Ц.Сандуйгийн орлогч нь Ж.Бадамжунайн туслах асан Ж.Батбаясгалан уу?

Ц.Сандуйгийн орлогч нь Ж.Бадамжунайн туслах асан Ж.Батбаясгалан уу?

Өнөөдөр НИТХ-ын ээлжит хуралдаан 10 цагт эхэлнэ. Уг хуралдаанаар хэлэлцэх гол асуудал нь НИТХ-ын дарга Ц.Сандуйг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөх. Харин түүний оронд шинээр ИТХ-ын даргаар ажиллах эрхмийг сонгох юм.

НИТХ дахь МАН-ын бүлэг дээрээс 3 хүний нэр тодорч гарч ирээд байгаа.

 Нэгд Нийтийн тээврийн нэгтгэлийн дарга Г.Төмөрбаатар. Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны даргаар ажиллаж байсан. Мөн тус дүүргийн засаг даргаар ажиллаж байсан эрхэм. Автобус нэг компанид гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. 2016 оны сонгуулийн дараагаас Нийтийн тээврийн нэгтгэлийн даргаар ажиллах болсон юм. Түүний хувьд НИТХ-ын төлөөлөгчдийн дэмжлэгийг авах чадамжгүй. Зүгээр л өөрийгөө бага ч гэсэн танигдуулах гэсэн алхам нь байж болох юм. Нийтийн тээвэрт шахааны бизнесийг цэцэглүүлж байгаа гэсэн хэл аманд өртчихөөд байгаа нэгэн.

Дараагийн нэр дэвшигч нь Баярсайхан гэх эмэгтэй. СХД-ийн хорооноос эхэлж дүүргийнхээ ИТХ-ын даргаар хүртэл ажиллаж чадсан эмэгтэй. МАН-ын анхан шатны байгууллагаас нь эхлэн дэвшиж өнөөдрийг хүрчээ. Одоо Нийслэлийн жижиг дунд үйлдвэрлэлийн газрын даргаар ажиллаж байгаа. Түүнийг НИТХ-ын нэлээд олон төлөөлөгч дэмжиж байгаа сурагтай.

НИТХ-ын дарга болох магадлалтай гэгдэж байгаа хүн бол залуу улс төрч Ж.Батбаясгалан. 1980-аад оны төлөөлөл 30 гаруй настай энэ залуу 2004 оноос хойш улс төрийн албан тушаал хашиж яваа гэхэд болно. Түүний хувьд сургууль төгсөөд л УИХ-ын гишүүний туслах, НИТХ-ын нарийн бичгийн дарга гэх мэт албан тушаалаас салаагүй. Салаагүй шалтгаан нь сайн ах Ж.Бадамжунайтай нь холбон тайлбарлах юм билээ. Ж.Батбаясгалан нь МАН-ын нөлөө бүхий улс төрч Ж.Бадамжунайгийн туслахаар ажиллаж байгаад улс төрд хөтлүүлэн орж ирсэн нэгэн. Өнөөдөр Нийслэлийн засаг даргын орлогчоор ажиллаж байна. Түүнийг Ж.Бадамжунай, М.Энхболд нар дэмжиж байгаа гэж МАН-ынхан хардаж байна.

НИТХ-ын ээлжит хуралдааны заалнаас С.Амарсайхан төлөөлөгч нэрээ дэвшүүлэн өрсөлдөхөөр зэхэж байгаа гэх мэдээлэл байна. Түүний хувьд Оюуны ундраа группийн ерөнхийлөгч. НИТХ-ын төлөөлөгч нэгэн. Зайсан толгойн эргэн тойронд томоохон барилга эзэмшиж байгаа түүнд хотын иргэдийн хурлын эрх мэдлийг нам нь өгөхгүй гэж үзсэн бололтой. Тэр ч утгаараа С.Амарсайхан МАН-ын удирдах зөвлөл, мөн НИТХ дахь МАН-ын бүлгийн хурлаас нэр нь гарч ирж чадаагүй.

Ийнхүү өнөөдөр ирэх 3 жил НИТХ-ыг удирдах эрхмийн нэр тодрох учиртай. Ц.Сандуй аз жаргалтай Улаанбаатар хөтөлбөрийг боловсруулсан. Түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд НИТХ-ыг базаж, мөн Нийслэлийн засаг даргын нэгж, түүний удирдлагыг шахаж ажиллаж байв. Харин дараагийн дарга нь ийм чадамжтай байж чадах уу? эсвэл гүйцэтгэх эрх мэдэлтэндээ базуулчихсан нэгэн байх болов уу? гэдэг анхаарал татаж байна.

Эх сурвалж: Asuudal.mn

http://asuudal.mn/more/1351

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen