Ирэх сонгуулийн дүнг тодорхойлох Нийслэлийн МАН-ын Бага хурал

 

Уг нь энэ үнэн юм. Тийм ч учраас Нийслэлийн МАН-ыг хэн толгойлох вэ гээд эрх баригч МАН-ынхан зодолдож байна гэж харж байлаа. Гэвч үгүй ажээ.

Энэ нам өнөөдөр Монгол төрийн эрхийг барьж байгаа. Үнэмлэхүй олноороо. Ийм ялалт ирсэн сонгууль болоод хоёр жил өнгөрлөө. Өөрөөр хэлбэл, хэт эрх мэдэлтэй бүрэн эрхийнх нь хугацаа талдаа орж байгаа юм. Гэвч ялалт авчирсан сонгуулийн маргаашаас эхэлсэн эрх мэдэл, албан тушаалын төлөөх зодоон нь ийм маягаар өнөөг хүртэл үргэлжилж байна.

Хамгийн харамсалтай нь МАН-ынхан ийн өөр хоорондоо үзэлцэхдээ нэг зүйлийг огт бодохгүй байгаа нь анзаарагдаад байгаа юм. Тэд Нийслэлийн МАН-ын даргын албан ту­шаа­лыг зөвхөн эрх мэдэл гэж харж байна. Нийс­лэлийн МАН-ын дарга том эрх мэдэл гэдэг нь үнэн. Улсын төсвийн ихээхэн хэсгийг зарцуулна. Төсөл, тен­дер олноор нь зарлаж Улааанбаатарт их ажил хийгдэж байгаа. Тэр бүхнээс Нийслэлийн Засаг дарга, Нийс­лэлийн МАН-ын дарга хол байна гэвэл түүн шиг худал юм байхгүй.

Монгол Улсын сон­гуулийн тойргийн тал хувь нь нийслэлд бай­на. Нийслэлийн МАН-ын дарга 2020 он гэхэд аль тойрог дээр хэнийг зоох вэ гэдгийг мэдэх хамгийн том эрх мэдэл­тэн. МАН-ын дарга ч той­рог хуваарилалт дээр Нийслэлийн МАН-ын даргын амыг хардаг.

Энэ мэтээр нь хөөвөл Нийслэлийн МАН-ын дарга гэдэг өнөөгийн У.Хүрэлсүхийн Ерөнхий сайд, МАН-ын дарга гэдэг албан  тушаалаас хол дутахгүй эрх мэдэл юм.

МАН-ынхан зөвхөн энэ өнцгөөр нь харж ирэх сарын 6-нд болох Нийслэлийн МАН-ын Бага хуралд "бэлдэцгээж” байна гэсэн үг.

Гэтэл хэд хоногийн дараа Нийслэлийн МАН-ын дарга болох хүн асар хүнд ачаа үүрнэ. Хамгийн түрүүнд намынхаа 2016 оны сонгуульд амласан "Аз жаргалтай Улаанбаатар”-ыг цогцлоох хэрэгтэй болно. Ингэж намынхаа нэр хүнд, рейтингийг босгож ирэх даалгавар Нийслэлийн МАН-ын шинэ даргад оногдоно. Ингээд 2020 оны сонгуульд ялалт байгуулах хамгийн том, хамгийн чухал үүрэг бий.

Ер нь бол Ерөнхий­лөгчийн, УИХ-ын, Орон нутгийн сонгуульд нийс­лэлд ялсан нам тэр чигээрээ ялдаг. Тэгэхээр Нийслэлийн МАН-ын дарга гэдэг ямархуу хэр хэмжээний албан тушаал вэ гэдэг харагдаж байгаа юм. 20 хоногийн дараа болох Нийслэлийн МАН-ын Бага хурлаар хэн дарга болох вэ гэдэг одоогоор тодорхой бус байна. Харин энэ суудлын төлөөх марафонд оролцох хүмүүсийн нэр эхнээсээ тодорч байх шиг байгаа юм. Мэдээж хэрэг, МАН дахь фракцууд тус тусын хүнээ сойж байгаа мэдээлэл бий. Энэ бол ямар ч намд байдаг үзэгдэл. Ялангуяа МАН шиг том намд олон фракц байж таарна. Одоогоор Хотын фракц, НАМЗХ, Зүүний хүчний холбоо, Дэвшилтэт холбоо зэргээс өрсөлдөх хүмүүсийн нэр дуулдаж байна. Түүнчлэн нэр дэвших магадлалтай хүмүүсийг онилсон ширүүхэн дайралтууд хэвлэлээр явж байна.

Үүнээс гадна энэ өрсөлдөөнд нэгэн хачирхалтай субъект оролцоод эхэлсэн талаарх мэдээлэл анхаарал татаж байгаа юм. Юу гэвэл, тоон дотор үсэг гэдэг шиг Нийслэлийн МАН-ын даргын сунгаанд Ерөнхийлөгчийн зүгээс "морь” сойж байгаа гэж байна. Энэ мэдээлэл МАН-ынханд ил болсон байна. Тиймээс МАН-ын нөлөө бүхий эрхмүүд саяхан уулзаж Нийслэлийн МАН-ын даргын албан тушаалын төлөө өөр хоорондоо хөл, гараа бага жийлцэж шийдэлд хүрэх нь зөв гэж ярьцгаажээ. Хэнийг энэ албан тушаалд суулгах вэ гэдэг дээрээ ч ерөнхий байдлаар тохирсон гэсэн мэдээлэл байна.

Нийслэлийн МАН-ын Бага хурлын эргэн тойронд иймэрхүү явдал болж байна. Хэд хоногий дараа хэн нэг нь Нийслэлийн МАН-ын дарга болно. Харин тэр хүн дээр хэлсэнчлэн намынхаа алдсан нэр хүнийг олж авч, "Аз жаргалтай Улаанбаатар”-ыг босгоод, 2020 оны сонгуульд ялалт байгуулах үүрэг даалгаврыг хүлээнэ.

Эцэст нь, энэ Бага хурал ирэх сонгуулийн дүнг тодорхойлох юм.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen