хувьд улам холдуулж байна. 700 мянган жилийн өмнөх хүн гэхээр ямаршуухан байх бол...

Цагаан агуй нь шохойн чулуулагийн гаралтай, 38м урт үргэлжилсэн, нэгнээс нөгөө рүү дамжсан 3 үндсэн тасалгаатай. Эхний тасалгааны адарт гэрийн тоононы чинээ том онгорхой нүхтэй, хоёр дахь тасалгааны адарт жоншны болорын том талст бүхий ургацагуудтай ба гэрэл тусгахад маш гоёмсогоор гялтганан харагддаг, гурав дахь тасалгааны баруун дээд хэсгээс 2м өргөн, 10м урт хонгил салаалж гардаг онцлогуудтай. 

1987-2000 оны хооронд Монгол-Орос-Америкийн судлаачид малтан шинжилж дөрөвдөгч галавын үед Монгол нутаг урин дулаан уур амьсгалтай байсныг тогтоож, агуйн гол хонгилд 13 үе соёлт давхарга байгааг илрүүлсэн. Нийтдээ 610 ширхэг чулуун зэвсэг олсон ба хусуур, иртэй, бариултай зэвсэгнүүд, үзүүртэй чичлүүр, шүдэлсэн иртэй зэвсэг, хагалах, цохих, цуулах зориулалттай багаж хэрэгслүүд байжээ. Хамгийн доод үе болох 13-р давхаргаас гарсан чулуун зэвсгүүд нэлээд эртнийх болох нь тогтоогдсон ба тэдгээрийг Францын чулуун зэвсгийн сонгодог олдворуудтай харьцуулан судалж үзээд олдувайн үеийн чулуун зэвсэг үйлдвэрлэх арга технологиор хийгдсэн болох нь батлагджээ. Тус судалгааг ОХУ-ын Сибирийн салбар болон АНУ-ын Туссон дахь Аризона их сургуулийн лабораторийн мэргэжилтнүүд хийжээ. 

Судалгааны хамгийн чухал үр дүн бол Монголын нутагт өнөөгийн Алтайн нурууны бүсэд анхны хүн үүссэн байж болохыг тогтоосон юм. 13-р соёлт давхарга нь манай тооллоос өмнө 750000 – 800000 жилийн тэртээ бий болсон үе бөгөөд хөрсний эл давхарга бүрэлдэн тогтоход хүний үйл ажиллагаа оролцсон нь чулуун зэвсгийн хийц хэлбэрээр батлагдсанаас гадна агуйд амьдарч байсан хүмүүс хас чулууны төрлийг ашиглаж байсан байж магадгүй ажээ.

Цагаан агуй нь Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутагт Их Богдын нурууны Цагаан ууланд, сумын төвөөс зүн хойд зүгт 40 км зайтай орших ба агуйн үүд нь баруун урд зүг рүү харсан байдаг.


https://www.facebook.com/photo.php?fbid=1247741525246416&set=a.576485265705382.1073741830.100000317407329&type=3&theater

Buyan Choi

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen