Тэр захиалагч хэн бэ, яагаад тэр олдохгүй, шалгадаггүй юм бол гэх асуулт?!
С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийн Хяналтын шатны шүүх хуралдаан Улсын дээд шүүхэд болж, шүүх бүрэлдэхүүн Ц.Амгаланбаатарт 20, Б.Содномдаржаад 20, Т.Чимгээд 20 жилийн хорих ял оноосон билээ. Хоёр шатны шүүхээс Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт 24-25 жилийн ял оноогоод байсан юм. Харин Улсын дээд шүүх Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын өмгөөлөгчдийн гаргасан нэхэмжлэлийг хүчингүй болгож, хоёр шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ хуулийн дагуу ажилласан хэмээн үзэж, шийдвэрлэсэн юм.
Тэгвэл Хууль зүй дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр уг асуудалтай холбоотойгоор өөрийн байр сууриа сошиалаар илэрхийлжээ. Тэрбээр "Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, ардчилсан хөдөлгөөний анхны удирдагч С.Зориг агсаны амь насыг зэрлэгээр бүрэлгэсэн гэмт хэрэгтнүүдийг Монгол Улсын Дээд шүүх гэм буруутайд тооцон эцэслэн ял шийтгэлээ. 19 жилийн өмнө оюутан байх үeд тэр нэгэн өглөө сэтгэл хиртхийлгэсэн аймшигт мэдээг ТВ-р анх үзэхдээ үнэмшихгүй байсныг нуух юун. Эхнэртэйгээ хоёул түүнийг сүүлчийн замд нь үдэж цуваа явж өнгөрөх замд харууслаа илэрхийлж үдсэн нь саяхан санагдана. Энэ хэрэг илрэхгүй, илрэхээсээ өнгөрсөн байхдаа гэж бодож байсаан. Ямартай ч гэмтнүүдийг мөрдөгч, тусгай албад, прокурорынхон олон арван жилийн нөр их ажлын үр дүнд олж илрүүлж, шийтгэж чаджээ гэдэгт итгэж байна.
Хэргийн "захиалагч", "нууц" гээд олон нэхэл шаардсан асуулт олон хүнд байгаа болов уу. Надад ч байна. Мөрдөн байцаалт, шүүхэд буй ямар ч хэрэг, тэр дундаа "нууц" хавтаст хэрэгтэй танилцах эрх, боломж бусдын нэгэн адил надад байхгүй. Байх ч ёсгүй. Тэр утгаараа энэ хэргийн талаар олон эргэлзээ, асуулт, таамаглал надад байдаг. Юуны өмнө тэр захиалагч хэн бэ, яагаад тэр олдохгүй, шалгадаггүй юм бол гэх асуулт?!
Тэр асуудлыг өөртөө хойш тавин, өнөөдөр Улсын Дээд шүүх энэ гэмт хэргийг гардан гүйцэтгэгчдийг яллаж шийтгэсэнтэй холбогдуулж энэ хэргийг ирүүлэхийн төлөө 19 жилийн туршид ажиллаж байсан, ажилласан, илрүүлсэн, нотолсон мөрдөгч, прокурор, тусгай албан хаагчдад баяр хүргэх нь зүй ёс гэж үзэж байна. Та бүгдэд баяр хүргэe! "Төрийн нууц" нь аль болгоныг дэлгэж болдоггүйг би мэднэ. Монгол Улсын 3 шатны шүүх шийдсэн учраас Та бүхэнд итгэж байна. Хуйвалддаг хэлмэгдүүлдэг гэхэд ийм хэрэг дээр бүхэл бүтэн 3 шатны шүүх хилс хэрэгт хэн нэгнийг хийгээгүй гэдэгт бас итгэхийг өөртөө хэллээ. Шударга ёс ялах болтугай. Захиалагч байгаа бол илрүүлэх ёстой” хэмээн бичжээ.