Билл Гейтс

“Хөгшөөн Билл Гейтс гэдэг чинь хэн билээ?” гэж асуусан хүн өнөөдөр таньд гайхалтай тэнэг хүн санагдах байх. Тэгэхээр Билл Гейтс гэгч ямар алдартай хүн нь ойлгомжтой. Гэвч та энэ тэнэг асуултанд өгөх өөрийнхөө хариултыг бодоод үз дээ. Түгээмэл хариулт “Тэр бол дэлхийн хамгийн баян хүн”, “Компьютерын эзэн”, “Тэр интернэт, бейзик, виндоуз, микрософтыг бий болгосон”, овоо мэдлэгтэй нэг нь “тэр кибер орон зайн тусгаар тогтнолын тунхагийг бичсэн” гээд л бла бла бла баахан хувилбаруудыг хэлнэ. Гэсэн ч Билл Гейтс гэж чухам хэн юм бэ? Энэ асуултанд хэвлэл мэдээллийнхэн ч, намтар судлаачид ч дэлгэрэнгүй хариултыг өгч чаддаггүй билээ. Билл Гейтсыг өнөөдөр дэлхийн хамгийн баян бас хамгийн нуугдмал хувийн амьдралтай нэгэн гэдэг.

Өдгөө зуугийн талыг наслаад байгаа Билл 1955 оны 10 дугаар сарын 28-нд Сиэтл хотод төржээ. Хуульч мэргэжилтэй эцэг эх нь түүнийг өөрсдийнхөө мэргэжлийг эзэмшүүлэх зорилготой байсан ч хүү тооны хичээл болон тооцоолон бодох машиныг илүүд үздэг байв.

Тухайн үед компьютерыг ингэж нэрлэдэг байсан бөгөөд одоогийнх шиг өндөр технологид хараахан хүрээгүй байсан ажээ. Програмчлах үйлдлээр тэр өөрийн найз Пол Алентай бараг өвчлөн хичээл хунараа таслан заримдаа шөнийн 4 цаг хүртэл суудаг байсан гэдэг.

Биллийн ой тогтоолт гайхмаар сайн байв. Одоогоор бол индиго хүүхэд байсан ч гэж болно. Дунд ангийх нь багш Энн Стефенсийн хэлснээр бол Гейтс гурван хуудас зүйлийг нэг уншаад л үг үсэг алдалгүй яр гээд ярьдаг байсан гэдэг.

Гейтс Алан хоёр бизнесийн ертөнцөд арван тавтайдаа хөл тавьсан аж. Тэд замын хөдөлгөөнийг зохицуулах программ зохион түүнийгээ зарахын тулд “Трэф-0-Дэйта” гэдэг компани байгуулжээ. Хувь заяа тэдэнд үнэхээр бэлэг барьсан байдаг.

Уг төслөөрөө хоёр хөвгүүн 20 мянган долларын орлого олсон юм. Гейтс арван долоон нас хүрэх үедээ тодорхой хүрээнд нилээд нэртэй болсон байлаа. Тэрбээр энэ үед Бонневилын усан цахилгаан станцын түгээлтийн талаар багц программ зохиох саналыг хүлээн авч хийснээр 30 мянган доллар олсон ажээ. Энэ нь Биллийн хөлсний ажил хийн олсон эхний бөгөөд сүүлийн орлого байсан юм.

Энэ ажлынхаа дараа сэргэлэн Билл сургуультайгаа нэгэн тохиролцоонд хүрчээ. Хэдий тэрбээр төгсөх анги биш ч гэсэн төгсөлтийн бүх шалгалтаа тооцуулахыг хүсжээ.

Түүний авьяас ухааныг мэддэг мөн хотынхоо төдийгүй мужийнхаа хувьд үнэ цэнэтэй ажил хийж гүйцэтгэснийг нь үнэлэн сургууль нь түүнд төгсөгчийн дипломыг гардуулсан байдаг.

Тэр жилдээ Билл хуульч эсвэл математикч болох зорилго өвөрлөн Гарвардын их сургуулийн бэлтгэл ангид элссэн аж. Билл тэнд өөрийнх нь хэлснээр бол “сэтгэлээрээ биш биеэрээ” л сурч байжээ. Тэрбээр ихэнх цагаа компьютер дээр тоглож байгаад ердөө  хэдхэн хоногийн дотор сургалтын программыг өөрөө үзэж судлаад шалгалтуудаа онц дүнтэй өгдөг байв.

Гарвардад Гейтс покерын донтон бас техникийн солиотой гэсэн тодотголтой болсон байдаг. Тэр үед ирээдүйн компьютерын мангастай хамт сурч байсан одоо “Майкрософт”-ын дэд ерөнхийлөгч Стив Боллмер Биллыг “Тэр шөнөжин компьютерын ард покер тоголж суухаас гадна өрөө нь аймшгийн замбараагүй байдаг байж билээ. Билл Гарвардад сурч байхдаа хэзээ ч ороо засч байгаагүй” гэж дурссан байдаг.

1975 онд “Popular Electronics” сэтгүүлд “MITS” компанийн бүтээсэн “Альтаир” компьютерын тухай бичсэн нийтлэл Гейтсын анхаарлыг их татав. Тэрбээр өөрийн багын найз Алены хамтаар “MITS” компанитай холбогдон компьютерын анхан шатны Basic программ зохиох санал тавьжээ.

Залуус Гарвардын лабораторид өдөрт 18 цагаар ажилсны үр дүнд бэлэн болсон  программыг Аллен “MITS” руу аваад явсан аж. Харин Гейтс сургуулиасаа жилийн чөлөө аван найзынхаа хойноос Альбукерк хотыг зорив.

Гарвардын их сургууль бол асар хурдтай урагшаа тэмүүлэх Гейтсын хувьд түр зуурын зогсоол л байсан бололтой.

Билл программ зохиохын хажуугаар “Microsoft”-ыг байгуулах тал дээр ажиллах цаг гаргаж чадаж байв. Хоёр найзын Альбукеркед ажилласан туршлага цаашид “Apple”, “IBM”, “Commodor” зэрэг фирмүүдтай ажиллахад их нөлөө үзүүлсэн ажээ.

1970-аад оны сүүлчээр “Microsoft”-ын гаргасан үйлдлийн системүүд компьютерын технологид тэргүүлэх байр суурийг эзэлсэн байлаа.

Билл зөвхөн копьютерын гайхамшигтай авьяастан төдийгүй бас алсын хараатай сэргэлэн биезнесмен ажээ. Тэр маргахын аргагүй шинэ дэвшилтэд программ зохиохоос гадна маш ашигтай гэрээнүүд хийдэг байв.

Үүнийхээ ачаар Билл саятан болоод зогсохгүй компьютерын программчлал, технологийн зах зээл дээр ноёрхох буюу нэг ёсны монополь байр суурийг бий болгосон юм.

1991 оноос одоог хүртэл явагдаж байгаа Холбооны Худалдааны Коммиссын шалгалт “Microsoft”-г үйлдлийн системыг үйлвэрлэх нэг, дагалдах программыг зохиох гэсэн хоёр хэсэгт хуваах шийдвэрт хүрж болзошгүй болоод байгаа билээ.

Компьютерын програмын дэлхийн зах зээлийн ашгийн 44 хувийг “Microsoft” эзэлж байгаа нь тухайн салбарын бусад үйлдвэрлэгчдэд багагүй бэрхшээл учруулж байгаа нь  мэдээж.  

1995 онд “Forbs” сэтгүүл Билл Гейтсын зургийг тэргүүн нүүрэн дээрээ хэвлээд “Түүнийг зогсоож чадах хэн нэгэн байна уу” гэсэн асуулт тавьсан байдаг.

Гэвч энэ толгой эргэм далайцтай амжилтанд Гейтс цэвэр өөрийнхөө хөдөлмөрөөрөө хүрсэн билээ. Түүнийг хувийн амьдралгүй компьютерээс өөр зүйл сонирхдоггүй хэмээн хэвлэлүүд янз бүрээр бичсэн байдаг.

Харин Гейтс энэ тухай өөрөө “Playboy” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Би үүрийн 4 цаг хүртэл ажиллах үе хааяа гардаг. Тэгэхдээ гадуур бичээд байдаг шиг үргэлж биш. Ерөнхийдөө би шөнийн 12 цаг хүртэл дундаа завсарлагатай ажилчдынхаа хэн нэгэнтэй компани дээрээ ажлаад гэртээ харьдаг. Гэртээ харьсныхаа дараа цаг хэртээ ном эсвэл “Эдийн засагч” сэтгүүл уншдаг. Маргааш ажилдаа өглөө 9 цагийн үед ирдэг” хэмээжээ.

30 тэрбум долларын хөрөнгөтэй хүн ингэж л ажиллаж байна даа.

Тэрбээр хэзээ ч мөнгөний төлөө ажиллаж байгаагүй юм. Өөрийнхөө ажилд үнэн голоосоо дур сонирхолтойгоос гадна хийж буй ажилдаа бие сэтгэлээрээ уусдаг нь түүний амжилтын нэг нууц биз ээ.

Билл мөн гоё ганган хувцаслахыг мэддэггүй. Хувцас бол мөнгө шиг тодорхой үүрэгтэй л байх ёстой гэж тэр үздэг. Бас тэр нэгдүгээр зэрэглэлийн ангиллаар нисэх дургүй.

“Бид түүнийг гэрлэж хэдэн хүүхэдтэй болоосой гэж хүсэж байна. Тэгвэл ажлаасаа бага ч болов хөндийрч жоохон ч гэсэн зөөлрөх болов уу” гэж хэвлэлд өгсөн өрсөлдөгчийнх нь яриа түүний амьдралдаа сонссон хамийн сайхан урамын үг болсон гэдэг.

Үнэхээр ч түүнийг хүнтэй суулгах гэсэн оролдлого нэг бус удаа гарч байсан аж. Гэвч Гейтс бараг 40 нас хүртлээ гоонь явсан юм. Бүр “Билл гей. . . юу? Тссс!” гэсэн түүний гоонь биеийн талаар гарсан онигоо байдаг билээ.

Зарим нь үүнд итгэх нь холгүй байсан шүү. Ямар ч байсан Биллд найз хүүхнүүд байсан. Бас ч цөөн гэж хэлэхээргүй. Гэрлэлтийн тухай асуултанд Гейтс “Гэрлэхийг би яарахгүй байна. Яагаад вэ гэхээр хууч хөөрж суух ч юм уу цагийг зугаатай өнгөрүүлэх найз охидууд байгаа учир” гэж хариулсан байдаг.

1980-аад оны үеэр Биллтэй янаг амрагын холбоотой байсан Энн Уинблад гэгч бүсгүй  “Бид аялалаар явж байхдаа ихэнх цагаа Ричард Феинманы физикийн онолын лекцын бичлэгийг сонсон түүнтэй холбоотой ном товхимол уншиж өөрөөр хэлбэл физикээр хичээллэсээр таардаг байсан” гэж Playboy сэтгүүлийн ярилцлагадаа хэлжээ. Билл одоо болтол түүнтэй халуун дулаан харилцаагаа хадгалан үлдсэнийг бодоход Энн Уинблад уг нь их зөв зам дээрээ байсан бололтой.

Ингээд 1987 онд “Microsoft” компанид нэгэн шинэ ажилтан оржээ. Түүний нэрийг Мелинда Френч гэдэг агаад сэхээтэн айлаас гаралтай хоёр ч дээд боловсролтой тухайн үедээ бас ч гэж 350 мянган долларын хөрөнгөтэй чамбай бүсгүй байв.

Ажилд орсоныхоо ердөө хоёрхон долоо хоногийн дараа Мелинда 500 мянган долларын ашигтай гэрээг хийж чаджээ. Тун ч удалгүй хоёр дах, гурав дах гээд ашиг сайтай  гэрээнүүд түүний гараас гарч эхэлжээ.

1988 оны 11 дүгээр сар гэхэд Мелинда бараг 100 гаруй  ажилчинтай худалдааны хэлтсийг толгойлж компанийн өмнөөс олон сая долларын гэрээ хийх эрхтэй болсон байна. Худалдааны хэлтэс шинэ даргыгаа хүлээж авах бяцхан үдэшлэг оффисдоо зохион байгуулж байтал хамгийн том босс өөрөө ирэн бүсгүйд баяр хүргэн баглаа цэцэг барьсан аж. Билл энэ удаа зөвхөн сайн ажилтандаа баяр хүргэх гэсэн л зорилго агуулж байсан гэдэг.

Хэдэн сарын дараа Мелинда мөн л хэд хэдэн амжилттай гэрээ байгуулан бас л тушаал дэвшжээ. Одоо Мелинда Билл Гейтсын хажуу өрөөнд суух болсон аж.

Мелиндагийн амжилт чадварлаг менежерүүдээс гардаг л зүйл. Энд тийм их ер бусын юм байгаагүй билээ. Гагцхүү энэ амжилтыг үзэсгэлэнтэй бүсгүй гаргасанд Биллийн сонирхлыг төрүүлээд зогсохгүй түүний царайлаг бүсгүйчүүдийн тухай тогтсон үзэл бодлыг өөрчилжээ.

 “Microsoft” компанийн ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, хэлтсийн дарга нарын өрөө л гадагшаагаа харсан цонхтой аж. Мелиндагийн өрөөний цонх компанийн ерөнхийлөгчийн өрөөний олон цонхны нэгний нь өөдөөс харсан байсан нь Билл ажилтан бүсгүйгээ царайлаг гэдгийг анзаарахад хүргэсэн гэдэг. Удалгүй тэд болзож эхэлжээ.

Гейтс дурлалт бүсгүйдээ Фицджеральдын “Агуу Гэтсби” гэдэг зохиолд гол баатар нь гэрийнхээ гадаа орой болгон усан онгоцны зогсоол дээр жижигхэн ногоон гэрэл асааж дурлалт бүсгүйнхээ дуудахыг хүлээдэг тухай ярьж өгөөд “Хэрэв чи уулзахыг хүсвэл үүнийг асаагаарай” гээд  ногоон бүрхүүлтэй ширээний чийдэн авч өгчээ.

Тэд болзоод бараг жил болж байлаа. Нэг орой Мелинда ширээнийхээ ногоон чийдэнг асаагаад Биллын утасдахыг хүлээж байв. Энэ өдрийнхөө хийх ажлыг дуусгасан тул Мелинда компьютер дээрээ Гейтсын зохиосон King Battle for Windows гэсэн хөзрийн тоглоомыг тоглож байтал “Microsoft”-н шуудан гэсэн цонх гарч иржээ.

Тэр цонхон дээр <Билл Гейтсээс> <Мелиндад>. <Үзэлцэх үү?>  гэсэн бичиг байлаа. Мелинда энэ тоглоомоор тун дажгүй тоголдог нэгэн байжээ. Ямар ч байсан тэр сургуульдаа хэнийг ч урдаа гаргадаггүй байсан гэдэг. Тэгэхээр мэдээж <ОК> гэсэн хариу илгээсэн аж.

<Тэгвэл 3 үе тоглоё>

 

<100 очко чамд илүү өгье. Бүү татгалз>

<ОК>

Нэгдүгээр үеийг Мелинда хожжээ.

<Чи тун дажгүй тоглодог юм байна. За очкогоо больё. Нэг лонх оргилуун дарс тавьлаа.>

<Зөвшөөрч байна.>

Хоёр дугаар үеийг мөн л Мелинда хожив. Биллээс ирсэн дараагийн мэйл нь <Мелинда. Надтай гэрлээч> гэсэн үгтэй байжээ.

Билл Мелинда нар 1994 оны 1 дүгээр сард хуримаа хийсэн юм. Одоо тэд гурван хүүхдийн аав ээж. Гейтсын гэрийн хойморын ханан дээр Фицджеральдын “Агуу Гэтсби” зохиолын баатар гэрийнхээ гадаа ногоон гэрэл асахыг хүлээж байгаа хэсэг жаазан дотор өлгөөстэй байдаг.

Компьютерын мангас техникийн донтонгоос баргийн уран бүтээлчээс гарахааргүй романтик сэтгэл илрэх явдал байх юм даа.

 

Өнөөдөр сонин

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen