"Үнэгний ав" ажиллагаа ширүүссээр

"Үнэгний ав" ажиллагаа ширүүссээр

 

Хятадын Засгийн газраас сүүлийн жилүүдэд хэрэгжүүлж буй авлигатай тэмцэх хатуу бодлого дэлхийн нийтийн анхаарлыг багагүй татаж байна. Хятадын Коммунист намын Ёсзүйн төв хорооны хуралдааны үр дүнд үндэслэн 2015 оны туршид авлигатай хийх тэмцлийн долоон зарчмыг тодорхойлсны дотор, төрийн аж ахуйн нэгж болон төрийн үйл ажиллагааг хариуцдаг албан тушаалтнуудын үйл ажиллагааг хянах, авлигын гэмт хэрэгт сэжиглэгдэж буй этгээдүүдийг эх оронд нь буцаан авчрах, улсад учруулсан хохирлыг эргүүлэн төлүүлэх, олон улсын хамтын ажиллагааг сайжруулах зэрэг багтжээ. 2000 оноос хойш Хятадад авлига авсан хэргээр 10 мянга орчим албан тушаалтныг цаазалж, 120 мянга орчим албан тушаалтныг 10-20 жилийн хорих ялаар шийтгэсэн байна. Си Зиньпин улс орноо авлигагүй болгох энэ тэмцэлдээ олон улсыг ч уриалж байгаа билээ. БНХАУ гадаад руу оргон зугтсан авлигачдаа эргүүлэн татаж, баривчлахдаа олон улстай хамтран ажиллаж байна. 2017 он гарсаар урд хөрш 210 мянга орчим төрийн албан хаагчийг авлигын хэргээр шийтгэжээ. Хил даван зугтсан "баячууд”-аа ч агнах ажиллагаагаа үргэлжлүүлсээр.

 

Үндэсний хэмжээнд авлигатай тэмцэх ажлыг удирдаж буй Хятадын Коммунист намын Төв хорооны сахилга бат шалгах төв комисс "Тэнгэрийн сүлжээ" нэртэй үйл ажиллагааг олон улс даяар өрнүүлж байгаа. Энэ онд л гэхэд Ардын дээд прокурорын тусгай ажиллагааны үр дүнд 108 хүнийг гаднын 29 улсаас тухайн орны хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажилласаны үр дүнд буцаан авчирсны 70 нь сайн дураараа иржээ. Тэд нийтдээ 180 сая ам.долларын хохирол учруулсан хэрэгт сэжиглэгдэж байгаа бөгөөд 31 нь долоо болон үүнээс дээш хугацаагаар гадмын оронд амьдарчээ.

 

ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧИН
БНХАУ-ын Эрүүгийн хуульд авлигын гэмт хэргийг төрийн байгууллага дахь идэвхтэй, идэвхгүй авлига бусдыг сүрдүүлэн мөнгө авах, мөнгө угаах, төрийн албан хаагч албан тушаалаа урвуулан ашиглах зэрэг олон төрлөөр тодорхойлсон байдаг. Мөн төрийн албан хаагчдад санал болгосон хээл хахуулийн хэмжээ 10 мянган юаниас их бол эрүүгийн хэрэг үүсгэн шалгадаг байна. Тус улсын эрүүгийн хуулийн наймдугаар бүлэгт зааснаар:

♦ 10 мянга-200 мянган юанийн хахуулийн гэмт хэрэгт тав хүртэлх жилийн хорих ял

♦ 200 мянга-Нэг сая юанийн "ноцтой” хахуулийн гэмт хэрэгт 5-10 жилийн хорих ял

♦ Саяас -таван сая юанийн хахуульд 10-аас дээш жилийн хорих ял

♦ Үндэсний ашиг сонирхлыг зөрчсөн эдийн засагт шууд хэмжээгээрээ сая юаниас илүү хохирол учруулсан хахуулийн хэрэгт 5-10 жилийн хорих ялаар шийтгэдэг байна. Харин төрийн өмч, эд хөрөнгө идэж завшсаны төлөө цаазаар авах ялын дээд хэмжээ ногдуулах мөнгөний доод хэмжээ нь гурван сая юань буюу 463 мянган ам.доллар. Хуулиар хөнгөлөх шаардлагатай нь тогтоогдвол цаазаар авах ялыг хоёр жилээр хойшлуулан түтгэлзүүлж болно гэж тогтоолд заажээ. Мөн авсан авлигынх нь хэмжээг 80-100 дахин ихэсгэсэн мөнгөн торгууль ногдуулж, төрийн албан тушаал хаших эрхийг нь хасаж шийтгэдэг байна.

 

ЭНЭ ОНД ШИЙТГЭГДСЭН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД

♦ Барилгын төсөл болон томоохон үйл ажиллагаанаас 3.49 сая ам. долларын хахууль авсан хэргээр Хунан мужийн тээврийн газрын орлогч дарга асан Зой Хэпинг тус мужийн шүүхээс бүх насаар нь хорих ял оноож, бүх эд хөрөнгийг нь хураан авчээ.

♦ Хээл хахууль авсан, хөрөнгө завшсан хэргээр Наньян хотын шүүхээс Хэнань мужийн Наньян хотын Үр тарианы товчооны дарга Цао Пушэнд оны 19 жилийн хорих ял ногдуулав. Мөн түүний 164000 ам. доллартай тэнцэх хэмжээний хөрөнгийг хурааж авав.

♦ Хэнань мужийн Улс төрийн товчооны гишүүн, дэд дарга Ванг Тэиниуд тус тус мужийн ардын шүүхээс 11 жилийн хорих ял ногдуулж, 16277 ам.долларын өртөг бүхий хөрөнгийг нь хураан авчээ.

Хууль бусаар баяжсан, хээл хахууль авсан, хөрөнгө завшсан хэргээр Хөх хотын төмөр замын шүүхээс Өвөр Монголын Автономит мужийн Ордос хотын Ардын хурлын дэд дарга Эрл Дун Канд бүх насаар нь хорих ялаар шийтгэж, түүний бүх хөрөнгийг нь хураах шийдвэр гаргажээ.

♦ Шаньси мужийн Тайюан хотын Төмөр замын удирдах газрын дэд дарга Вэн Кинглианд Бээжин хотын Хяналтын хоёрдугаар шүүхээс нүүрсний зургаан компаниас 3.25 сая ам.долларын хахууль авсан хэрэгт буруутган хоёр жилийн дараа цаазаар авах ял ногдуулж, бүх хөрөнгийг нь хураан авав.

 

АВЛИГАЧДЫН ГЭР БҮЛ

Гадаадад амьдарч байсан авлигачдаа эргүүлэн авчирч зохих шийтгэлийг нь ноогдуулахаас гадна улсад учруулсан хохирлыг нь олон дахин нугалж бүх өмч хөрөнгийг нь хураан авдаг. Шалгалтын явцад гэр бүлийн гишүүд нь авлигын хэрэгт холбоотой нь тогтоогдвол мөн хариуцлага хүлээлгэдэг. Гадаадад амьдарч буй авлигачдыг эх оронд нь авчрахдаа заавал гэр бүлиййг хамт авчирдаггүй.

 

Гэхдээ юу ч үгүй үлдэж буй гэр бүлийнхэн нь яаж амьдрах нь тодорхой. 2012 оноос хойш хэрэгжүүлж буй "Үнэгний ав” ажиллагааны хамгийн том бар төдийгүй гэр бүлийн гишүүд нь ч авлигын хэргээр шийтгүүлсэн ганц хүн нь 72 настай Жоу Юнкан байсан. Түүнийг бүх насаар нь хорих шийдвэр гаргасан бол хүүг нь эцгийнхээ нэр нөлөөг ашиглаж, хууль бус наймаа хийсэн хэргээр 18 жилийн хорих ял, эхнэрт нь хахууль авсан хэргээр нэг нэг сая ам.доллар торгосон. Түүний гэр бүлийн нийт хөрөнгө болох 90 тэрбум юань буюу 14 тэрбум ам.долларыг хураан авч, Жоу Юнканы хүрээлэлд багтаж байсан Хятадын шилдэг улстөрч асан Бо Шилай, газрын тосны магнат Жоу Бин, уул уурхайн салбарын тэрбумтан Лиу Хан, Дотоод хэргийн сайд асан Ли Доншэн, Сичуаны нөлөөтэй захирагч асан Гуо Ёоншиан нарыг шалгаж зохих шийтгэлийг өгсөн.

 

Зарим шинжээч авлигачдыг илчилсэн давалгаа 2014 оноос суларна гэж дүгнэж байсан ч эсрэгээрээ улам чангарсаар байна. Авлигын эсрэг тэмцэл улам бүр ширүүсч буйтай зэрэгцэн тансаг зоогийн газрууд, үнэтэй архи, ховор чамин эд зүйлийн наймаачид аргаа барж сууна. Тэдний гол үйлчлүүлэгчид хорионд орж, тансаглалаа хумьсан нь ашиг орлогыг нь асар ихээр бууруулсан гэх. Хятадын томоохон ресторануудын мэдээгээр 2016 оныг 1990 онтой харьцуулахад орлого нь хамгийн бага өсөлттэй байжээ. Акул загасны сэлүүр, хараацайн үүр, нялцгай биетэн зэрэг хоолны эрэлт 30-70 хувиар буурчээ. Засгийн хүлээн авалтууд дээр л харагддаг 53 градусын "Маотай” архины борлуулалт 30 хувиар буусан байна. Авлигатай хийсэн тэмцэлд нь барууны компаниуд ч нэрвэгдэв. Хятадад "Мартель” конъякийн эрэлт мөн л буурсан. Түүнчлэн Бентли”, "Ламбордини” зэрэг машины худалдаа ч буурчээ. Засгийн газрын байгууллагууд машиныг нь худалдан авахаа больсны улмаас "Ауди” Хятадын зах зээл дэх маркетингийн тактикаа өөрчилжээ. Албан тушаалтнууд нь үнэтэй цагны улмаас албан тушаалаа орхисон дуулиан дараалан мандсаны дараа Швейцарийн цагны худалдаа ч буурсан аж.

 

Одоо БНХАУ авлигаас урьдчилан сэргийлдэг, чадварлаг байгууллагыг бий болгохоор ажиллаж байгаа аж. Төрийн ажилтан авлига авахыг хүссэн ч, тийм боломжийг нь үгүй хийх зорилготой гэнэ. Жишээ нь, "Авлига харсан бол зургийг нь ав" гэдэг компанит ажил зохиож, төрийн ажилтнууд тансаглаж байгаа бол гар утсаар зургийг нь аваад, дээр дурдсан Төв комиссын цахим хуудсанд байрлуулбал, төдөлгүй тухайн ажилтнуудыг шалгаж албан ёсны хариуг зургийн дор өгдөг болжээ. Харин гурав дахь үе шат нь төрийн ажилтан болгон авлигад оролцох тухай бүр боддог ч үгүй болгох зорилт тавьжээ. Улс төрийн энэ соёлыг хэвшүүлэх нь илүү хөдөлмөр, цаг хугацаа шаардах хэдий ч тэд хэрэгжүүлэх гэнэ. 


Ц.ДАВААСАМБУУ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen