Өвөрмөц төрхөөрөө алдаршсан моделиуд

Бусдаас өөр төрснийхөө төлөө гадуурхагдаж явсан ч гоо сайхны хэмжүүр хил хязгааргүй гэдгийг баталж, загварын ертөнцөд нэрд гарсан алдартай моделиудаас танилцуулъя.

САРА ГЕРТС

Сара уг нь 26 настай. Гэвч тэр наснаасаа хавьгүй илүү овортой харагддаг. Энэ нь арьсны уян хатан чанарыг хангахад шаардлагатай коллагены боловсруулалтыг сааруулдаг Элерс–Данлосын синдромтой холбоотой аж. Сургуулийн сурагч байхдаа тэр өвчнөөсөө ичиж, биеэ бүхэлд нь хаасан битүү хувцас өмсдөг байжээ. 2015 онд тэр өөртэйгөө адил, бас өөр ч шалтгаанаар зовж, шаналдаг бүсгүйчүүдэд урам зориг, сэтгэлийн дэм өгөхийн тулд өөрийгөө "илчилжээ”. Удалгүй загварын агентлагууд түүний энэ ердийн бус байдлыг ихэд сонирхож, санал тавих болсноор Сара бүсгүйн цоо шинэ амьдралын эхлэл тавигдсан байна.

КЕЙТИН СТИКЕЛС

Кейтин төрөлхийн ийм муурын төрлийн мэт царайтай. Зориудаар ямар нэг пластик мэс засал хийлгээгүй. Түүний энэ төрхийг "муурны нүд” синдром гэж нэрлэдэг. Инстаграмдаа оруулсан зургийг нь харсан "V” сэтгүүлийн гэрэл зурагчин Ник Найт эргэлзэлгүйгээр түүнийг зураг авалтад дууджээ. "Би хэзээ ч өөрийгөө модель болно гэж бодож байгаагүй. Би тэртээ холоос л загварын ертөнцийг битүүхэн сонирхдог байсан” гэж Кейтин ярьжээ. Харин одоо тэрбээр энэ салбарын нэр нөлөө бүхий эрхмүүдтэй үргэлж хамтран ажиллах болсон байна.

СУФФРАНТ РАЛЬФ

Гаитигаас гаралтай энэ залуу эр улаан үстэй, биеэрээ дүүрэн ирвэсийн гэмээр цоохор толботой. Хар арьстай хүмүүсийн хувьд энэ маш ховор зүйл гэнэ. Суффрант өөрийгөө анааш, эсвэл ирвэстэй зүйрлэж, балчир байхдаа ихэд сэтгэлээр унадаг байжээ. "Өнөөдөр би эдгээр цоохор толбоороо бахархдаг. Үзэн ядаж, жигшиж явсан үе байсан ч энэ л намайг гэр бүлээ ядуурлаас аврахад тусалсан юмдаг” гэж Суффрант ярьжээ.

ДЕВОН АОКИ

Девон Аоки 165 см өндөртэй, хамгийн намхан моделиудын нэг. Улаан үс, зузаан уруул, хацар дээрх сэвх гээд ази хүнд тэр бүр заяадаггүй төрхтэй тэрбээр 1990-ээд оны шилдэг моделиудын нэг юм. Хожим Холливудад хөл тавьж, хэд хэдэн кинонд дүр бүтээж амжсан.

ЭРИКА ЛИНДЕР

Эрика бол эмэгтэй. Гэхдээ эрчүүдээс дутахгүй эршүүд төрх гаргаж чаддаг. Дэлхий нийт түүнтэй 2011 онд анх танилцсан юм. Холливудын сайхан залуусын нэг, жүжигчин Леонардо ДиКаприотой тун төстэй харагдахуйц зургаараа тэр олон нийтэд танигджээ.

СИН Е ЖИ ЗЯНЬ

Хятадын модель залуу Син Е Жи Зянь. Эрэгтэй хүн гэхэд царайлаг нь дэндсэн түүнийг "Хятадын элф” гэж нэрлэдэг. Зарим хүмүүс гэхдээ түүнийг хэтэрхий эмэгтэйлэг ч гэдэг.

МОЛЛИ БЭИР

1997 онд АНУ-ын Пеннсильвани мужид төрсөн. Хорвоо дэлхийд цор ганц гэж болох хосгүй төрхтэй нэгэн. Бидний төсөөлдгөөр харь гаригийн гэмээр төрх нь хүүхэд насных нь хамгийн гутамшигтай зүйл байсан бол хожим загварын ертөнцийн өндөрлөгт хүргэх чухал хүчин зүйл нь болжээ.

expresso.mn

http://time.mn/n/lBo

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen