АКТИВЫН ЧАНАРЫН ҮНЭЛГЭЭ БАНКУУДАД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ
Монгол Улс ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдах хүрээнд арилжааны 14 банкиндаа активын чанарын үнэлгээг хийлгэхээр болсон. Энэхүү үнэлгээг банкны салбарын актив хөрөнгийг үнэлэх хөндлөнгийн, олон улсад нэр хүнд бүхий зөвлөх компаниар гүйцэтгүүлэх ёстой. Ингээд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гадаадын нэр хүнд бүхий байгууллагуудаас PWC компанийн БНЧУ дахь оффис шалгарч, шалгалтын ажилдаа ороод байгаа билээ.
AQR буюу активын чанарын үнэлгээ хийх болсонтой холбоотойгоор олонх арилжааны банк энэ шалгалтад бүдэрнэ гэсэн шум газар авах болсон. Тэгвэл уг шалгалт үнэхээр аливаа улс орны арилжааны банкуудын "мангаа” мөн үү?
АКТИВЫН ЧАНАРЫН ҮНЭЛГЭЭ ЯАГААД ХИЙХ БОЛОВ
Монгол Улсын Засгийн газар ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ тавьсан. Энэ хүсэлтийн дагуу ОУВС тодорхой хэмжээний шаардлага тавьсан. Эдгээр шаардлагын нэг жижиг хэсэг нь арилжааны банкуудад хийгдэх активын чанарын үнэлгээ юм.
Ер нь ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжих тухайн орны банкуудад энэхүү үнэлгээг хийх шаардлага тавьдаг. Тодорхой жишээ дурдахад 2013-2014 онд Европын төв банк Герман, Грек, Нидерланд, Швед, Австри зэрэг улсын 130 арилжааны банкинд активын чанарын үнэлгээ хийж байжээ. Үүнээс гадна ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд манай улсын арилжааны банкууд зээл авч байгаа. Тухайн улс зээлээ эргэн төлөх чадвартай байхын тулд тогтвортой эдийн засгийн өсөлтийг бий болгох ёстой. Эдийн засгийн өсөлт хэвийн байхын тулд зээлжилт хэвийн байх шаардлага үүснэ. Банкууд тогтвортой, зохистой харьцааны шалгуур үзүүлэлтээ хангаж ажиллаж байгаа нөхцөлд зээл олголт хэвийн байж, эдийн засаг хэвийн байдлаар өснө. Харин зээлжүүлэлт хэвийн явагдахад банкны систем эрүүл байх ёстой байдаг аж.
Дэлхийн хөгжингүй орнуудад банкны зах зээлээс илүү хөрөнгийн зах зээл илүү хөгжсөн байдаг. Харин манай орны хувьд банкны салбар нийт зах зээлийн 90-ээс дээш хувийг эзэлдэг учраас банк нь эрүүл саруул байдлаас бүх зүйл шалтгаална гэсэн үг. Тиймээс арилжааны банкуудад активын чанарын үнэлгээ хийх нь үр дүнтэй аж. Ер нь ч активын чанарын үнэлгээ хийгдэж, сайн гарсан нөхцөлд иргэдийн банкинд итгэх итгэл нэмэгддэг давуу талтай юм.
ЮУГ ҮНЭЛЭХ ВЭ?
Активын чанар буюу зээлийн эрсдэл (АОН)-ийн үнэлэх нь банкуудын өөрийн хөрөнгийн зохистой харьцааг тооцож гаргахыг хэлдэг. Манай улсын банкуудад өөрийн хөрөнгийн зохистой харьцааг нийт активын 12-14 хувь байвал хэвийн гэж үздэг байна. Өөрөөр хэлбэл тухайн банкны нийт хөрөнгө 100 төгрөг байлаа гэхэд 14 төгрөг нь тухайн банкны өөрийнх нь мөнгө байх ёстой гэсэн үг. Тэгж байж банк эрсдэлтэй нөхцөлд алдагдлыг дааж ажиллах нөхцөл боломж бүрдэнэ. Үүнээс гадна тухайн банк өөрийн санхүүгийн тайлан, тэнцэлд тусгасан иргэн Доржийн зээл, эсвэл ААН-ийн зээлийг зөв ангилсан эсэхийг шалгана. Ерөнхийдөө бол чанартай, чанаргүй, хэвийн бус, эргэлзээтэй зээлийг ангилж, үнэлэлт дүгнэлтээ өгөх юм байна. Мөн барьцаа хөрөнгийн чанарыг үнэлж, эдгээрийн үндсэн дээр тухайн банкны активын чанарыг тодорхойлно.
АКТИВЫН ЧАНАРЫН ҮНЭЛГЭЭ МУУ БОЛ ЯАХ ВЭ?
Активын чанарын үнэлгээний шалгуур үзүүлэлт хангагдаагүй, муу гарвал тухайн банк шууд дампуурна гэдэг нь өрөөсгөл ойлголт. Энэ бол тухайн банкны өөрийн хөрөнгийн хэмжээ шалгуурт хүрээгүй болохоос үйл ажиллагаа нь доголдож буй хэрэг биш юм. Тиймээс шалгуур үзүүлэлтийг хангаагүй банкинд бүтцийн өөрчлөлт хийж, дахин хөрөнгөжүүлэх арга хэмжээ авч болно. Энэ үйл ажиллагаа зургаан сарын хугацаанд үргэлжилдэг байна.
НЭГЭН ТҮҮХ
Лондонд нэгэн жижиг банк байж л дээ. Тэрхүү банк нь үүдэндээ саравчтай юмсанж. Гэтэл нэгэн усан борооноор хүмүүс банкны үүдэн дэх саравчинд хоргодож байх зуур энэ банк дампуурах гээд хадгаламж эзэмшигчид нь дугаарлаж байна гэсэн цуу тарчихаж.
Ингээд цуу ярианд итгэсэн харилцагчид нь хадгаламжаа татахаар нэгэн зэрэг дараалал үүсгэснээс болж энэхүү банк жинхэнээсээ дампуурсан гэдэг.
Банк бол харилцагчид, хадгаламж эзэмшигчдийн итгэлцэл дээр тогтдог эмзэг байгууллага. Түүн шиг ямар нэгэн худал яриа гарч, дампуурах нь, хадгаламжаа яг одоо татахгүй бол болохгүй нь ээ гээд хошуураад гүйвэл ямар ч сайн үйл ажиллагаатай банкны үйл ажиллагаа доголддог аж. Тиймээс харилцагчид аливаад хүлээцтэй хандаж, яаран дүгнэлт хийхгүй байх нь банкны салбарын хамгийн чухал шалгуур юм.
Э.Мөнхзаяа