Удам дамжсан уурхайчин

Удам дамжсан уурхайчин

Удам дамжсан уурхайчин

 

Ажлын дараа уулзахаар товлосон цагтаа хөргийн маань "баатар” ирлээ. Хөнгөн алхаатай, шаламгай байрын бор залуу ажилдаа ч ийм л хурдтай байдаг болов уу гэсэн анхны сэтгэгдлийг төрүүлсэн юм. Үнэхээр ч түүний яриа, хүсэл зорилго, ажилдаа хандах хандлага миний бодолтой яв цав нийлж байв. Тэр Эрдэнэт үйлдвэрийн хамгийн олон ажилчинтай, хамгийн том цехэд засварчнаар ажилладаг. Бүр тодорхой хэлэх юм бол, Баяжуулах фабрикийн Засварын хэсгийн Тоног төхөөрөмжийн засварчин Ганбатын Бат-Эрдэнэ. Гэхдээ тэр одоогийн энэ ажил дээрээ сар гаруйн өмнө л "томилогдсон”. Чамгүй урт хугацаанд бригадын дарга хийсэн түүнийг яагаад гэнэт засварчин болоод "буучихав” гэж гайхаснаа нуух юун. Харин тэр энэ учир шалтгаанаа бишрэхгүй байхын аргагүйгээр ийн тайлбарласан. "Одоо миний ажиллаж байгаа бригадаас хэд хэдэн ахмад ажилтан өндөр насны амралтдаа суух нь дөхөж байгаа. Тэднийхээ мэдлэг туршлага, зөвлөгөө сургаалийг өвлөж үлдэхийн тулд засварчны "илгээлт авсан”. Гол ажлыг нь нугалдаг гурван хүний нэг нь өнөө жил тэтгэвэртээ гарах эрх нь нээгдсэн. Арван хуруу шигээ ажлаа мэддэг тэр хүмүүсийн тархин дахь эрдэм ухаан, гарт нь буй дадлага, урыг авч үлдэх чин эрмэлзэлтэй. Ингэх нь бидний үүрэг”...

 

Баяжуулах фабрикийн Засварын хэсэг үйлдвэрлэлийн үндсэн тоног төхөөрөмж, тээрэм , бутлуур,хөвүүлэн баяжуулах машин гээд "аварга” техникүүдийн урсгал болон их засвар үйлчилгээг хариуцна. Шинээр солих эд ангиудын угсралт суурилуулалтын ажлууд ч эднийхэнд "хамаатай”. Тиймээс техниктэй харьцах хатуу ширүүн, уян хатан бүхий л эрдмийг тэд эзэмшсэн байх хэрэгтэй болдог. Зарим үед засварынхны ажил амаргүй нөхцөл байдалд ч өрнөх нь бий. Хаана эвдрэл, гэмтэл гарна, тэнд очно. Хананд авирч засах үе ч гарна. Тиймээс байршил харгалзахгүй ажилладаг ажлаа аюулгүй, чанартай гүйцэтгэхийн тулд "сэтгэлтэй” байхыг засварчдаас шаардана. Харин энэ үүргээ Г.Бат-Эрдэнэ хамгийн нэр төртэй биелүүлдэг. Ингэж хэлэх том шалтгаан бий. Учир нь тэр Шинийг санаачлагч.

Удам дамжсан уурхайчин

 

Удам дамжсан уурхайчин

Түүний гаргасан санал санаачилгууд нь ажлын байрны нөхцөл сайжруулахад чиглэдэг. Тэдгээр нь өдгөө бодит биелэлээ олж, олон хэсэгт ашиглагдаж байгаа. Ганцхан жишээ дурьдая. Баяжуулах фабрикийн МШЦ 5.5, 6.5 тээрмийн том хүрд арааг нь солих үед дээр нь гарч, кранаар оосорлох болдог. Ийм үед зориулалтын шат тавцан байдаггүйгээс аюулгүй ажиллагааны эрсдэл үүсдэг байв. Үүнийг арилгах үүднээс шат тавцангуудыг хийхээр санаачилсан нь үр дүнгээ өгч, төв корпус дахь бүх тээрмийн араанд тавигджээ. Одоо эндэхийн засварчид тээрмийн арааг засаж солихдоо айх аюулгүй болж, төмрөөр хийгдсэн тул технологийн ажилчид угааж цэвэрлэхэд нь ч хялбар дөхөм болсон. Сэтгэл зүтгэл, "нүдээ олсон” зөв санаачилга хичнээн хүнд ач тусаа өгч болдогийн шилдэг жишээ энэ буюу.

 

Засварчин Г.Бат-Эрдэнийн бөхөөр бол үндсэн мэх нь гэдэг шиг, түүний үндсэн мэргэшил нь хийн зүсэгч. Анх засварчнаар ороод л хийн зүсэгч болжээ. Энэ бол төмрөөр эсгүүр хийдэг гэсэн үг. Тэр энэ ажилдаа дуртай нэгэн. Чөлөөт цагаараа ч ямар нэг зүйл оролдож сууна. Ямартаа л төмрөөр монгол гэрийн тооно урлахав дээ. Өнгөрсөн зун тэрээр хөдөө хөгшин ээжийндээ амрахаар очиход гэрийнх нь тооно нэлээд муудсан харагджээ. Салхи шуурганд тэсвэртэй, бат бөх тооно хийж өгөе гэх бодол энэ үед төрсөн гэдэг. "Их нарийн чимхлүүр ажиллагаатай, цаг хугацаа багагүй шаарддаг болохоос болмоор санагдсан. Миний хийсэн тооныг ах дүү нар хараад "овоо болж” гэсэн. Тэд маань ч хэдийнэ захиалсан. Өмнө нь хийж байсан туршлагагүй болохоор дэлгүүрээс төмөр худалдаж аваад хийчихсэн. Дараагийнхаа тооныг илүү туршлагатай хийхээр бодож байгаа. Аргачлалаа боловсронгуй болгох хэрэгтэй” гэж өнөө л шинийг эрж хайдаг зангаараа бодлогоширонгуй ярина лээ.

Удам дамжсан уурхайчин

 

Тэр эмээгийн хүү байснаа өгүүлэх дуртай. Булган аймгийн Орхон суманд эмээ дээрээ өсч, ахлах сургуулиа Эрдэнэтэд аав ээжийнхээ дэргэд төгсчээ. Аравдугаар ангиа дүүргээд цааш суралцаагүй нь бяцхан бүтэлгүй түүхтэй. Хаврын "конкурс” өгөх өдрөө ахындаа очоод, шалгалтын цагаасаа хоцорчихож. Дараа жил нь дахин өгөхөөр бэлдсэн ч тэр үед аав нь мэргэжлээс шалтгаалах өвчнөөр өвдөөд, ажлаасаа гарахаас өөр аргагүйд хүрчээ. Өөрийнхөө оронд хүүгээ засварчнаар оруулах зорилготой байсан аавынхаа хүслийг биелүүлж, замналыг нь үргэлжлүүлье гэж тэр шийдсэн гэсэн.Ингэж аравдугаар ангийн ширээний араас уурхайчны замд хөл тавьжээ. Аавынхаа ажлыг өвлөж, удам дамжсан уурхайчин алдрыг зүүх хувь завшаандаа үргэлж талархаж, Эрдэнэт үйлдвэрээ бодохоор " сайхаан” гэдгээс өөр үг олдохгүй юм гэж хөрөг найрууллын баатар маань догдлон өгүүлсэн. Хожим түүнд ахиж дэвшин суралцах боломж нээгдсэн хэдий ч ажлаасаа хөндийрч, сургуульд явахыг төдийлөн хүчлээгүй гэдэг.

Удам дамжсан уурхайчин

Г.Бат-Эрдэнийн засварчны "А” заасан багш нь Б.Отгон гэж хүн бий. Хийн зүсэлт, гагнуур гээд засварын хэсэгт хийгддэг бүхий л ажлын чадвар, арга барил, дадлагыг түүнд зааж өгчээ. Өөрөө ч ажилдаа их сайн, нягт нямбай гэж ярилтгүй. Отгон багшийнхаа ачаар тоног төхөөрөмжийн засварчны эрдэмд суралцаж, өдий зэрэгтэй яваагаа шавь нь хэлсэн. Засварын хэсгийнхэн бригадын системээр ажилладаг. Нэг хүний гэхээсээ багийн ажлын үнэлгээгээр дүгнэгддэг. Хамтын хүч оролцооноос шалтгаалж, үр дүн нь гардаг болохоор нэг нь л хойш сууж, хайхрамжгүй хандвал бусдынх нь хичээл зүтгэл талаар өнгөрнө. Ялихгүй залхуу зангаас болж том бүтээмжээ үгүй хийх учиргүй. Дутуу дулимаг сэтгэлгээ бол хөдөлмөрийн хүний хамгийн аюултай "дайсан”. Г.Бат-Эрдэнийн ажилдаа, амьдралдаа ч баримталдаг шугам нь энэ. Уурхайчны залгамж халаа гэх алдраа өндрөөс өндөрт өргөж яваа тэр нэг хүү, хоёр охины аав, хүний халамжит хань. Хийж бүтээхийн эрмүүн хүслээр жигүүрлэж, амьдралаа өөрийхөөрөө зурж яваа түүнд өөдөөс ирэх өдөр бүр жаргалтай бас амттай байх нь дамжиггүй.

 

Удам дамжсан уурхайчин

 

Баяжуулах фабрикийг Эрдэнэт үйлдвэрийн зүрх нь гэдэг. Тэгвэл фабрикийн зүрх бол хийе, бүтээе, болгое гэсэн чин сэтгэлтэй уурхайчид. Хүний мөс чанар, зүрх сэтгэлийг юунаас ч эрхэм хэмээх түүний төлөв төрх "уурхайчид бол жинхэнэ мужик” гэдгийг ч дахин батлах мэт.

М.Балжинням

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen