Ардчиллын ард “Түгжил”-үүд нуугдаж байжээ

Ардчиллын ард “Түгжил”-үүд нуугдаж байжээ

 

Монголчууд ардчиллаар "амьсгалаад” 27 жил болж байна. Энэ цаг хугацаанд Монгол Улс алдсан, бас оносон.

Өнөө цагт 1990-ээд оны ардчилсан хувьсгалыг өмчилдөг ганц нам нь АН юм. Олон намын нэгдэл, ардчилсан хувьсгалд гар бие оролцож явсан хүмүүс энэ намд харьяалагддаг учраас тэр эрхийг хөнддөг зүйл үгүй. Жирийн гишүүд нь ч өнөөдрийг хүртэл итгэл үнэмшилдээ үнэнч явлаа.

Харин сүүлийн үед тэр­хүү ардчилагчид, ард­чил­лыг өмчлөгчид баахан доройтсон юм даг уу даа. Ганц сонгуульд навс ялагдаад ингэтлээ дор орлоо гэвэл үнэнээс зөрөх байх. Тэгээд ч энэ хэмжээний түүх бичсэн нам ийм зэргийн ялагдалд сөхрөх учиргүй юм.

 

Гэхдээ ингэтэл нь сөгдүүлж буй бодлогын алдааг АН-ын удирдлагад гарсан хүмүүс хийлээ гэд­гийг хэн хүнгүй л ярьж байна. Өнөөдөр АН-ын Үндэсний бодлогын хо­роо­ны гишүүний 380 сууд­лын төлөө 500 гаруй хүн өрсөлдөж байна. Хүн тус бүр сонгуулийн хураамж гурван сая, дэнчин гурван сая, нийт зургаан сая төгрөг нам­даа хураалгасан. Мөн Нийс­лэлийн АН-ын дар­гад хоёр хүн нэр дэв­шиж байна. Тус бүр 90 сая төгрөг намдаа тушаасан. Аймгуудын АН-ын даргад нэр дэвшигчид тус бүр 15 сая төгрөгөө тушаасан байна. Ингээд бодохоор овоо хэдэн төгрөгийг АН-ынхан төвлөрүүлсэн байгаа юм. АН-ын дотоод сонгууль дөрөвдүгээр сарын 2-нд болно. Хамгийн гол нь өнөөдөр сөхөрсөн на­мынхаа нэр хүндийг АН-ын дарга нар энэ хэ­рийн мөнгөөр өөд нь татаж чадах уу гэдэгт байгаа юм.

 

Үнэндээ энэхүү мөнгө төгрөгийн асуудлыг АН-ынхан нийтээрээ эсэргүүцсэн. Гэвч дотоод сонгуулийн товыг нэгэнт гаргасан учир өгдөгөө өгөөд, нэр дэвшиж яваа хүн олон байх шиг байна.

 

За энэ ч яахав, сонгуу­лиар "газардаж”, санхүүгээр до­ройтсон АН үйл ажил­лагаагаа явуулж, нэр хүнд нь өсөөсэй гэж найдъя.

 

Гэтэл ийм их мөнгөөр өрсөлдөх эрх "худалдаж” ав­сан АН-ынхан гэдсэн­дээ хөлөө хийлцээд эхэл­лээ. Мөнгөний өмнө хүн чанар сөхөрсөн энэ цагийн дүр зураг АН-д нэвт шувт харагдаад эхлэв. Бүр өрсөлдөгч МАН-ын­хан нь ч мэдэж чада­хаар­гүй нууцуудаа ҮБХ-ны гишүүн, Нийслэлийн на­мын даргын сонгуулийн энэ үеэр уудалцгааж байх шиг байна. Санал хураах өдөр нь дөхтөл өөр олон "баримт” дэлгэгдэх бололтой юм.

 

Өчигдөр гэхэд л хэв­лэ­лүүдээр Нийслэлийн АН-ын даргад нэр дэв­шиг­чид нэг нэгийгээ гөв­сөн бололтой материал тар­жээ. НИТХ-ын дарга байсан Д.Баттулга муу, Ш.Түвдэндорж сайн гэ­сэн байна. Д.Баттулга бол­боос "...17 жилийн турш Сүхбаатар дүүргийн АН-ын дарга байсан. Хэд хоногийн өмнө дүүргийн намын даргаар өөрийнхөө бэрийг тавьсан. Мөн бэрээ Сүхбаатар дүүргийн Засаг дарга болгож, дүүр­гийн орлогчоор өөрийн хамаатнаа тавьж, Тамгын газрын даргаар садны хүнээ томилсон гэж яригд­сан. Д.Баттулгын энэ үйлдэл нь намын нөхдөдөө итгэдэггүй, хамт­ран зүтгэх боломжгүй мэт санагдлаа гэсэн яриа ч гараад амжсан. ...НИТХ-ын дарга болсныхоо да­раа тэрээр өөрийн төр­сөн дүү "халзан” хэ­мээх Д.Дашдоржийн ком­панийг зориулалтын ду­гуй түгжих, чирэх төхөө­рөмжүүдээр хангуулан, энэ ажлынхаа хүрээнд ир­гэдээс "Түгжүүлсэн дугуйны төлбөр” нэрээр 80 мянган төгрөг хурааж, хагас жилийн дотор 50 орчим тэрбум төгрөг ха­лаа­салсан тухай хэв­лэлд бичсэн байдаг. Мөн түүнийг намынхаа нөх­дөд итгэдэггүй, зөвхөн хувийн эрх ашгийн төлөө хүчин чармайлт гаргадаг хэмээсэн гишүүдийнх нь дүгнэлт хатуухан сон­­­сог­доно лээ. Тэр ч бай­тугай, өнгөрсөн сонгуу­лиар нийслэлийн АН-ыг ялаг­далд хүргэсэн хариуц­лагагүй байдлаа ухам­сарлах нь байтугай, намын даргын суудал руу тэмүүлж байна” гэсэн. Харин Ш.Түвдэндоржийг "...анх Сүхбаатар дүүр­гийн VII хороонд намын үүрийг байгуулж, даргаар нь ажиллаж эхэлсэн. 1994 оноос АН-ын орон нутаг хариуцсан нарийн бичгийн даргаар томилогдож, хөдөө орон нутгийн 280 гаруй суманд ажилласан нэгэн. 2011 онд нийслэлийн АН-ын дар­гаар ажиллаж байхдаа Баянзүрх, Хан-Уул, Чин­гэлтэй дүүргийн АН хоёр тамга, даргатай болж хувааг­даад байсан талцал, тэмц­лийг эвлэрүүлсэн нь 2012 оны НИТХ-ын сонгуулийн ялалтад голч­лон нөлөөлсөн гэж намын­хан нь үнэлдэг” гэсэн байгаа юм.

 

Энэ мэдээлэл дэх үнэн худлыг бид шүүхгүй, тун­гаахгүй. Харин мань хоёр нэр дэвшигчийг ин­гэтэл харьцуулсан бич­вэрийн утга анхаарал та­тах­гүй байх арга алга. Уг нь Д.Баттулга, Ш.Түвдэндорж хоёр бол нэг намын журмын нөхөд. Өнгөрсөн 27 жилийн турш өчнөөн ихийг үз­сэн эрс байж таарна. Олон нийт ч мэднэ дээ. Гэ­тэл иймэрхүү нэг нь нөгөө­гөө гөвсөн бичвэр УИХ-ын сонгуулийн үед л гарч ирж, АН нь МАН-аа, МАН нь АН-аа ин­гэтэл хэлсэн байдаг. Гэтэл АН-ын дотоод сун­гаанд мөнгөний хэмжээ тавь­сан нь явсаар хүн чанарын хэмжүүрийг харж болохоор юм болго­чих­жээ. Маргааш нар мандана гэдэг шиг АН-ын дотоод сонгууль хоёр, гуравхан хоногийн дараа дуусна. Эд бие биенийхээ нүүрийг хараад л суух байх даа.

 

Дээрх бичвэрээс сэдэл аваад Нийслэлийн АН-ын даргад нэр дэвшигчдийг харьцуулж нэг бодлоо. Д.Баттулгыг бол ядруухан улстөрч дөө гээд дүгнэчих хүн гарахгүй л байх. Ард­чил­лын сайн, мууг үз­сэн цөөхөн хүний нэг. Унаж, босч явсан улстөрч. Өнгөрсөн жи­лүүдэд нийслэлийн удирд­ла­гуу­дыг муу ажилласан гэж хэн хэлэх юм бэ. Нөгөөтэйгүүр Д.Баттулга АН-ыг ялсан үед 2013 онд билүү дээ, МУЗН-ийн ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэж байв. Иймэрхүү байгууллагыг эрх баригчид хүч түрээд авдаг даа, уг нь. Д.Баттулга тэр сонгуульд МАН-ын Н.Энхболдод ялагдсан. Араас нь гоншгоноогүй. Товчхоон хэлэхэд, "эвдэрчихэлгүй” унаж сурч байж бөх болдог шиг ялагдал хүлээж сурчихаад улстөрч гэж өөрийгөө нэрлэх нь зүйн хэрэг. Өөрөөр хэлбэл, Д.Баттулга бол улстөрч л хүн юм. Ш.Түвдэндорж ч ялгаагүй улс төрд олон жил явж байгаа хүн. Намын дарга, төрийн сайд хийж явсан туршлагатай. Гэхдээ магтаад байгаа шиг бүх юмны тэргүүн эгнээнд явж, цэнхэр тугаа мандуулсан гэвэл дэгсдүүлсэн болж мэднэ. Ер нь бол энэ сонгуульд дээрх маягаар магтуулж журмын нөхрөө "нухуулсан” материал тараалгасан нь жаахан тиймхэн эрийн шинж шүү. Өөрөө мэдээгүй байж болно л доо. Команд, зөвлөгөө өгөөгүй, ийм зүйл сэдээгүй байхад нь дэмжигчид нь сайн санаад ийм операци явуулсан байж ч мэднэ.

 

Тэгэхээр Ш.Түвдэн­дорж биш ч АН-ын хэн нэгэн ийм бичвэр тараа­гаад сууж байна гэсэн үг. Үүнийг манайхан Түгжил гэж нэрлэдэг болсон. Яагаав, "Тунгалаг тамир”-ын Түгжилүүд амьдрал дээр, ялангуяа улс төрд олширсон болохоор ингэтэл газар авч байгаа хэрэг. Харин нам дотроо Түгжилддэг явдал бол Монголын улс төрд тун цөөхөн гарсан даа. Тэгтэл ардчиллын ард Түгжилүүд нуугдаж байжээ. Нээлт­тэй, ил тодоо нэрийн хуу­дас болтол ярьдаг ард­чил­лынхан бие биеэ Түгжилдэнэ гэдэг Мон­голын ардчилал, Мон­голын улстөрчдийн ёс сур­тахуун, монгол хүн чанар ягтаа тулжээ гэдэг том дүгнэлт хийхэд хүргэж буй юм.



Б.ДАМДИН-ОЧИР /ЗУУНЫ МЭДЭЭ/

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen