Зөвхөн бодлынхоо хүчээр туржээ

 

Нэгэн уэльс бүсгүй өөрийгөө туранхай гэж бодож, бодлынхоо хүчээр санаанд оромгүй турсан түүхээ "Dailymail” цахим хуудаст хуваалцжээ. Тэрээр жилийн хугацаанд зөвхөн бодлоо өөрчлөх замаар жингээ хаяж, өмсдөг хувцасныхаа размерыг 18-аас 8 болтол нь багасгаж чадсан байна.

Түүнийг Хитер Жонс гэдэг. Одоо 38 настай. Үнэт эдлэлийн гэрэл зураг авах ажлаар мэргэшсэн нэгэн аж. Тэрээр 2009 онд найз залуугаа өвчнөөр нас барсны дараа уй гашууд автсандаа сэтгэлээ амттай хоол ундаар засч явсаар танигдахгүй болтлоо жин нэмсэн байна. Бүтэн жил гэрээсээ гаралгүй, хэт чихэрлэг хүнсээр өөрийгөө аргадаж явсан тэрээр илүүдэл жинтэй нэлээд хэдэн жил явсны эцэст 2015 оны хавар өөрийгөө өөрчлөх хэрэгтэй гэж шийджээ.

Энэ үедээ тэр "Сэтгэл хөдлөлөөс чөлөөлөгдөх техник”-ийн тухай олж сонсчээ. Энэ бол бодлоо өөрчилж, эергээр бодож сэтгэх замаар амьдрал ахуйгаа өөрчилж болно гэсэн сэтгэлгээний нэг арга юм. Гэхдээ үүний тулд өөрийн энергийн системд хуримтлагдсан таагүй сэтгэгдэл, сөрөг бодлыг гаргаж чөлөөлөх ёстой. Энэ бол яг л энергийн тодорхой цэг дээр зүү тавьдаг уламжлалт эмчилгээтэй адил. Гэхдээ биеэ зүүгээр хатгаж, өвчнийг гадагшлуулах биш, биед хуримтлагдсан сөрөг сэтгэгдэл энергийг сэтгэлийнхээ хүчээр гаргана гэсэн үг аж.  

Чихэр, шоколад, түргэн хоолонд дуртай, сахаргүй л бол амьдарч чадахгүй мэт болсон Хитер өөрийгөө өөрчлөхийн тулд далд ухамсартаа "Биеэ хайрла”  гэж байнга  хэлдэг болсон байна. Тэрээр жингээ хаяхын тулд энэ үгээр л тархиа дасгалжуулж, өөрийгөө сайн сайхнаар бодож эхэлсэн байна. Бие нь өөрийн эрхгүй амттай зүйл хүсч шаардаж эхлэхэд тэр цухалдах юм уу сэтгэлээр гутрахгүйгээр нүүр, цээжин тус газраа тодорхой цэгүүдэд хурууныхаа өндгөөр зөөлхөн товшиж, тархиа тайвшруулж, эерэг бодлоор өөрийгөө цэнэглэдэг байсан байна.

 "Би өөрийгөө хайрлаж байна” гэх мэтээр эергээр бодож сэтгэж эхлэхэд хэдхэн хормын дараа л нөгөө хүсэл нь дарагдсан байдаг гэнэ. Ийм маягаар хэдхэн сарын дотор гэхэд Хитер мэдэгдэхүйц жин хаяж, турах тусмаа оюун бодлоо захирч, сэтгэл зүйн хувьд хүчирхэг болж байгаагаа мэдэрчээ. "Би одоо бодол, зуршил, зан төлвөө бүрэн өөрчилж чадсан. Өмнө нь, би толинд харах бүртээ өөрийгөө  хэтэрхий тарган гэж бодож, үзэн ядаж, гутардаг байсан. Харин одоо бол өөрийгөө хайрлаж сурснаар аяндаа муу зуршлаа орхиж, дасгал хөдөлгөөн хийх урам зоригтой болсон” гэж ярьжээ.

Энэ өөрчлөлтөөсөө их урам зориг авсан Хитер гэрэл зурагчны ажлаа орхиж, "Тархины дасгалжуулагч” болж, хэрхэн бодлоо өөрчилж, өөрийгөө туранхай, эрүүл саруул гэж эергээр бодох замаар илүүдэл жингээсээ салж болохыг бусдад зааж зөвлөдөг болжээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen