“Хун” нуурыг цэвэрлэнэ
Монголын шувуу хамгаалах төвийн санаачлагаар Нийслэлийн Байгаль орчны газар, Монголын УАЗ клуб, Adventure Temple кафе, Монголын шувуу ажиглагчдын клуб хамтран нуурынхаа хог хаягдлыг цэвэрлэж шувуудаа угтах ажлыг зохион байгуулах гэж байна. Улаанбаатар хотын баруун хэсэг буюу Сонгинохайрхан уулын зүүн бэлд "Хун” нуур гэж бий. "Хун” нуур гэж нэрлэсэн шалтгаан нь 2009 оноос хойш хос хун жил бүр нууранд үүрлэдэгтэй холбоотой юм. Нууранд хос хун үүрлэхээс гадна Отгот шунгуур, Улаан хөлт хөгчүү, Эгэл хараалай, Бор нугас зэрэг олон зүйлийн усны шувууд үүрлэдэг онцлоготой. Манай хотод усны шувуудыг ойроос харах боломжтой сайхан газруудын нэг нь Хун нуур юм. Тус нуур нь шинээр баригдсан Нийслэлийн Авто худалдааны цогцолборын хажууд байрлах бөгөөд хог хаягдал ойр орчимд нь маш их төвлөрсөн байдалтай байна.
Эх сурвалж:polit.mn