Шашны тухай хуулинд заавал суулгах заалтууд

Шашны тухай хуулинд заавал суулгах заалтууд

 

Шашны тухай хуулийн хэлэлцүүлэг дээр хувиа хоохойлсон хэдэн хамба лам өөр өөрийнхөө хийд нэртэй амбаарын эрх ашгийг л яриад байсан сурагтай. Нэмээд бас хэн нэгэн нь давуу тал олчих санаа ч дуулдах шиг. Шашны мөргөлдөөн л дутаж гэнэ дээ...

Зүй нь шашинд хандах Монголчуудын язгуур үзэл юу вэ, тэрийг л хуулинд хатуу тусгаж өгөх учиртай. Иймд дараах ойлголтыг шашны тухай хуульд зайлшгүй суулгаж өгвөл зохилтой санагдана. Үүнд:

1. Төрийн өмнө аль ч шашин адилхан тул хэн нэгнийгээ үгүйсгэж болохгүй. Хэрэв аль нэг шашны зүтгэлтэн этгээд бусад шашин мөргөл, түүний сургааль номлол, зан үйл, сүм хийд, зүтгэлтэн болон шүтлэгтнийг нь үгүйсгэсэн, дорд үзсэн үг үйлдэл гаргахыг хориглоно. Үүнд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээ хамаарна. Хэрэв үүнийг өдүүлэгч нь гадаадын иргэн бол торгох арга хэмжээ авч албадан гаргах, Монголын иргэн бол зөрчлийн болон гэмт хэргийн тухай хуулиар шийтгэх бөгөөд харьяа сүм хийдийнх нь үйл ажиллагааг таслан зогсоох.

2. Төр шашнаас ангид бөгөөд ямагт дээгүүр байх ёстой. Иймд төрийн байгууллагын албан ёсны ямарваа үйл ажиллагаанд аль нэг шашны зан үйл хийхийг хориглоно. Мөн төрийн байгууллагын зүгээс шашны байгууллага, хувь хүн, үйл ажиллагаанд төсвийн хөрөнгөнөөс зарцуулахыг хатуу хориглоно.

3. Хүний амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулж буй нь илэрхий ямарваа шашны зан үйл, шашин шүтлэгтэй холбоотой шийдвэрийг харьяалах сум, дүүргийн Засаг дарга цуцлах, албадан зогсоох эрхтэй.

4. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр шашин сурталчлахыг хориглоно. Сургууль, цэцэрлэг зэрэг боловсролын бүх шатны байгууллагад шашны үйл ажиллагаа явуулахыг хориглоно. Нийтийн эзэмшлийн гудамж талбай, албан байгууллагад шашин сурталчлах ямарваа үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

5. Эмнэлэг, сувилалд буяны болон хандивын үйл ажиллагаанаас бусдаар шашны зан үйл, сургааль номлол явуулахыг хориглоно.

6. Шашны байгууллага, зүтгэлтэн нь зөвхөн өөрийн эзэмшлийн сүм хийд, эсхүл урьдчилан зохих ёсоор зөвшөөрөл авсны үндсэн дээр тодорхой байршил, хил хязгаарын хүрээнд зөвшөөрсөн хугацаанд үйл ажиллагаагаа явуулж болно.
 
 
https://www.facebook.com/delger.chuluun/posts/10156898822794248
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen