Засаг унах нь эдийн засагт ашигтай юу?

Засаг унах нь эдийн засагт ашигтай юу?

 

ХЭМЛЭЛДЭХ ЗУУР...

 

Хамаг байдгаа ханаж тасдаж, мөрийн хөтөлбөрөө ч хэрэгжүүлж чадахааргүй хэмжээнд очтолоо "доош” орж батлуулсан "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” тодорхойгүй хугацаагаар хойшилсон байна. Энэ тухайгаа ОУВС-гаас Засгийн газар огцорсонтой холбоотой хэмээн тайлбарлажээ. Гэхдээ энэ мэдээллийг Монголбанк болон албаны хэдхэн хүнд хүргүүлсэн аж.

Учир нь шинээр байгуулах Засгийн газар тус сангийнхантай хэрхэн харьцах, ямар байр суурь баримтлах нь тодорхой бус байгаа нь тэднийг ийм шийдвэр гаргахад хүргэсэн бололтой. Өөрөөр хэлбэл, төрийн тогтворгүй байдал, улс төрийн хэтэрсэн маргаан улсын эдийн засагт томоохон "тээг” болж буй нь энэ.

Сандал ширээгээ булаацалдаж байх зуур сэргэхээр завдаж байсан төгрөгийн ханш газар доогуур орох нөхцөл үүсч байгааг учир мэдэх хүмүүс халаглаж байна. Гэхдээ энэ зөвхөн өнгөн хэсэг нь.

 

ТАЛААР БОЛСОН ХИЧЭЭЛ, ЗҮТГЭЛ

 

Мэргэжлийн Засгийн газрынхан зургаан сарын турш хэлэлцээр хийсний эцэст арайхийн хөтөлбөрөө батлуулсан. Ингэхдээ Төсвийн тухай хуулиндаа өөрчлөлт оруулж, Олон улсын валютын сан /ОУВС/-гаас тавьсан урьдач нөхцлүүдийг биелүүлсэн нь Засгийн газрынхны хувьд наашаа харж инээж, цаашаа харж уйлж байгаад хийсэн зоригтой алхам байв. Хөтөлбөр батлагдсаны маргааш эхний улирлын санхүүжилт болох 38.6 сая ам.доллар Монголд орж ирснээр валютын ханш тогтворжиж, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэлээ хэмээн ам булаалдан ярьж байсан нь саяхан. Гэхдээ манай талаас эрх мэдлээ хэтрүүлэн зөвшилцлөөсөө ухарсан алхам хийсэн нь бодит үнэн. Энэ нь өнгөрсөн сард ирж үнэлгээ хийсэн шинжээчдийн хараанаас мултраагүйгээр барахгүй зөвшилцөлгүйгээр хүүхдийн мөнгийг олгосон нь арилжааны банкуудад активын чанарын үнэлгээ хийхэд хүргэсэн хэмээн эх сурвалж хэлж байв.

 

АНХААР!!! АЮУЛГҮЙ БАЙДАЛ

 

Хэдийгээр ОУВС-гаас хөтөлбөрийг нь хэрэгжүүлж эдийн засгаа аврах гэж байгаа ч энэ нь гадны байгууллага. Энгийнээр тайлбарлавал, айлын эд хогшил, өмч хөрөнгийг хэн нэгэн гадны хүн дураараа хөдөлгөөд байвал эзэд нь дуртай байхгүйгээр барахгүй дургүйцлээ илэрхийлнэ. Магадгүй тусалж байгаа гэх боловч тэр хооронд тэр өрхийн бүхий л нарийн нандин нууцыг мэдчих боломжтой. Түүнтэй нэгэн адил санхүүгийн салбарынхаа 90 хувийг арилжааны банкинд даатгуулсан манайх шиг улс гадны байгууллагаар нарийн судалгаа, үнэлгээ хийлгэх нь тийм ч таатай биш гэдгийг эдийн засагчид онцлов. Нэн ялангуяа үндэсний аюулгүй байдлын хэмжээнд анхаарч харах хэрэгтэй гэдгийг сануулж байна.

 

БУРУУГ БУСДАД...

 

Тэгээд ч ОУВС-гийнханд хөгжиж буй улс орны банкинд активын чанарын үнэлгээ хийж байсан түүх байхгүй гэлцэж байна. Таамаг төдийхөн хардлага хэмээн үгүйсгэж магадгүй ч үнэндээ олон улсын валютын сан дотооддоо зөрчилтэй байсан гэх мэдээллүүд гарч эхлэв. Тодруулбал, Монголын асуудлыг хариуцаж байсан хуучин захирал Коши Матай нь тушаал буурсан аж. Энэ тухай гадны хэвлэлүүд ч бичиж байгаа аж. Учир нь Монголын эдийн засгийн онцлогийг ойлголгүй, бодит бус дүгнэлт гаргасан. Түүндээ үндэслэн буруу бодлого хэрэгжүүлсэн зэргээр шүүмжилсэн байна. Өөрөөр хэлбэл, өсөх чадвартай эдийн засгийг агшина хэмээн худал таамаг дэвшүүлэн тусламжийн хөтөлбөр хэрэгжүүлсэн бололтой. Ийнхүү өөрсдийнхөө алдааг манай улсын дотоод улс төрийн зодооноор халхавчлахыг санаархсан байж таарах нь.

 

АЙЛААС ЭРЭХЭЭР АВДРАА УУДАЛ

 

Гэхдээ бид ч бас эргэж харах учиртай. Гадаад хүн, гадны байгууллага гэхээр бурхан шиг тахиж, хэлсэн бүрийг нь ёсчлон биелүүлдэг нь том алдаа. Уг нь манай томоохон эдийн засагчид эдийн засаг өснө, үйлдвэрлэлээ дэмжих хэрэгтэй гээд хоолойгоо сөөтөл ярьсан. Хэн ч тоож сонсоогүй.

Монголчууд гадныхны тусламжийг авахгүйгээр хөл дээрээ босох боломжтой гэдгийг бизнесийнхэн ч бас хэлж л байсан. Төрийн бодлогоор үйлдвэрлэлээ дэмжиж эдийн засгаа сэргээх боломж байгааг ч хэлсэн. Одоо нойрноосоо сэрээд үйлдвэрлэлээ хөгжүүлэх хэрэгтэй гэдгийг бизнесийнхэн сануулж байна.

Нөгөөтэйгүүр, хэрэв ОУВС-гийн хөтөлбөр зогсвол одоо байгаа өр нэмэгдэхгүй гэсэн үг. Ер нь өрийг өрөөр дарна гэж ч юу байхав. Өөрөөр хэлбэл, Доржоо, Дулмаа нарт ногдох өрийн хэмжээ өсөхгүй. Тэгэхээр өөрсдийнхөө боломжийг дайчлан үйлдвэрлэлээ хөгжүүлэх нь чухал юм. Мэдээж энэ бас л нэг хувилбар.

 

 

Д.ОЮУНЧИМЭГ /ЗУУНЫ МЭДЭЭ/


Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen