БНХАУ-ын дарга Өмнөд Африкт айлчиллаа

ПРЕТОРИА. /Xinhua/. БНХАУ болон Өмнөд Африкийн стратегийн иж бүрэн түншлэлийн харилцааг шинэ эрин үед хүргэнэ гэж хоёр улсын төрийн тэргүүн нар тохиролцжээ.
БНХАУ-ын дарга Си Жиньпин, Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Кирилл Рамафоза нарын хооронд болсон уулзалтын үеэр хоёр удирдагч өндөр албан тушаалтнуудын харилцан айлчлалыг нэмэгдүүлж, улс төрийн харилцааг гүнзгийрүүлэн, стратегийн хөгжлийн хөтөлбөрүүдээ уялдуулан, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцсон байна. Үүний зэрэгцээ иргэд хоорондын солилцоог нэмэгдүүлж, ингэснээр ард иргэдэд хоёр талын ашигтай хамтын ажиллагаанаас үр өгөөж хүртээх боломж нээгдэх юм гэдэгт санал нэгджээ.
Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтооход болон хоёр талын харилцааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан гэж Хятадын дарга Си Жиньпин Ерөнхийлөгч Рамафозад талархал илэрхийлсэн байна.
БНХАУ болон Өмнөд Африк нь хоёулаа чухал нөлөөтэй хөгжиж буй орнууд юм гэдгийг Си Жиньпин онцлон тэмдэглээд, хоёр улс 20 жилийн өмнө дипломат харилцаа тогтоосноос хойш талууд харилцан ашигтай хамтран ажиллаж, дээшилж доошлох үедээ жаргал, зовлонгоо хуваалцаж ирсэн нөхөрсөг харилцаатай орнууд юм гэж мэдэгджээ.
Мөн тэрбээр, хоёр орон түншлэлийн харилцаагаа ахиулж стратегийн түншлэлийн харилцаатай болсон бол сүүлийн хэдэн жилийн хугацаанд харилцаагаа стратегийн иж бүрэн түншлэл болгон ахиулснаар хоёр орны ард иргэдэд гайхалтай үр өгөөжийг бий болгосон билээ гэж мэдэгдлээ.
Тэрбээр цааш хэлэхдээ, “хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Йоханнесбург хотноо болох БРИКС-ийн гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахад бид Өмнөд Африкт тусламж үзүүлэхэд бэлэн байна. Мөн Бээжин хотноо болох БНХАУ-Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтыг зохион байгуулахад Өмнөд Африк харилцан дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах хэрэгтэй. Ингэснээр талууд өнгөрсөн үеийг өвлүүлэн үлдээж, ирээдүйг залуурдан урагшлуулж, стратегийн иж бүрэн түншлэлийн үр дүнг улам бүр нэмэгдүүлэх юм” гэв.
Үүний зэрэгцээ хоёр улсын харилцаа түүхэн үедээ ирээд байгааг БНХАУ-ын төрийн тэргүүн онцлон тэмдэглээд, хоёр улс доор дурдсан салбаруудад харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хэрэгтэй гэж мэдэгджээ.
 
Үүнд:
 
-Хоёр улс төрийн өндөр, дээд албан тушаалтнуудын харилцан айлчлалыг нэмэгдүүлэх, улс төрийн харилцан итгэлцлийг гүнзгийрүүлэх, үндэсний онцлогт тохирсон хөгжлийн замналыг сонгоход харилцан бие биедээ туслах, бие биенийхээ нийтлэг ашиг сонирхлыг дэмжиж, ойлгох болон Засгийн газар, хууль тогтоох байгууллага, нам хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хэрэгтэй.
-Талууд “Бүс ба Зам” санаачилга болон БНХАУ-Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын хүрээнд хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, хөгжлийн стратегиудыг уялдуулах, эдийн засгийн шинэ салбарууд дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалаар дамжуулан хөгжлийн шинэ боломж бололцоог бий болгох хэрэгтэй.
-БНХАУ дэд бүтцийн бүтээн байгуулалт, худалдаа хөрөнгө оруулалт, шинжлэх ухаан болон технологийн шинэчлэл, санхүү зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагийн зэрэгцээ Өмнөд Африкийн эдийн засгийг хөгжүүлж, ажлын байр бий болгох, ард иргэдийн амьдрах орчныг сайжруулах, нийгмийн өөрчлөлт хийх тус улсын Засгийн газрын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна.
-Талууд хоёр улсын иргэд хоорондын харилцаа холбоог гүнзгийрүүлж, соёл боловсролын солилцоог дэмжиж, хүний нөөцийн хөгжил, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэх хэрэгтэй.
-Талууд аюулгүй байдал, хууль сахиулах байгууллагын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх хэрэгтэй. Энэ салбарт Өмнөд Африктай явуулж буй хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байна.
-Талууд НҮБ, Их-20, БРИКС зэрэг олон талт хамтын ажиллагааны байгууллагуудын хүрээнд хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх, олон талт хамтын ажиллагааг хамгаалах хамтран бэхжүүлж, нэг талт болон хамгаалалтын бодлогыг эсэргүүцэх, олон улсын шударга дэг журмыг дэмжих үйлст хамтран оролцох хэрэгтэй гэж хэллээ.
Харин Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Кирилл Рамафоза мэдэгдэхдээ, БНХАУ болон Өмнөд Африк 20 жилийн өмнө дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр улсын харилцаа тогтвортой хөгжиж, найрсаг харилцаагаа хадгалсаар ирсэн билээ гэж дурдаад, хоёр улс бүс нутаг ч гэлтгүй олон улсын түвшинд харилцан ашигтай хамтын ажиллагаа явуулж ирсэн бөгөөд энэ харилцаа нь хоёр улсын иргэдэд тогтмол үр өгөөжөө өгсөн гэдгийг онцлон тэмдэглэжээ.
Мөн тэрбээр, Өмнөд Африкийн урт хугацааны ашиг сонирхлыг харгалзан БНХАУ-тай улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлж, хамтын ажиллагааг өргөжүүлж,  шинжлэх ухаан болон технологийн салбарт ажил хэрэгч хамтын ажиллагаа явуулан, хоёр улсын стратегийн иж бүрэн хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлнэ гэж мэдэгджээ.
Үүний зэрэгцээ тэрбээр БНХАУ-ын “Нэг-Хятад” бодлогыг баримталж, “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэн, олон улс болон бүс нутгийн тулгамдсан асуудлуудад БНХАУ-тай хамтран ажиллахаа амлажээ. Мөн хөгжиж буй хоёр орны нийтлэг ашиг сонирхлыг хамгаалж, олон талт хамтын ажиллагааг хамгаалах хамтран бэхжүүлж, нэг талт бодлогыг эсэргүүцэхээ мэдэгдлээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen