Да.Ганболд болон түүний эхнэр Ц.Оюуны шуналаас болж 400 орчим хүүхдийн эрх ашиг зөрчигдөх үү?
"Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ын гишүүн, эдийн засгийн ухааны доктор Да.Ганболд гэх энэ эрхмийг бид халзан Ганболд гэх нэрээр нь мэддэг. Түүний гэр бүлийн хүнийг Ц.Оюун гэдэг бөгөөд тэртээ 2002 онд Гёте сургуулийг найзынхаа хамт үүсгэн байгуулж байсан. Найзтайгаа хамтран ажиллах гэрээ нь дуусгавар болсон тул Ц.Оюун нь шинээр "Дойче шоуле” буюу Герман сургуулийг үүсгэн байгуулж, найз П.Хажидмаа нь Гёте сургуулиа өөр байранд шилжүүлэн үргэлжлүүлэн авч явж байгаа. Гэвч Гёте сургуулийн үйл ажиллагаанд Ц.Оюун саад хийсээр өдгөө эл асуудал шүүхэд шатанд байгаа юм. Үүний улмаас 400 орчим хүүхдийн эрх ашиг зөрчигдөхөд хүрээд байна.
Гёте сургуулийг байгуулсан түүх
Багаасаа нөхөрлөсөн Ц.Оюун, П.Хажидмаа гэх хоёр бүсгүй санаа зорилго нэгдэн хамтран ажиллах гэрээ байгуулсны үндсэн дээр Гёте сургуулийг байгуулсан байгаа юм. Ингэхдээ Ц.Оюун нь хичээллэх байрыг, П.Хажидмаа нь оюуны хөрөнгө оруулалт буюу менежментийн бүхий л үйл ажиллагааг хариуцан хийсэн бөгөөд 2003 онд төслийн хүрээнд банкнаас хөнгөлөлттэй зээл авсан байдаг. Харин зээлээ төлөгдөж дуусах хүртэл хамтран ажиллах гэрээ дуусгавар болохгүй бөгөөд энэ хугацаанд хамтран байгуулсан сургуулийн ашгийн 70 хувь нь Ц.Оюуных, 30 хувь нь П.Хажидмаагийнх байх тохироог гэрээгээр хийсэн байна. Ингээд Гёте сургуулийн дэд захирлаар Ц.Оюун, захирлаар нь П.Хажидмаа ажиллаж 2013 онд зээлээ төлж дууссан байдаг.
Энэ хугацаанд сургуулийн өргөтгөл барьж, Герман хэлний диплом №2-ын шалгалтын төв болсон, Монголын шилдэг 10 сургуулийн нэг болж чадсан, олон арванг сурагчийг Герман улсад сурагч солилцооны хөтөлбөрт хамруулсан, Их дээд сургуульд явуулсан зэрэг багагүй амжилт гаргасан байдаг.
Зээл төлж дууссаны дараагаар гэрээг цуцлахаар бол талууд бие биедээ 6 сарын өмнө мэдэгдэж, өөрсдийн оруулсан хөрөнгө оруулатыг хэн хэнээсээ нэхэхгүй байхаар гэрээнд тусгажээ. Харин хамтран ажиллаж байх хугацаанд бүтээсэн бүхнийг 50/50 хувиар хувааж авах тохиролцоотой байв. Яг энэ тохиролцоо 2016 оны 03-р сарыг хүртэл хэвийн үргэлжилж байсан.
Оюуны өмчөөр баталгаажсан Гёте сургуулийг өөрийн болгох гэсэн Ц.Оюуны санаархал ба сурагчдын хохирол
2016 оны 03-р сард Ц.Оюун сургуулийн захирлын үүрэг болох санхүү, үйл ажиллагааг өөрөө хариуцаж , харин гадаад харилцаа хариуцсан захирлын үүргийг П.Хажидмаад хариуцуулах "горим”-ын санал гаргасан аж. Ингэснээр анхны гэрээ хүчингүй болох эхлэл тавигдаж 2017 оны 01-р сард гэрээг цуцалж, анх оруулсан хөрөнгүүдээ эзэд нь авахаар тохиролцсон. Улмаар Гёте сургууль нь өөр байранд үйл ажиллагаа явуулахаар болж, энэ талаараа сурагч, багш ажилчдад мэдэгдэл хүргүүлсэн байна.
Гэрээг цуцалж байгаа болохоор Гёте сургууль өөр байранд үйл ажиллагаа явуулж, Ц.Оюун өөрийнхөө байранд "Дойче Шүле” хэмээх шинэ сургууль байгуулжээ.
Сургуулийн захиргааны мэдэгдлийн дагуу 13 багш Гёте сургуульдаа үргэлжлүүлэн ажиллахаар болж 2017 оны -р сараас эхлэн шинэ байранд ирсэн сургуульдаа сургалтын үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. Гёте сургууль нүүхээс өмнө тус сургууль нь 492 сурагчтай байснаас 282 нь шинэ байранд хичээллэх Гёте сургуульдаа үргэлжлүүлэн суралцахаар, 30 гаруй хүүхэд нь өөр сургуульд шилжин суралцахаар, 180 хүүхэд нь хуучин хичээлийн байранд хичээллэх шинээр байгуулагдсан Дойче Шүле сургуульд суралцахаар үлдсэн байдаг.
Гэтэл шинэ байранд суралцах болсон 282 хүүхдийн хагас жилийн төлбөр болох 472 сая гаруй төгрөгийн талыг Ц.Оюун багагүй хугацаанд өөртөө байлгаж өгөхгүй байсан байна. Харин Гёте сургууль асуудал тавьж албан бичиг өгч нэлээд хөөцөлдсөний эцэст 190 сая төгрөгийг суралцагчдын төлбөр болгон өгсөн ч үлдэгдэл 260 сая гаруй төгрөгийг одоо болтол өгөөгүй байгаа юм байна.
Мөн хуулинд заасан ЕБС-ийн сурагчдад зориулсан хувьсах зардлын мөнгийг өгөхгүй "луу унжиж” өдгөө асуудал шүүхийн шатанд шилжжээ. Сурагчдын төлбөр болон хувьсах зардал нь хэн нэгний хувийн өмч бус харин тухайн суралцагчийг амжилттай сайн сурахад нь, чанартай боловсрол олж авахад нь зарцуулагдах учиртай атал өнөөг хүртэл төлбөрийн үлдэгдэл болох 260 сая гаруй төгрөгөөс гадна төрөөс олгож буй хувьсах зардлыг ч Ц.Оюун гэх хүн өөртөө завшин хүүхдийн эрхийг хохироосоор бүтэн жил болж байгааг эцэг эхчүүд харамсан хэлж байна.
Үүгээр энэ хүний их санаархал дууссангүй бүүр "Шинэ Гёте” гэх нэрийг өөрийнхөө нэр болгуулж, шинэ сургууль байгуулахыг завдсан нь гайхширал төрүүлж байгаа билээ. Энэ нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаанаас харагдаж байх юм.
Өөрөөр хэлбэл Ц.Оюун охин Г.Булганы хамтаар Гёте сургуулийн нэрийг ашиглан Оюуны өмчийн холбогдох хуулийг зөрчин ашиг олох гээд бүтэлгүйтсэн байгаа юм. Үүндээ "хорссон” тэр хүн Гёте сургуулийн хүчингүй болсон тамга тэмдгээр "шоу” хийж олон түмний толгойг эргүүлэн боловсролоор тоглож сууна.
Ингэхдээ Гёте сургуулийн мөнгийг өгөхгүй байх янз бүрийг арга замыг ашиглаж байгаа юм. Энэ асуудал нь өнөөдөр мөн л шүүхийн шатанд явж байна. Ц.Оюун нь шүүх хурал дээр гаргаж ирэх дорвитой тайлбаргүй, нотлох баримтгүй, нэгэнтээ хууль зөрчиж, ёс суртахуунгүй аашилж байгаагаа мэдсэн тул дээр дурдсан төлбөрүүдийг Гёте сургуульд өгөхөөс аргагүй байдалд хүрмэгц башир арга хэрэглэн шүүх хурлыг ямар нэгэн шалтгаанаар хойшлуулж асуудлыг сунжруулан жил гаруй гацааж байна.
Үүгээрээ санхүүгийнхээ баримтыг хүртэл хуурамчаар үйлдэж байж ч болзошгүй гэсэн эргэлзээ төрүүлэхээр байдалд хүргэжээ.
Чухам эдгээр байдлаас болж өнөөдөр Гёте сургуульд суралцаж буй 400 орчим хүүхдийн эрх ашиг ноцтой зөрчигдөхөд хүрээд байгааг тухайн сургуулийн хамт олон, эцэг эхчүүд халаглан гайхаж, харамсан өгүүлж сууна.
Боловсрол бол хамгийн ариун байх, хамгийн нандин үнэ цэнтэй байх учиртай. Тиймээс ч эцэг эхчүүд хүүхдийн боловсролын төлөө чухам л "амиа өгдөг” гэдэгтэй олон хүн санал нийлнэ. Эдгээр хүүүхдийн эрх ашгийн төлөө шүүх хяналтын байгууллагууд хэрхэн ямар шийдвэр гаргаж байгаа талаар бид эргэн мэдээлэх болно.
Эрэн сурвалжлах сэтгүүл зүй нь нийгэм дэх эерэг бус үйлдлийг илрүүлж үнэн зөвийг мэдээлэх үүрэгтэй тул Да.Ганболдын эхнэр Ц.Оюун хууль зөрчсөн бусармаг үйлдэл хийхээс сэргийлж дээрх асуудлуудыг ч мөн эргэн мэдээлэх болно.
Э.Баяр