Сэжигтэй хар үүл

Сэжигтэй хар үүл

 Модон туулай жилийн /1915 он/ зуны дунд сар дөнгөж гараад байлаа. Хошуу нутаг даяар нэгээхэн жарандаа үзэгдээгүй айхавтар ган болж, ар өвөр бэлээр нь хар дэвхрэг морь мал үргэтэл бужигнаад, хувхай цайсан нуга, дэнжүүдээр цагаан тоос зурайн, хааяа нэг хэсүүл салхин хөдлөх төдий явган хуй босоо ороолон мэт гэнэ гэнэ омогтойёо хуйлран дэгдэх авай. Жижиг гол булгууд ээлж дараалан эрэг сайнхаа доогуур шурган ороод, энэ тэндэх худгийн ус өвчиндөө ганирсан хүний нүд мэт тэртээ оёороос ёлтойх төдий болжээ. Тээгийн аарагт тээглэн тогтсон Олон нууруудын олон нь хатаж, хагссан лаг хар шавар болоод, Олгой нуур, Баруун нуур хоёр л жижигхэн хос дугуйцаг мэт устайгаа үлдэж, хавийн нохой шувуу тэргүүтний хоолойг чийглэн, тэнгэрийн ачааг үүрэх аж. Нэгэнтээ энэ хоёр нуурын нэгэнд холбоотой хоёр бяруу живээд, нөгөөгөөс нь холбоотой чигтээ гарч ирсэн гэдэг, түүнээс ч үүдсэн үү, энэ хоёр нуурыг хүйсээрээ холбоотой, хөл оёоргүй гэдэг билээ.

Энэ хэцүү хуурай ган гачиг эх болсон хамаг амьтныг туйлдуулан зовоож ахуй Засагт хан Цэрэнгомбожав нэгийг сэтгэсэн нь Оцон Цахир хэмээх Хантайшир хайрханы зоонд байх онцгой нэгэн содон цахир хадыг хараахан ус нь тасарчихаагүй байгаа Харзатын голын эхээс ус татан, шалба норгох байлаа. Тэрбээр энэхүү хачин санаагаа гэнэтхэн бодож олсонгүй, нэгэн өглөө эртээ босоод өргөөнийхөө гадна халууны хөөнгө униарт жирвэлзэх уулсын оройг ширтэсхийн суниан зогсохдоо Оцон цахирыг өөрийн эрхгүй хараачилсан байна. Түүний дээр нэг л ер бусын хэлбэртэй багашиг хар үүл байх аж. Нэг харахад савар барьсан самган ч шиг, нөгөө харахад тэгнүүр мөрлөсөн доншуур хятад ч шиг, бүр хамаг биеэ атируулан хөрвөөх луу ч шиг үргэлжийн хэлбэр дүрсээ өөрчлөн мушгирна. 

Төмөр хиагаа дуудан, хэдэн жилийн өмнө Жа багшийнхаа ёс төр болгон бэлэглэсэн гурван хөлтэй, алд сунадаг хосгүй сайхан гуулин дурангаа авчруулаад сайтар шинжин харж үзвээс тэрхүү Цахир хадан дээгүүр тоо томшгүй хар шувууд үүл мэт нүүгэлтэн эргэлдэж байна гэнэ. 

Гайхаж хачирхсан Засагт хантан Поврон захирагч, хошуу туслах далиу Дэмбэрэл хоёрыг яаралтай дуудуулжээ. Захирагчтан эзгүй таарсан ба хошуу туслагч гэнэтийн энэ дуудлагад ямар нэгэн учир буй хэмээн Молой тавнан, Саран дэмч хоёрыг дагуулан аахилж уухилсаар сандран ирэв. 

Хантан юу харснаа товч өгүүлээд газар дээр нь очиж, юу болоод буйг шинжин үзүүлэхээр Молой тавнан, Саран дэмч хоёрыг мордуулжээ. Далиу Дэмбэрэл "Учир жигтэй байж магад. Хан та Эрэгдэл гэгээнтэнд юу болсныг дуртган үзүүлбэл ямар бол?” гэсэнд Хан толгойгоо гилжийлгэн зогсосхийснээ нэгийг сэтгэсэн бололтой Арын хүрээний их хамба Эрэгдэл гэгээний лаврин зүг ярвайн харжээ. Лаврингийн паалан дээвэр нь өглөөний наранд лав тос асгачихсан мэт өнгөлгөөр гялтганаад, завсар чөлөөнд нь сөрвийх шарилжны үзүүр хааяа нэг сэрвэгнэн хөдөлнө. 

Тэгээд "Буяныг хичээвээс хурдан түргэн морилно уу?” хэмээн бас нэгэн хиаг Гэгээнтэнд зарж, далимд нь Арын үзмэрч Намнанг ч дуудуулсан байна. Энэ нутагт Арын үзмэрч, Өврийн үзмэрч гэгдэх хоёр их үзмэрч бий билээ. Өврийн үзмэрч нь Их уулсын өвөр бэлд байх Хамбын хүрээнд суух. 
...
Эрэгдэл гэгээн нүдээ хагас анин залбирч суучихаад ер юм хэлсэнгүй, харин Намнан үзмэрч гарч дурандчихаад, хантны өргөөг буруу зөв тойрон, есөн шидээр аяглан дэвхэрч цовхорч навсагнаж яваад, орж ирэхдээ өргөөний босгонд тээглэн тулганы цөр дэх үнсэнд нүүрээрээ шаан годройтон унаж, тэндээ ухаан тавьсан мэт хэсэг хэвтэж байснаа гэнэт цочсон мэт ухасхийн өндийгөөд хэлсэн нь ”Цус цус нэхэж байна. Цус харагдаж байна. Цусаар цангааг нь тайлахгүй бол усаар цангаана, бүхнийг сүйтгэнэ гэнэ” хэмээн сөөнгөтөн өгүүлжээ. Угийн эрүүл бус солир товчин нүд нь үнс болсон жижигхэн зэрэмдэг нүүрэн дээр нь гялалзаад, муруй хацар нь татвалзаж байхуй Засагт ханы дотор аягүйрэн Эрэгдэл гэгээн рүү харвал зовхи нь ойр ойрхон анивчин, ам нь өмөлзөн ямар нэгнийг уншсан хэвээр суужээ. "Цусаар цангаа тайлна гэхэд хэд хичнээн мал амьтны цус хэрэг болох бол” хэмээн хантан түрхэн зууртаа эргэцүүлснээ, "Энэ золиг яг үнэн хэлээд байна уу, Яахаараа лусын цөв гэгдэх Оцон цахир цус нэхдэг билээ?” хэмээн ихэд гайхан эргэлзжээ.

Үзмэрч хантны бодлыг мэдсэн мэт, "Лусын оронд их дайн дажин болжихуй, би сая чандруу хөлөглөж, лусын орны дээгүүр эргэлдчихээд ирлээ. Өмнөд Лусын хаан их цэрэгтэйгээ ерөн есөн нугалаа, найман салаа их дунгийн дуунаар умард зүг жиргэлээ. Жиргэлээ. Тэнгэрийн хөвүүдийн хүй унасан газрыг цусаар бялдахаар жиргэлээ, жиргэлээ. Түүнд цус хэрэгтэй байна” гэжээ. Цэрэнгомбожав хантан ихэд муухайгаар ярвасхийсэн нь чухам үзмэрчийн үгэнд бус үзэмжгүй муухай царайд нь эвгүйцсэнийх байв. Уг нь тэрбээр хэзээ ч их цус хараад дальдчиж байсангүй шиг билээ. Харин ч цус урсаж, хүмүүс орилж тарчилж байхыг харах нь заримдаа бахтай ханамжтай байдагсан. 

Тэр зуур мордсон хоёр морио багтартал пижигнүүлэн давхилдсаар ирэв. Хэдий насаар ч, зэргээр ч дээр нь сууж, түрүүлж өчих учиртай Молой тавнан айж сандарсандаа дуу нь гарсангүй, хий дэмий амаа ангалзуулан, нүдээ бүлтэлзүүлэн хэсэг ээрснээ, арга барагдаж, Саран дэмч рүү тусламж гүйн царайчлан харав. Саран дэмч хантны өөдөөс хормойгоо дэвсэн мөргөөд, гараа цээжиндээ зөрүүлэн байж ийн өгүүлбээ. 

"Аяа дээдэс мину, гэгээн нэвт мэлмийт мину
Ард биднийгээ ивээгч мину, дээд ихсийн үртэс мину
Аюулт мууг ёрлон, тэнгэр сэвтээх 
Адгийн муу үгс бүхнийг 
Аюумшигийг умартан өчиж зүрхлэх 
Ангархай муу заяат амыг мину 
Ард нь гартал алгадан болгооно уу?
Оцон Цахир их хайрханы 
Орой дээр нь хар шувууд нөмөрлөж байна
Ойр хавьд нь хар цусан үсэрсэн байна
Олигтой сайн харах ч аргагүй
Ой гутмаар үнэр сэнхийж байна.
Өндөр их хайрханы
Өвөрт нь цусан толбонууд үсэрсэн байна
Өгөр ёдор толгойнууд сүүдийж байна
Өөд харахын ч завдалгүй
Өшил заналын үнэр сэнхийж байна
Олон түмэн бид чинь 
Одоо яахин билээ гэлцэн 
Ойж бууж сандарцгааж байнам
Осолгүй дээдэс минь аварна хэмээн
Орой дээрээ залбирч байнам...
"Хн” гэж эгдүүцсэн Хантан хамраараа дуугарав. Юм бүхнийг хэзээ ч бодит байгаагаар нь биш хэтрүүлж, даваадуулж ярих түүний үгэнд итгэхэд бэрх билээ. Гэсэн ч барагтайд сэтгэл нь хальтираад байдаггүй Молой тойн үг гаргах тэнхэлгүй байгааг бодоход энэ лавтай нэгэн цөвүүн явдал болсон нь гарцаагүй болов. "Ядахад энэ гэгээнтэн” хэмээн бодоод түүн лүү харвал тарган цатгалан царайгаа өчүүхэн ч хувьсхийсэнгүй, залбирсан хэвээр, мөнхүү Саран дэмчийн сүржин даржин үгийг ч үл сонссон мэт суусаар байв. 

Нөгөө хоёр элчийг харваас хоёул ширдэгт нүүрээ тас наагаад хэвтэж байх аж. Намнан үзмэрч харин нөгөө хоёр луу солир нүдээрээ чоно үзсэн ямаа шиг тас ширтээд хөшчихөж. Хантан "Хмм” гэж хоолойгоо засаад нас ахимаг, цулцагар мяраалаг Эрэгдэл гэгээний орхимжноос чангаавал сая нэг нойрноос сэрсэн мэт уртаар амьсгаа авснаа

"Дээдэс минь. Би бүхнийг болгоон сонслоо. Хэрхэхийг яаруу түргэн шийдэх хэрэг явдал хэрхэвч биш байна. Алс хэтдээ аймаг, хошуунд цөвтэй төдийгүй даяар монголд ч халтай байж мэдэх юм. Судар ном сөхөж үзье. Эртний лүндэнгүүдэд ямар нэгэн ёр билгэ, тайлал зүйлийн тухай өгүүлсэн нь гарцаагүй буй за. Өврийн хадны хамба гэгээнтэн болон Бигэр Номун хаантан руу хүн илгээе. Мөн Нарбованчин гэгээнтэнд ч хэл дуулгасу. Тэгээд эелдэн зохилдвоос дээр болно” гэв.

"Яаруу түргэн энэ явдлыг шийдэхийг хичээн болгооно хэмээн Гэгээн танд найдна. Энэ зуур хүрээ хийд бүхэнд зохих ном гүрмийг уншуулахаа надаар юунд эс хэлүүлэх билээ. Гурав хоногийн дараа та ямар нэгэн шийд гаргасан байх хэрэгтэй. Тэр болтол цусан далай эрхбиш урсахгүй буй за” гэж Цэрэнгомбожав хан хэлээд яриа дууссаныг илтгэн хормойгоо сэгсрээд засав.

Энэ гурван өдрийг өргөөнөөсөө цухуйгаагүй шахам Цэрэнгомбожав хан юунд зовинож, юу хийж, юунд бэлтгэж өнгөрөөснийг хэн ч үл мэднэ. Харин Эрэгдэл гэгээнтэн өчүүхэн ч мөчийг гээсэнгүй. Лавриндаа залрах зам зууртаа Палам хэмээх хашир ухаантай, гярхай ажигч, эрдэм номтой өвгөн гэлэнг хоёр итгэлт ламхайнх нь хамт Оцон Цахирт очиж яг юу болж буйг сайтар нягтлан шалгуулахаар нууцаар явуулав. Хэрвээ дахин лавлан магадалж, шинжлэн үзэж буйг нь хантан мэдвэл лавтай зүгээр өнгөрөөхгүй. Уурлан хилэгнэснээс харин ч муугаар эргэж магад.

Гэгээнтэн хэзээ ямагт ойж бууж, орилж цамнаж явдаг Саран дэмчийн үгэнд урьд өмнө огтоос итгэж байсангүй, энэ удаад бүр ч итгэсэнгүй. Түүнд худал хэлж, хуумгай зан гаргах гэсэн муу сэтгэлийн огт үүдэл үгүй ч, тэрбээр хэзээ ч бодит буй бүхнийг байгаагаар нь харж, ухаарч үл чаддаг билээ. Ямар сайндаа 5 настай ганц хүү нь сүүлний угийн үенд хахаад хөшчихсөн байхад, "Зэтгэр хүүд минь орчихлоо” хэмээн орилж чарлан гарч харайж яваад хөөрхий хүүгээ эндүүлж орхисон хүн. Харин Хантанд тийм зөрүү харж, буруу ойлгодог хүн юунд нь хэрэг болоод байдгийг хашир гэгээнтэн гадарлах юм. Үг бүрээ шүлэг болгон сүржигнэн өгүүлэх эрдэм нь л түүнийг дэмчийн зэрэгт хүргэсэн буй за гэмээр. 

Хөгшрөөд зөнөг залгаж буй Молой тавнанд бүр ч найдалт үгүй байлаа. За тэр Арын үзмэрч Намнан бол чухам чөтгөр шулам лугаа сүвээ бөөрөөрөө сүлбэлдэн, ад зэтгэр лугаа ааш зангаараа аяарлан явах нь их талдаа билээ. Түүний хажууд Өврийн үзмэрч мэргэн Жаал бол хэдэн хувь илүү чадвартан. Ядахад цанид чойрыг баргийн гэлэнгээс илүү дутахгүй мэдэх, Намнан лугаа адил зуурдын орны элдэв хий бие, буг, шидтэнтэй шадарлан, сүнс сүлдээ арилжиж явдаг хүн биш, шажнаа нэн сүжигтэй, чин шударгуу нэгэн. Гагцхүү шинэхэн Хантанд угийн дургүйн дээр аглагийг хичээн, амирлангуйг хүсэн явах тул тийн өвөр хадны өвгөн даяанч Гэгээнтэнд шадарлан явах билээ. 

Ингээд өөрийн итгэл хэдэн хүнээ цуглуулж учир байдлыг сайтар зөвлөн ярилцав. Хүрээ хийдийн горломоос гадна өргөө гэр нь байх Хошууны тэргүүн туслагч Дэндэв, Халтар хүнд, Батбаяр хиа гуравт мөн сэмхэн хүн зарж хэл дуулгав. Энэ хүмүүс бол Гэгээнтний нам нийлж, сэм тохирдог хүмүүс болно. Ялангуяа тэргүүн туслагч Дэндэвийн хашир хянамгай, нарийн мяндсан ухаан гэгээнтэнд ер бусын түшиг болдог. 

Цэрэнгомбожав ханы хэтэрхий дураар араншинг аймаг хошуундаа аяруулж зөөллөх арга ухааныг хэдүүл яаж ийгээд олдог байна. Нууцаар сэм эс нийлвээс Хантанд хошуу өргөж, ашиг завшдаг хүмүүс бишгүй олны дээр хан нэг буруу ишилсэн сүх шиг аашилбал түмэн олны зовлого зүдэж, сэтгэл түгших билээ.

Ялангуяа энэ мэт учир битүүлэг хэргийг Цэрэнгомбожав хантны үзэхээр шийдүүлэх аваас олон түмэн дахин хэрхэн үгүйрэн зовохыг таашгүй. Сайн ноён гэгээн өргөмжит Содномравдан хантныг зүй бусаар хорлогдсон цагаас хойш энэ ахынх нь ёс бус, дураар араншинд тээг болох хүчин халхын энэхэн хавтгайд ер үгүй болсон мэт байгаа. Гагцхүү аяар эвийг харж, сүв сиймхийг олж Гэгээнтэн хэр чадлаараа эерүүлсээр даруй хоёр оныг арайхийн гэтлээд буй. 

Энэ зуур хүрээний бүхий л дацан, хурлуудад гүрэм доромын дууг өглөөнөөс үдэш болтол өчүүхэн ч тасалсангүй. 

Өвгөн гэлэн Палам хоёр дагуулынхаа хамт Оцон цахирт очиж, хэрэг явдлыг газар дээр нь шинжин үзээд оройхон ирэхдээ сэтгэл түгшсэн царайтай хэвээр байв. Юу хэлж ирэв гэвэл "Оцон Цахирын өвөрт юутай ч цус урссан нь үнэн байна. Хоёр шар үхрийг хадны өвөрт нядлаад, махыг нь шулж аваад явчихжээ. Махыг нь шулж байхдаа цахир хадны өврөөр дэлгэн тавьснаас тийнхүү өвөрт нь их цус үсэрсэн мэт харагджээ. Хаясан толгой хийгээд шулсан ясыг хээрийн амьтан гайгүй сайтар мөлжөөд орхисоноос олон яс эвгүй сэрзийн байна. Цус, баасыг нь цахирын өвөр хунх руу урсгасан нь харлаж борлож харагдана. Лавтай өчигдөр шөнийн хийсэн нядалгаа аж. Хоёр морь, хоёр үхэрт махыг нь ачаад явчихсан мөр байна. Баруун хойшоо, Зуслангийн салааны эхрүү буусан бололтой байх юм. Үзвээс холын бус ойрын хулгайч биз. Явган мөрийг үзвэл долоогоос доошгүй хүн байна. Тэдний дөрөв нь лавтай өлмийдөн гишгэж явсныг бодоход монгол хүмүүс биш бололтой. Зун, Могойд тариа тарьж буй хятадууд байж магад. Гэхдээ тэр хятадууд гангаас болж тариагаа орхиод Шаргын гол руу буусан гэсэн сураг сонсогдож байсан. 

Хэдий энэ бүхэн муу шидээр бүтээгүй, мунхаг хүмүүсийн явдал нь илт боловч шүтлэг шүтээнтэй их хайрхан Оцон Цахирын өврийг цусаар бялдаж, ясаар булах нь яавч сайныг үл дагуулах. Тиймээс засал домыг сайтар хийх хэрэгтэй. Муу үйл дэлгэрэн дэгдэх нь намрын өвсөнд гал тавихтэй адил хурдан түргэн цөвүүн цаг билээ. Гэгээнтэн эрх биш нэгийг тунгааж буй биз ээ. Харин ган зуд болоход тэрхүү улаан хошуут хар шувууд, турлиах, чогнуунууд олшрох нь бий ч, ер бус ихээр цугласныг өдий насандаа харсангүй. Бодвоос энэ өвөл өнтэй болж, хаварт элдэв сэг зэм гараагүйгээс гэнэтийн улай дээр тийн ихээр цугласан байж болох. Гэсэн ч ер бус ихээр цуглажээ. Шогол татаж үзсү. Шоо хаяж үзсү” гэв. 
Тэргүүн туслагч Дэндэв Палам гэлэнгийн үгийг сонсоод Халтар хүндийг хэдэн тахарын хамт тэдгээр үхрийн хулгайчдыг мөшгүүлэхээр мордуулжээ. Гэхдээ олонд сүр бололгүй сэмхэн үйлдэхийг зөвлөв. Ганц нэг хүнийг Шаврын гол, Ар Цагаан Ендэртийн гол болон өвөр лүү давуулан ойр хавь нутаглаж буй айл амьтныг амгалан тайван байлгахаар ятган ухуулж, сэнхрүүлэхээр мордуулав.
Эрэгдэл гэгээнтэн Бигэр Номун хантан, Нарвованчин хувилгаан болон Өврийн гэгээнтэн, гэгээнтний дэргэдэх Өврийн үзмэрч мэргэн Жаал нарт учир байдлыг тайлбарлан, хэрхэхийг асууж мэд хэмээн нижгээд элч явуулав. Мөн энэ учрыг илээр хэлэлцэхийг цээрлэж, тэр зууртаа нууцлахыг захижээ. 

Б.Номинчимэд, "Засагт ханы хөх эрсийн дууль" туужаас...

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen