Төр арилжааны банкуудад хөрөнгө оруулах уу

Өмнөх долоо  хоногийн Баасан гарагт Монгол банкны Ерөнхилөгч Н.Баяртсахан "Өнөөдөр Монгол Улсын банк, санхүүгийн салбарт томоохон өөрчлөлт шинэчлэл хийгдэж байна. Энэ нь банк, санхүүгийн салбарт сүүлийн 30-аад жилд хийгдэж байгаа томоохонд тооцогдох өөрчлөлт” хэмээн мэдэгдсэн.  Засгийн газраас өргөн мэдүүлсэн  Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжсэний дараа тэрбээр дээрхи мэдээллийг хийсэн юм. Түүний хэлснээр  "Энэ хууль банкны салбарт хийгдэх өөрчлөлтийг иж бүрэн болгоно” гэж байгаа юм.

Хуулийн зорилго нэрнээсээ бараг тодорхой. Монгол улс арилжааны банкуудынхаа  активын чанарын үнэлгээг олон улсын аудитын томоохон компани болох "TWC” компанитай хамтран хийжээ. Энэ үнэлгээгээр тун боломжтой дүн гарчээ. Өөрөөр хэлбэл арилжааны банкуудын хувьд айлгаж болгоомжлох зүйл бараг үгүй гэсэн ерөнхий дүр төрхтэй байна.  Гэхдээ банкууд нийт дүнгээрээ 511 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгийн дутагдалтай байгаа ажээ. Энэ нь  ДНБ-ий 1.9 хувьтай тэнцэх хэмжээний өөрийн хөрөнгө юм байна.

Харин үүнийг Монголбанкны Ерөнхийлөгч дурдаад 28 их наяд төгрөгийн активтай банкны салбаруудад 511 тэрбум их тоо биш гэдгийг онцолсон.  Энэ долоо хоногт УИХ-аар  хэлэлцэгдэх Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулийн төсөл энэхүү дутагдаж буй хөрөнгийг санхүүжүүлэхэд чиглэгдэж байгаа гэдэг нь тодорхой.  Гэхдээ нийт дүнгээрээ 28 их наядын активтай банкны салбарт энэ 511  тэрбум төгрөгийг босгоно гэдэг нь асуудал биш бөгөөд үүнийг банкууд өөрсдийнхөө үйл ажиллагаагаар хэрэгжүүлэх боломжтой. Харин  цаг хугацааны хязгаарлалт байгаа бөгөөд 2018 ондоо багтаж дутуугаа гүйцээж, дундуураа дүүргэх учиртай.

Энэ хугацаанд  банкууд өөрсдөө дутагдсан хөрөнгөө нөхөж чадахгүй бол бусад сонирхож байгаа хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах замаар дутагдсан хөрөнгийг харилцагчдад ачааалал өгөхгүйгээр шийдэх учиртай.  Хэрэв энэ үе шатанд банкууд дутагдсан хөрөнгөө нөхөж чадахгүй байдал үүсвэл төр оролцож зохицуулах механизмыг энэ хуулийн төсөлд тусгаж өгчээ. Өөрөөр хэлбэл арилжааны банкуудад төрийн оролцоо бий болно.

Банкийг дахин санхүүжүүлэх тухай ярихдаа өнгөрөгч оны сүүлчээр гарсан Монгол банкны Ерөнхийлөгчийн  нэгэн тушаалыг эргэн санах хэрэгтэй болж байна. Юу гэвэл, банкны хяналт шалгалтыг сайжруулах дунд хугацааны стратегийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А-276 дугаар тушаалаар банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 2021 оны  12 дугаар сарын  31-ний өдрөөс 100.0 (зуун) тэрбум төгрөгөөр тогтоох шийдвэрийг гаргасан билээ.

Өөрөөр хэлбэл энэ нь одоогийн мөрдөгдөж байгаа хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 50 тэрбум төгрөг байна гэснийг 2 дахин нэмэгдүүлж буй хэрэг юм. Энэ зорилтыг ханган биелүүлэхэд удахгүй хэлэлцэгдэх  Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хууль том дэм түлхэц болох нь гарцаагүй.

Энэ хуулийн зорилгын тухайд  УИХ-ын гишүүн Ч.Улаан: "Энэ том өөрчлөлтийг хийхэд банкны хадгаламж эзэмшигчид болон харилцагчдад ямар нэг эрсдэл үүсгэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, эрсдэл үүсэхээр байвал хадгаламж эзэмшигчид, харилцагчдад ачаалал очихгүй байх нөхцөл бололцоог урьдчилан бүрдүүлэхэд Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулийн төслийн гол зорилго оршиж байгаа юм” гэжээ.

Харин хууль батлагдснаар ямар ач холбогдолтой байхыг тодруулан харъя.

- Банкны салбарыг хүчтэй болгох, санхүүгийн салбарыг эрүүлжүүлнэ.

- Хадгаламж эзэмшигчдийн мөнгийг ямар нэг эрсдэлд оруулахгүй байх урьдчилсан хамгаалалтыг хийж чадна.

- Хууль батлагдснаар санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хадгалж, аливаа доргио, донсолгоо, хямралаас бүрэн сэргийлж чадна.

- Харилцагчдад ямар нэг эрсдэл үүсгэхгүй байх нөхцөлийг бүрдэнэ. Хэрэв ямар нэг  эрсдэл үүсэхээр байвал хадгаламж эзэмшигчид, харилцагчдад ачаалал очихгүй байх нөхцлийг  бий болгоно.

- Банкуудын санхүүгийн зуучлалын үйл ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэх, эрсдэл даах чадварыг сайжруулах нөхцөл бүрдэнэ.

- Банкуудын өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, хүүгийн түвшинг бууруулах боломж бүрдэнэ.


М.Нэргүй

Zaluu.com

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen