Шатахууны онцгой албан татварт өөрчлөлт оруулахаар ажиллаж байна

Шатахууны онцгой албан татварт өөрчлөлт оруулахаар ажиллаж байна

 

АМГТГ-аас “Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний талаар төрийн байгууллагуудад тулгамдаж  буй асуудлууд” сэдэвт хэлэлцүүлэгийг өнөөдөр “Бишрэлт” зочид буудалд /11.13/ зохион байгуулав.  

Монгол Улсын нутаг дэвсгэрт 2017 оны байдлаар 18 талбайд тос, уламжлалт бус газрын тосны эрлийн гэрээ, 25 талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулж байна. 1996-2017 онд нийтдээ 49.2 сая баррель буюу 6.6 сая тонн газрын тос олборлон экспортолж, улсын төсөвт 1.3 их наяд төгрөг төвлөрүүлжээ. Монгол Улс газрын тосны олборлолтын хэмжээг жилд нэг сая орчим тоннд хүргэх зорилт тавьж буй. Энэ нь 2020 онд ашиглалтад оруулах газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангахын тулд газрын тосны эрэл хайгуулыг эрчимжүүлж нөөцийг өсгөх, олборлолтыг нэмэгдүүлэх бодлоготой уялдаж байгаа юм. Манай улсын шатахууны хангамж гадаад эх үүсвэрээс бүрэн хамааралтай өнөө үед газрын тосны дэлхийн үнийн хэлбэлзэл, нийлүүлэлт, валютын ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан хомсдол, бөөний болон жижиглэнгийн үнийн савалгаа үүсч эдийн засгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх хандлагатай байгаа аж. Сүүлийн 10 жил А-80 автобензиний хэмжээ хэрэглээ тогтмол буурч, харин АИ-92, АИ-95-ынх өсчээ. Дизелийн түлшний импортын өсөл бууралт уул уурхайн салбарын үйл ажиллагаатай уялдан хэлбэлзэлтэй байсаар байна.“Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд автобензи, дизелийн түлшний онцгой албан татварын хувь хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр тохирсон. Энэ нь шатахууны үнэ өсөх гол хүчин зүйл болж байгааг энэ үеэр онцолж байна. Гэхдээ хөтөлбөрийн үр дүнд урт хугацаандаа хэрэглэгчдэд нийлүүлж байгаа газрын тосны бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийг тогтвортой байлгах зорилготой. Засгийн газрын шийдвэрээр шатахууны онцгой албан таттарт өөрчлөлт оруулах, татварын хугацааг сунгах, аж ахуйн нэгжүүдэд нөөц бүрдүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа юм байна. Хэлэлцүүлэгийн үеэр МХЕГ-ын Эрчим хүчний хяналт шалгалтын газрын дарга А.Бямбадоржоос зарим зүйлийг тодрууллаа.

– Сүүлийн үед газрын тосны тээвэрлэлт, ашиглалт түгээх байдалд зөрчил гарсаар байна. Үүнд хэрхэн хяналт тавьж байна вэ?

-Газрын тос, бүтээгдэхүүний импорт, тээвэрлэлт хадгалалт, ашиглалтын үеийн аюулгүй байдалд тавигдаж буй шаардлага, гарсан зөрчил, илрүүлэлтийн талаар мэдээлэл хийж тус хэлэлцүүлэгт оролцож байна. Сүүлийн үед газрын тосны тээвэрлэлт, ашиглалт түгээх байдалд зөрчил их байна. ШТС-ийн анх байгуулахдаа тусгай зөвшөөрөлтэй эрх бүхий байгууллагааар зураг төслийг боловсруулах ёстой. Гэтэл дур мэдэж өөр байгууллагаар боловсруулснаас болж зөрчлүүд гардаг. Мэргэжлийн зөвшөөрөлтэй байгууллагаар хянуулж, батлуулахгүйгээр ажлаа эхлэснээс болж байгууламж буруу төлөвлөгддөг. Түүнчлэн галын аюулгүй байдлын хоорондын зай хэмжээг зөрчсөн байршил дээр байрших. Эсвэл нэгэнт баригдсан байгууламжын ойролцоо тухайн орон нутгаас галын аюулгүйн зай хэмжээг зөрчиж газар олгосонтой холбоотой дээрх зөрчил нэмэгдэх хандлагатай болсон. Үүнтэй холбоотой иргэдээс гомдол мэдээлэл байнга ирж байна. Судлаад үзэхээр аюултай байгууламж баригдсаны дараа зөвшөөрөл өгсөн зөрчил нийтлэг байна.

-Шатахууны дутуу шахалттай холбоотой зөрчил их байгаа тухай иргэдээс гомдол ирсээр байна?

-МХЕГ-аас он гарсаар нийт 262 ШТС-ийн түгээгүүрийн дутуу шахалттай холбоотойгоор ирүүлсэн мэдээлэл, гомдлын дагуу шалгалт хийсэн. Нийт 20 ШТС-д дутуу шахсан эсвэл баталгаагүй түгээгүүрээр түгээсэн зөрчил илэрсэн. Энэ нь харьцангүй цөөн зөрчил юм. Энэ зөрчил нь тухайн аж ахуйн нэгж төлбөр тооцоонд ашиглах хэмжих хэрэгсэлээр түгээгүүрийг баталгаатай байлгах эсэхэд дотоодын хяналтыг хэрэгжүүлдэггүйтэй холбоотой юм. Мөн Стандарчилал хэмжил зүйн /СХЗГ/ газартай хамтарч шалгасанаас гадна СХЗГ давтамжтай шалгалтыг байнга хийдэг.

– ШТС-аа оновчтой сонгож шалгалт хийхгүй байна гэдэг?

-Шалгалтыг түүвэрчилж, гэнэт очих байдлаар  хийдэг. Удирдамжийг түрүүлж хүргүүлдэг ч гэсэн хэзээ, хаана ямар ШТС-дээр шалгалт явуулахыг  мэдэгддэггүй. Өнгөрсөн есдүгээр сарын шалгалтыг МҮОНТ-тэй хамтарч хийсэн. Сурвалжлагчын санал болгосон ШТС-дээр хийсэн. Нөгөөтэйгүүр төрийн байгууллага хийсэн ажил, шалгалтын үр дүнгээ  иргэд олон нийтэд цахимаар түээдэг. Харамсалтай нь   хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд сенсаацтай мэдээллийг маш ихээр дамжуулсан хэрнээ иргэд олон нийтэд хандсан мэдээллийг эргүүлээд дамжуулах тал дээр сул байдаг.

-Хуурамч шатахуунд хэрэглэгддэг бодисуудын хилээр орж ирж байгаа хэмжээ төдийлөн буурахгүй байна гэдэг. Үүнд ямар арга хэмжээ авч байгаа бол?

-МХЕГ, АМГТГ, УУХҮЯ, “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах газар”-тай хамтарч стандартын шаардлагад нийцэхгүй хуурамч шатахуунд хяналт шалгалт хийсэн. Үүнд хилээр орж ирж байгаа дагалдах бүтээгдэхүүн /нэрлэсэн авто бензин биш/ татваргүйгээр орж ирснээс чанаргүй дараагийн бүтээгдэхүүний орц болж байгаа асуудал байгааг илрүүлсэн. Ажлын хэсгийн зүгээс үүнд дүгнэлт хийж УУХҮЯ-нд хүргүүлсэн.

– Цаашдаа эдгээр дагалдах бүтээгдэхүүнийг оруулж ирсээр байх уу. Гаалийн онцгой албан татвар ноогдуулах талаар таны байр суурь?

-Бодлогын чанартай асуудал.Үүнд тухайн хариуцсан яам асуудлаа боловсруулах ёстой. Холбогдох яам нь үүнд саналаа боловсруулах ёстой байх. Манайх хэр үүргийнхээ хүрээнд хяналт тавих үүрэгтэй. Гэхдээ  УУХҮЯ-нд ажлын хэсгийн дүгнэлт зөвлөмжөөр энэ асуудлыг хөндсөн.

 

Ц.МЯГМАРБАЯР /ЗУУНЫ МЭДЭЭ/

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen