Хөндөх сэдэв: Өглөгийн эзний өгснийг авч буян үйлдэх ёс хаана гээгдэв
Нүглийг тэвч, буяныг үйлд, оюун санаагаа гэгээрүүл бусдад бүү муу сана. Үйлийн үр, үхлийн дараах шүүлтийн өдөр байдаг учир уучилж, нигүүс гэж шашинд номлодог. Монголд дэлгэрсэн Будда, Христ, Ислам, Бөө мөргөл гээд шашин, шүтлэгийн урсгалуудын эцсийн хүрэх цэг нэг. Харин хүрэх арга зам нь өөр өөр аж. Монголчуудын 61.3 хувь нь шүтлэгтэй. Хоёр хүн тутмын нэг нь Буддын шашинтай гэсэн судалгаа одоогоос 7 жилийн өмнө хийгджээ.
Харин одоо гол асуудлаа хөндье. Хүн чанар, энэрэл, нигүүслийг сургаж номлодог шашин өнөөдөр бизнес болчихсон мэт. Буддын шашны "Эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд” хэмээн маань хөгжөөж ном хурж, өглөгийн эзний өгснийг авч буян үйлдэх ёс хаана гээгдэв.
Ганданд суудал өнцөгдсөн бол заслын номыг 500 төгрөгөөр уншдаг аж. Энэ бол хамгийн хямд тарифтай заслын ном. Хүмүүсийн хамгийн их уншуулдаг хар цагаан хэл ам дарах, муу зүйлийг зайлуулах шидтэй заслын ном харин 10-20 мянган төгрөгийн ханштай. Мөнгөгүй хүн өнцөгдсөн суудалтайгаа яв гэж Монголын буддын шашны зарим байгууллагууд тогтоосон ханшаараа дамжуулан хэлээд байна уу? Мөнгөний хариутай буяны үйл гэж байдаг уу?
Удган, зайран болсон хүн эд хөрөнгөд шуналгүй сиймхий хадаг, сэтэрхий зүү барьсан ч үйл хийж, гай байвал зайлуулж өгнө гэж тангараг өргөдөг аж. Гэтэл бодит байдал дээр тусламж хүсч ирсэн хүнээсээ мөнгө нэхсэн жишээ цөөнгүй дуулдана. Зарим бөө нар засал хийж өгснийхөө хариуд адуу, хонь гэх зэргээр барьц нэхдэг аж. Товчхондоо зах зээлийн ханшаар амьд хонь, адуу ямар үнэтэй байна тэр мөнгийг төлдөг жаяг тогтсон гэх. Тэнгэрийн нэр барьж бизнес хийгч зарим удган, зайрангууд Бөө мөргөлийг муухай харагдуулах болов. Сиймхий хадаг, Сэтэрхий зүүний хариуд ч буян хийх тангаргаа тэд мартав.
Монгол улсад хамгийн олон сүмтэй шашны байгууллага бол Христийн шашин. Хоёр жилийн өмнө гарсан тоон судалгаагаар 228 Христийн сүм үйл ажиллагаа явуулж байна. Христийн шашны үнэнч сүсэгтнүүд 7 хоног бүр олсон орлогынхоо 10 хувийг сүмдээ хандивладаг. Та бурхны хүү мөн бол өргөл өргө гэж номлодог гэнэ. Гэхдээ өгөх эсэх нь тухайн итгэгчийн эрх учир ёс зүйтэй мэт. Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Христийн сүмүүдийн дийлэнх нь гэр хороололд үйл ажиллагаа явуулдаг.
Сүсэг бишрэлийн бизнес Монголд хэдийнэ цэцэглэжээ. Гадаад явахаар хөөцөлдөж байгаа залуус тухайн улсынхаа элчин сайдын яамны үүдээр шагайж үзээгүй байж эцэг эхийнхээ хамт лам, бөө, үзмэрч, зурхайч дээр очдог. Ажилд орохоор бүртгүүлж анкет бөглөөгүй атлаа тийм ажил сонирхож байна, орж чадах болов уу? Та саад байвал аргалж өгөөч хэмээн мэргэн түргэн хүнийг зорих байдал газар авчээ.
"Зовлон тохиоход Лам баяжина” гэдэг үг бий. Харин одоо цагт сүсэг бишрэлийн бизнес өргөжиж лам, бөө, үзмэрч, зурхайч гээд очих газар, улсын тоо олон болов. Юм хөгжих сайхан, гэхдээ манайд буруу зүйл нь илүү хөгжөөд байна. Зовлон тохиолдоход ямар ч хүн мунхарч мэднэ. Гэхдээ хэтэвчээ бариад ид шидэд итгэж, хэн нэгнийг зорихын өмнө асуудлаа тунгаан бодож, үйл явцыг эрүүлээр харахыг хичээгээрэй.
Сурч боловсрохыг эрхэм болгох нь сүсэг бишрэлийн бизнесийн хохирогчдын тоо нэмэгдэхээс сэргийлэх энгийн алхам. Гэхдээ шашнаас, сүсэг бишрэлээс авах зүйл бий. Тэр бол энэрэл, нигүүсэл, хайр юм.
Г.Лхагва
http://www.zaluu.com/read/18bc3dd5c