Ц.Баттуяа: Навч, салхи хоёр
- Хэзээ, хэний төлөө асгартал уйлах гээд л
Нулимсаа нөөгөөд байдаг юм бэ?,
Навчхан минь
- Хэзээ ч, хэний ч төлөө асгартал уйлах
Нулимс үлдээгүй шүү дээ, надад
- Худлаа, худлаа, худлаа
Навчхан чамд нулимснаас их зүйл даанч алга
- Гутран гаслахдаа унагасан дуслуудыг минь
Хурын дусалтай хамт чи туугаад л одсон
Одоо чамд өгөх нулимс надад алга
- Зүрхний чинь чигт алмаз мэт гялтагнаад байгаад
Тэр ганц дусал тэгвэл юу юм бэ?
- Салхи чи овжин юм
Сэтгэлийн минь сүүлчийн ганц дуслыг олж харчихаад л
Шунан дурлаад үүгээр эргэлдээд байжээ
- Хэзээ, хэний төлөө унагах гэж
Навчхан чи ганцхан дусал нулимсаа
Ингэтэл харамлана вэ?
- Сүүлчийн өдөр ирэхэд
Салхи чиний төлөө унагах гэж
Сүүлчийн ганц дусал нулимсаа
Чамаас харамлан нандигнасан юм аа
- Надад өгөх юм бол хүлээгээд яах вэ?
Наадахаа яг одоо надад...
- Хүлээ, хүлээ, салхихан минь
Чи бид хоёрын учрах
Сүүлчийн өдөр ирээгүй байна...