Агаар бохирдуулагч хорт бодисууд хүний эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлдэг вэ
Нүүрсний дутуу шаталтаас үүдсэн хорт хий агаарт дэгдэж эрүүл мэндэд хохирол учруулсаар байгаа билээ. Мэргэжилтнүүдийн ярьж буйгаар манайх агаарт дэгдэж буй хүнд элементүүдийг тэр бүр хэмжиж чаддаггүй аж. Харин хэмжиж чаддаг агаар бохирдуулагч хорт бодисууд хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн талаар үзэгч танд товч мэдлэг мэдээлэл өгье. /Эх сурвалж: www.agaar.mn /
Хүхэрлэг хий, CO2
Хурц эхүүн үнэртэй уг хий нүүрс, дизель зэрэг хүхэр агуулсан түлшний шаталтаас үүснэ.Амьсгал давчдуулж, уушгины хамгаалах чадварыг эрс бууруулдаг хорт хий. Гол нөлөө нь амьсгалын замыг нарийсгадаг бөгөөд шуухитнах, амьсгаа давчдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Хүхрийн давхар ислийн архаг нөлөө нь амьсгалын замын өвчний тохиолдлыг ихэсгэх, уушгины хамгаалах механизмыг бууруулах, зүрх судасны архаг өвчнийг сэдрээдэг. Зүрх судасны өвчтэй болон уушгины архаг өвчтэй хүмүүс, түүнчлэн хүүхдүүд, өндөр настнууд архаг нөлөөнд өртөмтгий байдаг.
Азотын давхар исэл NO2
Өнгөгүй, үнэргүй хий бөгөөд агаар мандалд бор шаргал өнгөтэй болдог. Азотын давхар исэл нь уушгины эдийг цочроох ба амьсгалын замын халдварт өртөмтгий байдлыг нэмэгдүүлдэг. Азотын давхар исэл нь амьсгалын замын өвчний тохиолдлыг ихэсгэх, гуурсан хоолойн багтраа болон үрэвсэлтэй хүний мэдрэгшлийг нэмэгдүүлэх, уушгины хамгаалах механизмыг бууруулах, зүрх судасны архаг өвчнийг сэдрээх нөлөөтэй. Зүрх судасны, уушгины архаг өвчтэй хүмүүс, түүнчлэн хүүхдүүд, өндөр настнууд архаг нөлөөнд өртөмтгий байдаг.
РМ2.5, РМ10 – 2.5, 10 микроноос жижиг хэмжээтэй тоосонцор.
Түүхий нүүрсний дутуу шаталт, барилгын болон үйлдвэр,замын тоос шороо,ил задгай үнс зэргээс үүснэ. Агаарт хатуу, шингэн төлөв байдалтай оршдог. 10 микрометрээс бага хэмжээтэй тоосны богино (1-24 цаг) ба урт хугацааны (хэдэн жилийн) нөлөөлөл нь уушги, зүрхний өвчлөл, нас баралтын нэг хүчин зүйл болдог. Тоос нь амьсгалын замын халдварт өвчний өртөмтгий байдлыг ихэсгэх бөгөөд амьсгалын замын архаг өвчнийг сэдрээдэг аюултай.
Угаарын хий буюу нүүрс төрөгчийн дутуу исэл СО
Өнгөгүй, үнэргүй хий. Түлшин дэх нүүрстөрөгч бүрэн шатаагүй үед үүсдэг. Нүүрстөрөгчийн дутуу исэл уушгиар дамжиж, цусны урсгалд орж, хүчилтөрөгчийн дутагдалд оруулдаг. Зүрхний титэм судасны өвчтэй, цус багадалттай, уушигны архаг бөглөрөө өвчтэй зэрэг зүрх судас, амьсгалын замын архаг хууч өвчтэй хүмүүс, нярай хүүхдүүд нүүрстөрөгчийн дутуу исэлд илүү өртөмтгий байдаг.
Озон, O3
Озон нь атмосферийн дээд давхарга болон газрын гадарга орчмын агаарт байдаг бөгөөд озон хаана байгаагаас шалтгаалж хүний эрүүл мэндэд эерэг, сөрөг нөлөө үзүүлдэг. Атмосферийн агаарын дээд давхаргад оршдог озон нь нарны хэт ягаан туяаны хортой нөлөөнөөс хүн, амьтныг хамгаалах биологийн ач холбогдолтой. Агаарт ялгарсан азотын давхар исэл нарны цацрагийн нөлөөгөөр задарч хүчилтөрөгчтэй нэгдсэнээс үүсдэг. Газрын гадарга орчмын озон нь хүчтэй исэлдүүлэгч тул амьсгалын замын салст бүрхэвчийг цочроож, уушгины үйл ажиллагааг бууруулна.