Түлэгдсэн гэр бүлийн нэрийг барьж залилан хийсэн этгээдүүдийг шалгаж байна
2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө нэгэн айлд гал гарсны улмаас 3 хүн тэр дунд бяцхан орхин түлэгдэж ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж өдөрт 1-1,3 сая төлж байгаа тул бусдаас тусламж хүсч байна гэж олон нийтийн сүлжээ фейсбүүк хуудсаар хандив тусламж хүссэн мэдээлэл гарч олон хүн уг мэдээллийг бусдад түгээж зарим сайхан сэтгэлтэй хүн мэдээлэл дээр байх дансанд мөнгө шилжүүлэн сэтгэлийн дэм өгсөн байна.
Гэвч харамсалтай нь тусламж хүссэн мэдээлэлд дурдагдсан данс нь өөр хүний данс байсныг цагдаагийн алба хаагчид тогтоон шалгаж байгаа юм байна.
Хэдийгээр нэг айлын 3 хүн түлэгдэн хүнд байдалтай байгаа нь үнэн хэдий ч бусдын зовлонгоор ашиг хонжоо хайгчид байхыг үгүйсгэх аргагүй юм. Цагдаагийн алба хаагчид уг асуудлыг судлан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа бөгөөд одоогоор ямар зорилгоор өөр хүний данс бичиж олон нийтэд мэдээлэл тараасан асуудлыг шалгаж байгаа гэлээ.