Хотын хойморт тухалсан ийм нэг “иргэншил” энд байна
Өглөө оройдоо "Амьжиргааны гудамж”-аар өөд сөргөө алхдаг болохоор дотнохон хэрнээ бас төвөгтэй. Гудамжаар зүгээр явчихаж чадахгүй төвөгшөөгөөд байхдаа яахав гэж бодох байх. Гэхдээ ингэх шалтгаан байна аа. Уг нь энэ гудамж хоёр талаараа явган зорчигчдод зориулсан сайхан замтай байсан нь саяхных. Даанч тэр зам нь хойш урагшаа явган таваргадаг мань мэтэд хүртээл багатай, ихэнхдээ засвар үйлчилгээний талбай, автомашины зогсоол болчихсон нь байх нь гачлантай. Явган хүний замаар явж байхад араас ирж сигналдаад аашилж загнаад байхыг яахав. Арайч дээ гэмээр шүү.
Уг гарвалаараа бол Бага тойруу гэж нэрлэгддэг ч ард түмнээс оноосон нэр нь "Амьжиргааны гудамж” гэдэг болохоор олон амьтны хоолыг залгуулж байгаа газар юм байна даа гэж ойлгогддог. Уул шугамандаа Улаанбаатарчуудын унаа машиных "түргэн тусламж” энд л байх шиг санагддаг юм. Ингэхээр энд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, хувь хүмүүсийг буруутгах аргагүй мэт. Хотын төв болоод Шар ордонд хамгийн ойр байгаа авто засварын "төрөлжсөн” гудамж гэвэл энэ л байх. Бараг төрийн ордны цонхоор бараа нь харагддаг биз. Сүхбаатар дүүргийн IX хорооны гурван давхар барилга энэ гудамжтай хаяа залган дүнхийж байдаг. Ингэж хотын төв хэсэгт тухалж, хороо хоринтой айлсаж, Улаанбаатарын хоёрхон тойрог замын дотуурхи цагирагийн нэг хэсэг нь энэ гудамж гэхчлэн бодохоор үнэхээр үлгэр жишээ орчин баймаар. Гэвч дээрхи хамаарлууд бүгд урвуугаараа эргэчихсэн газар гэвэл "Амьжиргааны гудамж”. Хотын хамгийн бохир хэсэг, аюултай "бүс” гэвэл энд л байна.
Энэ гудамжныхан бүгд авто засвар болон сэлбэг хэрэгсэл, тос маслын худалдаа эрхэлдэг. Гудамжиндаа нэжгээд хүнсний дэлгүүр, чанадаг гоймонгийн хэд хэдэн газартай. Харин бие хөнгөлөх зориулалтын газар нүдэнд лав харагдаггүй болохоор байхгүй ч байж мэднэ. Тийм бол эндхийхэн ихэнхдээ хашаа байшингийн булан бараадаж морь хардаг байх. Хавар болж хамаг бүхэн ууршаад эхлэхээр энэ хавиас ч үнэртэхгүй юм гэж үгүй шүү дээ.
Манайхны ТҮЦ гэж ярьдаг байсан төмөр амбаарын сүүлчийнхийг эндээс л харж болно. Бүгд галлагаатай, Улаанбаатарын утаанд багагүй хувь нэмэр оруулдаг. Ургах нарыг бол утаагаар л угтана. Гэхдээ хэрэглэдэг гол түлш нь хуучин дугуй. Гарын дор байгаа үнэгүй түлшээ түлэхгүй гээд ч яахав. Андашгүй ойртоод очихоор энэ хавийн утааны үнэр нь онцгой ялгардаг. ТҮЦ-нийхэн хувинтай угаадсаа явган хүний зам дээр гутлын чинь хоншуур руу хээв нэг цацах бол энүүхэнд. Хэлэхээр хэхэрсэн болно, "чиний хувцас руу цацаагүйгээс хойш мөрөөрөө мөөмөө унжуулаад яв” ухааны юм ярина шүү дээ. Үдээс хойш "Амьжиргааны гудамж”-аар халтар царайлсан согтуучууд холхиж эхэлнэ. Дээр нь золбин ноход олон. Оройхон хэрд явган хүний замаар явах нь авьяас сорьсон ажил болно. Зам дээгүүр тос масло асгачихсан, түүн дээр нь тэрий хадаж уначих гээд хэцүү. Гутлын ул, өмдний шуумаг хоёрт үнэхээр халтай газар. Өвөл зунгүй л ийм байна. Улаан зам дээр гагнуур хийх, цахилгаан точилоор наклад үрэх энэ тэр бол жирийн л явдал. Явган зорчигч, ялаа хоёр тэдэнд нэг их ялгаа байдаггүй биз.
Өөр нэг байнгын дүр зураг бол Бага тойруугийн баруун тийш чиглэсэн урсгалын нэгдүгээр эгнээ энэ хэсэгт байнгын зогсоол болж өөрчлөгдсөн явдал.
Хотын хойморт тухалсан ийм нэг "иргэншил” энд байна. Олон жил болж байна даа. Харагдах өнгө, үзэгдэх байдлыг нь голчлон өгүүллээ. Гэхдээ "Амьжиргааныхан” хүнд үйлчилж, бор амьдралаа болгож яваа хүмүүс. Үүнийх нь төлөө тэднийг буруутгах арга байхгүй.
Тиймээс ч асуудлын гол нь "Амьжиргааны гудамж” гэдэгтээ бус харин өөрийн эрх чөлөө, ашиг сонирхлоор бусдын эрхэд нөлөөлж, оршин буй орчиндоо хүндэтгэлгүй хандаж байгаа явдал юм. Өөрөөр хэлбэл нийтийн эзэмшлийн орон зай, гудамж замыг өөрсдийн эрх ашиг, сонирхол талаас нь харж, орчин тойрондоо хүнийрхүү сэтгэлээр хандаж байгаа нь өөрөө асуудал болчихоод байгаа юм. Аль аль эрх ашгаа тэнцүүлээд, энэ миний ажиллаж амьдарч байгаа орчин гэсэн сэтгэлээр ханддаг бол өөр талаасаа эргэх учиртай.
Асуудал зөвхөн энэ гудамжаар хязгаарлагдахгүй. Хойшоо Ногоон нуурын хонхор хүрнэ. Хоёрдогч түүхий эдийн цэг, хогийн далан, золбин нохой, угаадсаар дүүрсэн гудамж гээд муу бүхэн хурсан газар болчихоод байгаа юм. Хоёрдогч түүхий эдийн цэг гэж хулгайчдыг өөгшүүлдэг газар засмал дам даган цааш үргэлжилнэ. Энд ирж байгаа кабелуудыг энүүхэн хонхорт шатааж зэсийг нь авдаг. Улаанбаатарын зун цагийн утаа угтаа энэ кабельных.
"Амьжиргааны гудамж” олон жил яригдаж байгаа асуудал. Хэвлэл номоор ч зөндөө бичигдсэн байх. Ингэлээ гээд байдал өөрчлөгдсөнгүй. Э.Бат-Үүл баатар дарга байхдаа "Амьжиргааны гудамж”-ийг ярьдаг л байсан. С.Батболд дарга ч бас дотроо бодолтой л явдаг байлгүй дээ. Хэдэн жилийн өмнө, долдугаар хорооллын газар чөлөөлөх асуудалтай зэрэгцэн энэ хавийн айл, өрх, аж ахуйн нэгжүүдийг нүүлгэх тухай яриа дэгдээд намдсан юм даг. Одоо бүр мартагдаж байгаа юм уу эсвэл дархлагдаж байгаа юм уу, чимээ алдарчихсан байгаа. Мянга сонсохоор нэг үз гэгчээр хотын удирдлагууд Баянхошуу гэхээсээ өмнө Баянбүрд, Бага тойруугараа нэг яваад үзвэл Улаанбаатарын ужиг асуудлуудын зарим нь торойтол тодроод ирэхээр байгаа юм даа. Ядахад энэ хоёрдогч түүхий эдийн цэгүүдийг хотынхоо хоймроос нүүлгэмээр байгаа юм.
П.Булган