Бригадын дарга
Гэгээн өглөөний нарны түмэнтээ цацарсан гэрлээс аз жаргал, баяр хөөрийг мэдэрч, өдөр бүр ажил өөдөө яаран тэмүүлэх энэ хүнийг Цогзолын Баянжав гэнэ. Тэр "Эрдэнэт” үйлдвэрийн Баяжуулах фабрикийн Шүүн хатаах хэсгийн оосорлогч, ачилтын бригадын дарга. Эх орны эгэлгүй бүтээгдэхүүн зэс молибдений баяжмалыг экспортод ачих эцсийн дамжлагын хариуцлагатай албыг Ц.Баянжав, түүний журмын нөхөд залгуулдаг. Шүүн хатаах хэсэг хоногт 27-30 орчим чингэлэг буюу 2000 орчим тонн зэсийн баяжмал ачуулдаг. Энэ аварга үйлдвэрийн эцсийн бүтээгдэхүүн төлөвлөгөөндөө хүрч ачигдах эсэх нь тэднээс хамаарах болохоор "Бид эх орны хөгжилд хувь нэмрээ оруулдаг” гэж "томрохоос” ч аргагүй. Кранд ууттай баяжмал өлгөх, баяжмалыг чингэлгийн даацад тохируулан ачих үүрэгтэй энэ ажил кранчны дохиог зөв мэдрэхээс эхлэн сонор сэрэмж, авхаалж самбаа их шаарддаг аж. Хөдөлмөр "буцалсан” энэ талбайдаа очих нь түүнд юу юунаас илүү жаргалтай. Биеийн хүч, эв дүй шаардсан, гар ажиллагаа ихтэй, ачаалал өндөртэй оосорлогчийн ажилд 30 шахам жил зүтгэхдээ тэр хэзээ ч түүртсэнгүй. Ц.Баянжавын ажил залуустайгаа таван хормын дасгал хийж, биеийн чилээ гаргахаас эхэлнэ. "Баянаа ахаа дасгалаа эхлээрэй” гээд л хөгжилдөх залуусаа харахаар өөрийнхөө насыг ч мартахаа дөхнө. Тэднээсээ маш их эрч хүч авдаг гэнэ. Тасралтгүй ажиллагаатай "Эрдэнэт” үйлдвэрт үндсэн үйлдвэрлэлийн ажилчид 12 цагийн ээлжээр ажилладаг. Ажил дээр үүргэлэх нь аюул эрсдэлд хүргэх хор хөнөөлтэй, иймээс маш сайн амарч ирэхийг залууст тэр "үүрэгдэнэ”. Ц.Баянжав ажил эхлэхийн өмнө бригадынхнаа сайтар ажиглана. Хэн нэгний нойр дутуухан, ядарсан харагдвал: "За хө чи 10 минут дугхийчих. Ах нь ажлыг нь хийж байя” гэх. Арыг нь найдвартай дааж, хоёр хүний ажлыг зэрэг хийж буй бригадын даргаа хараад залуус түүнд талархдаг. Аюулгүй ажилла, ажилдаа 5А зарчмаа баримтал гэж үргэлж захина. Мөн ажлаа чин сэтгэлээсээ хий, бүү залхуур гээд л сургамжлах. Ажлын байран дахь эрсдэлээс сэргийлж, мэдээлэх ажилд тэр байнга идэвхтэй оролцдог. Энэчлэн Эрдэнэт үйлдвэрийн "Аюулгүй ажиллагч”-аар хоёр ч удаа шалгарсны гэрч зэс бугуйвчаа зүүсэн нь содон харагдана.
17-хон настайдаа автын засварчнаас хөдөлмөрийн гараагаа эхэлсэн Ц.Баянжав улсад 40 шахам жил ажиллахдаа нэг ч удаа эмнэлгийн акт авч үзээгүй аж. 2015 онд "Эрдэнэт” үйлдвэр 20-иос дээш жил ажилласан, акт авч байгаагүй дөрвөн хүн байгааг тогтоож, унадаг дугуйгаар урамшуулсан юм. Тэдний нэг нь миний хөргийн баатар. Уул уурхайн үйлдвэрт хүнд хүчир хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийн хувьд ийм байх нь бараг боломжгүй зүйл. Ц.Баянжав өөрийгөө эерэг энергээр цэнэглэн, хөгширч биш хөшиж үхдэг гэх үгийг санаж, байнгын хөдөлгөөнтэй байсныхаа үрээр олон жилийн турш "эрүүл, саруул” аж төрж буй ажээ. Тэр өглөө эртлэн босч, нарнаас энерги авч, биеийн тамирын дасгал хийн, гүйдэг хэвшилтэй гэнэ. Дулааны улиралд унадаг дугуйгаараа ажилдаа явна. Ц.Баянжав бага залуудаа иртэйхэн эр байж. Спортын тэмцээнд хамт олноо оройлон оролцоно. Тэр "адуу шиг” гүйж, чөлөөт болон үндэсний бөхөөр чамгүйхэн барилдчихдаг залуу явж. Хатгалд цэргийн албаа хааж байхдаа Хөвсгөл аймгийн баяр наадамд гурав давчихаад, халуун сав, таван төгрөгөөр шагнуулж явснаа мартдаггүй.
Эрт босвол нэгийг үздэг, орой унтвал нэгийг сонсдог, худал хуурмагаас хол яв, үнэнч шударгаар хөдөлмөрлө гэх аав ээжийнхээ сургаалиар замнасан Ц.Баянжав эцэг эхээс наймуулаа. Завхан аймгийн Алдархаан сумын харьяат Цогзол агсны хүүхдүүдийн тал нь Эрдэнэтэд үнэнч хөдөлмөрөө зориулан, сайн сайхан ажиллаж амьдарч явна. Ц.Баянжавын ах Ц.Дагвадорж "Эрдэнэт” үйлдвэрийн анхдагч, краны машинч, түмэнд алдраа дуурсгасан Аж үйлдвэрийн гавьяат ажилтан бий. Одоо тэр гавьяаны амралтаа эдэлж буй. Дүү Ц.Төмөрбаатар нь Шүүн хатаах хэсэгт оосорлогч, охин дүү Ц.Даваажаргал нь Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ компанид ажилладаг.
Ц.Баянжавын амьдрал аз жаргалаар дандаа бялхаж явсангүй. Элэг бүтэн жаргалтай амьдралыг нь нэг л өдөр хагацлын хар сүүдэр бүрхжээ. Нэгэн биенийх нь тал, насны үнэнч хань нь гэнэтийн ослоор хорвоог орхив. Орчлон орвонгоороо эргэсэн мэт энэ цагт барьц алдаж, бор дарсаар сэтгэлээ хуурах үе ч тохиосон. Тэр сэтгэлийн тэнхээгээр энэ "балчгаас” сугарч чадсан ухаантай нэгэн. Үр хүүхдээ эрдэм чадалтай, ухаалаг зөв хүн болгохын төлөө бүхнээ зориулж, өөрөө зөв үйлтэй зөв хүн байхыг хичээж ирж. Одоо тэдний зургаан хүүхдийн тав нь дээд боловсрол эзэмшин, улс орондоо сайн сайхан хөдөлмөрлөж явна. Бага охин нь Хятадын Бээжин хотноо гадаад харилцааны чиглэлээр суралцаж, орон орны охид хөвгүүдтэй мөр зэрэгцэн суралцаж байна. Тэр хүмүүст инээмсэглэж байхыг уриалдаг. "Инээмсэглэл- баяр баясал, сэтгэлийн амар амгаланг түгээдэг шидтэй. Сайхан энергээр өөрийгөө цэнэглэн, бусдад үүнийгээ "халдааж” яваарай” гээд сайхан инээмсэглэв.
Баяжуулах фабрикийн болон "Эрдэнэт” үйлдвэрийн Хөдөлмөрийн аварга, Тэргүүний уурхайчин цолтой энэ хүн, "Би ганцаараа юухан бүтээж чадах билээ. Хамт олон, хүчирхэг үйлдвэрийнхээ буянаар ажил үйлс маань өөдрөг бүтэмжтэй, амьдрал ахуй маань гэрэл гэгээтэй байна. Би бор ууландаа сүслэн залбирч явдаг. "Эрдэнэт” хэмээх гайхамшигтай үйлдвэрийн нэгэн эд эс нь болсноороо би дандаа бахархаж явдаг” гэсэн юм.