Японы сүмод Монголын “буурийг зассан” Батмөнхийн Энхбат

Японы сүмод Монголын “буурийг зассан” Батмөнхийн ЭнхбатМонгол оронд ардчиллын салхи сэвэлзсэн тэртээ 1992 оны хоёрдугаар сарын 22-нд Токиогийн саарал тэнгэрт өдрийн од харваж, Япон тэнгист нэг том давалгаа үүссэнийг Хубилай хааны сүнс л мэдэж байсан буй заа. Японы олон түүх шастирт далайн шуурга буюу цунами, хар салхи буюу тайпуу нь тус улсыг гаднын довтолгоо, эзлэн түрэмгийллээс аварч байс­ныг тэмдэглэн үлдээсэн байдаг. Тиймээс Японы ард түмэн өнөөг хүртэл далайгаа шүтэж, өргөл, мөргөл үйлддэг ёс заншил уламжлагдан иржээ.
Хубилай хааны цэргүүд 9000 хөлөг онгоцтой Японыг дайлаар мордоод хар салхинд нэрвэгдэн байгалийн давагдашгүй хүчинд автагдан сүйрч байсан нь түүхэнд тэмдэглэн үлдсэн байдаг. Чухамдаа энэ л арлын энэ орныг далайн шуурга нь хүртэл хамгаалж байдаг гэсэн итгэл үнэмшилтэй болгосон биз ээ. Тэр нь ч үнэн хувьтай.
Дээр хэлсэнчлэн 1992 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр эх газрынхаа хөх салхийг тээсэн Монголын зургаан залуу далайн жижигхэн аралд “цунами” үүсгэхээр Японы үндэсний түүхэн урлаг, спорт болох их сүмод хөл тавьсан юм. Хэл ус, ёс заншил тохирохгүй хэдэн залуу эгээ л буузны жигнүүр шиг халуун савсах Япон нутгийн цаг агаарын хажуугаар сүмогийн их ёс, заншил, уламжлалыг ойлгоогүй, бас өдөр бүрийн бэлтгэл, дэглэлт, зодуурын дарамтнаас үүдэн “үгсэн хуйвалдаж”, Токио хотод байрлах Монголынхоо Элчин сайдын яам руу үүрээр оргохоор болсон гэдэг. Арлын орны халуун, бүгчим шөнийн тэнгэр дор эх газрын салхи нэгэн хөвүүний дотор сэвэлзсээр… Энэ тухай дор өгүүлсү.
Ямартай ч Монголоос гурван залуу үлдэж “Анхны гурав” гэсэн тодотголтой болж, эх газрын салхиараа арлын орныг сэрээж өвгөн буурал Хубилай хааны сүнсийг амраасан юм.
Анхны гурав буюу Мандах нарт уулын бүргэд Кёкүшюзан Даваагийн Батбаяр. Тэр хөвүүн эх газрын хөх салхийг бүргэдийн дэвэлтээр түүчээлэн Япон улсад Монголын нэр алдар сууг анх удаа дуурсган салхилж шуугиулсан нь яахын аргагүй үнэн. Кёкүшюзан Даваагийн Батбаяр “Мэхний их дэлгүүр” хэмээн нэрлэгдэж, уг нэрээрээ арлын оронд алдаршин, их сүмогийн мэхийг тодорхой тоогоор нэмэгдүүлэн монгол хүний чадал чансааг гайхуулан бишрүүлсэн юм. Ийнхүү тэрээр яах аргагүй “Анхны гурвын нэг” хэмээх тодотголдоо эзэн байж чадсан эрхэм сүмоч юм.
Мандах нарт тэн­гэрийн шувуу гэх япон нэртэй Кёкүтэнхо Нямжавын Цэвэгням. Энэ хөвүүн уулын бүргэдийнхээ дэвэлтээр талын хөх салхины эрчийг бууруулахгүйгээр хуйл­руулан “цунами” болгоход хамгийн их нөлөө үзүүлэн Японы сүмогийн 100 жилийн өмнөх түүхэн их амжилтыг давтан 37 нас найман сартайдаа Эзэн хааны цом өргөж, цэцгэн замаар алхалснаар “Анхны гурвын нэг” хэмээх тодотголоо улам тод томруун болгож, анхдагчийн үүрэг хариуцлагаа биелүүлэн сүмогийн багш болж дахин шинэ талбарт анхдагч алдар хүртэн нэгэн түүхийг эхлүүлж яваа сүмоч юм.
Мандах нарт тэнгэрийн уул буюу Кёкүтэнзан Батмөнхийн Энхбат. Тэр хөвүүн тэр нэгэн шөнө таван нөхрөө Элчин сайдын яам руу гаргаж өгөөд ганцаар үлдэхдээ дээр хэлсэнчлэн дотор сэтгэлд нь эх газрын хөх салхи сэвэлзсээр байсан гэдэгтэй хэн ч маргадаггүй юм. Нэгэн зорилгын төлөө эх орноосоо хамт ирсэн андуудаа Элчин сайдын яам руугаа гаргаж өгчихөөд хөнжилдөө шурган чимээгүй уйлж хэвтэхэд нь ч эх газрын салхи бүр хүчтэй салхилсан байх. Д.Батбаяр, Н.Цэвэгням хоёр шигээ дээд зиндаанд гарч бөхийн гайхам амжилт үзүүлээгүй ч гэлээ эх газрын хөх салхийг арлын оронд сэвэлзүүлэн Мандах нарт тэнгэрийн уул болон бат сууж уулын бүргэд, тэнгэрийн шувуугаараа дураараа нисгэн дараагийн залуучуудын “буурийг зассан” байдаг. Энэ утгаараа, арлын орныг жинхэнэ эх газрын “цунами”-гаар эзлэх үндэс суурь зам жимийг нь гаргах хүндтэй гавьяаг Мандах нарт тэнгэрийн уул буюу Кёкүтэнзан Б.Энхбат дархалж чадсан юм. Ийн тэрээр тэртээх 1992 оны наймдугаар сард ганцаараа шийр заан үлдсэнээрээ “Анхны гурав” гэж нэрлэгдэх сүмогийн анхдагчдын анхдагч нь болж, эх газрын хөх Монголынхоо өмнө, Хубилайн сүнсний өмнө биелүүлсэн билээ.
Мандах нарт тэнгэрийн уулнаас ниссэн шувууд эх газрын хөх салхийг тээн арлын оронд цунами босгосоор байгаа нь Асашёрюү Д.Дагвадорж Өглөөний хөх луу, Хакухо М.Даваажаргал Цагаан гарьд, Асасэкирюү Б.Дашням Өглөөний улаан луу гэх мэтээр үргэжлүүлэн анхдагч гурвын араас олон монгол хөвгүүд сүмогийн дэвжээг эзэгнэн их аварга, арслан болон бусад өндөр цолуудыг хүртэн барилдсаар байна. Сүмогийн анхны гурав зодог тайлсан ч Кёкүтэнзан Б.Энхбатын хөдөлшгүй бат дүнхийн босгосон “МАНДАХ НАРТ ТЭНГЭРИЙН УУЛ” нь эх Монгол орныхоо эрх чө­лөөт талын хөх салхийг оргилдоо наадуулсаар байх ажээ.
 
 
 
 
 
 
Батаагийн АМАРТҮВШИН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen