Монгол бөхийн шинэчлэл шүүхийн шийдвэртэйгээ гацсан уу


Монгол бөхийн шинэчлэл шүүхийн шийдвэртэйгээ гацсан уу

 

Үндэсний их баяр наадмын тавын даваанд Улсын аварга Ч.Санжаадамба, Төв аймгийн Сүмбэр сумын харьяат аймгийн арслан Г.Ганжад нарын барилдаан ихээхэн будлиантай болж өнгөрсөн билээ.  Барилдааны үеэр хоёр бөх ойрхон унаж, удаашруулсан бичлэгээс Г.Ганжадын тохой нь түрүүлж хүрсэн байсан ч хөлийн цэцийн зургаан хүний тав нь, гарын даа нар аваргыг унасан хэмээн үзэж дүрмийн дагуу Г.Ганжадыг давуулсан. Гэвч бөхийн цэцийн энэ шийдвэр бөх сонирхогчид, наадамчин олныг ихээхэн бухимдуулахад хүргэж, Монголын үндэсний бөхийн холбоонд шинэчлэл хийх зайлшгүй шаардлага байна хэмээн шүүмжилсээр байна.

 

Үнэндээ тус холбоонд шинэчлэл хийхийг оролдсон цөөнгүй хүмүүс бий. Өнөөгийн УИХ-ын гишүүн А.Сүхбат бол тэдний нэг. Түүний  барилдааныг нь харан баясдаг ард түмэн нэг хэсэгтээ үгүйлсэн. "Үндэсний бөхийн холбоо шинэчлэгдсэн цагт барилдана” хэмээн ам гарснаас хойш бөх сонирхогчид зүлэг ногоон дэвжээнээ хэзээ барилдах бол хэмээн нүдээ чилтэл харсаны эцэст  гурван жилийн өмнө "Дархан аварга” цолыг нь олгож, наадамчин олны магнайг тэнийлгэсэн билээ. Хэдийгээр түүнд цолыг нь өгсөн ч  бөхийн холбоо шинэчлэгдэж чадахгүйгээр барахгүй Монгол Улсын гурван шатны шүүхийн гаргасан шийдвэрийг биелүүлэхээс татгалзаж, бөхчүүдийг талцуулж эхэлснийг шинэ удирдлагууд нь мэдэгдсээр байна.

 

Өчигдөр бөх сонирхогч дэмжигч Д.Гантулга, МҮБХ-ны Хяналтын зөвлөлийн гишүүн Ц.Ариунболд нарын хүмүүс мэдээлэл хийж, бөхчүүд хоорондоо хагаралдаж, үймээн ч дэгдэж магадгүй байгаа талаар онцоллоо.

 

Монгол бөхийн шинэчлэл шүүхийн шийдвэртэйгээ гацсан уу

 

МҮБХ-ны хяналтын зөвлөлийн гишүүн Ц.Ариунболд Улсын дээд шүүхийн 2013 оны 403 тоот тогтоолыг хэрэгжүүлэх зорилготойгоор Баянзүрх дүүргийн Засаг даргаас жагсаал, цуглаан хийх зөвшөөрөл аван, энэ сарын 17-ны өдөр 18:00 цагийн үед Р.Нямдорж даргатай ажлаа хүлээлцэхээр Монгол бөхийн өргөөнд очжээ. Тухайн үед МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж байгаагүй аж. Улмаар ирэхийг нь хүлээгээд сууж байтал шөнийн 23:00 цагийн орчимд Говь-Алтай аймгийн 40 орчим бөх хүч түрэн орж ирэн гарч явахыг шаардсан байна. Тэд цахилгаан бороохой байжээ. Эдгээр бөхчүүдийн дунд Улсын гарьд Н.Ганбаатар, Улсын гарьд Ж.Бат-эрдэнэ, Улсын заан Б.Соронзонболд, Улсын начин С.Багахүү, Улсын начин Б.Хишигбаатар, Улсын начин Д.Лхагвадорж, Улсын начин Л.Өлзийбаяр, Аймгийн арслан А.Хосбаяр, Аймгийн начин П.Гаанжуурсүрэн, Аймгийн начин Ө.Дүүрэнбаяр нар байсныг нэр цохов.

 

МҮБХ-ны хяналтын зөвлөлийн гишүүн Ц.Ариунболд энэ талаар "Бидний зорилго тэдэнтэй маргалдах биш байсан учраас бид өргөөнөөс гарах гэтэл хаалга цоожтой байсан. Гэтэл Улсын гарьд Н.Ганбаатар өшиглөөд онгойлгочихсон. Говь-Алтай аймгийн бөхчүүд сайн зохион байгуулалттайгаар Р.Нямдоржийг аврахыг боддог юм байна. Говь-Алтай аймгийн бөхчүүд сайхан нэгддэг юм байна. Гэхдээ цаана нь 20 аймаг бий шүү. Р.Нямдорж Увсынхан бөх биш гэх юм ярьдаг. Увсынхан нэг юм тунгаана биз. Тэмцэл хийх талаар ярьж л байна лээ. МҮБХ-ны тэргүүний асуудлыг нэг тийш нь шийдэхгүй асуудал даамжирвал бөхчүүд хоорондоо хагаралдаж, үймээн ч дэгдэж магадгүй байна” гэв.

 

Харин МҮБХ-ны хуучин удирдлагуудын зүгээр "Өнгөрсөн 5 сарын 28-нд  ээлжит бус их эе нэртэй хурлыг Дархан аварга Сүхбат, Яруу найрагч Хүрэлбаатар, Улсын заан Ганболд тэргүүтэй хүмүүс хуралдуулсан. Энэ хурлаас МҮБХ-ны тэргүүнээр Л.Чинбатыг бөхийн холбооны тэргүүнээр сонгосон. Энэ хурал  нь хууль бус”  гэж үзээд  Ч.Хүрэлбаатар А.Сүхбат, Ганболд тэргүүтэй хүмүүсийн удирдан явуулсан ээлжит бус "Их эе”- ийн гэх хуралд Увс аймгийн аймгийн голдуу бөхчүүд хамрагдсан, төлөөлөлөгч болж чадахгүй төлөөлөгчид оролцсон. Хууль бус үйл  ажиллагаанд Монгол улсын хууль тогтоох дээд байгууллагын гишүүн хүн уриалан оролцож, бусдыг турхирч байгаад харамсч байгаагаа Бөхийн холбооны удирдлагууд илэрхийлж, өнгөрсөн 6-р сард хуралдсан МҮБХ-ны ээлжит цэцдийн зөвлөлийн хурлаар МҮБХ-ны "Их эе”-ийг  2018 оны 3 дугаар сард хуралдуулж, шинэ тэргүүнийг хууль ёсны дагуу сонгож, одоогийн удирдлагууд нь ажлаа өгөхөөр болсон хэмээн эсэргүүцсээр байгаа юм. 

 

Түүгээр ч барахгүй өнөөгийн МҮБХ-ныхон шинэ удирдлагууддаа албан тушаалаа өгөхгүй хэмээн Бөхийн өргөөг өөрсдийн хүмүүсээрээ хамгаалуулжээ. Тодруулбал Бөхийн өргөө болон холбооны удирдлагуудын талаарх нөхцөл байдлыг сурвалжлахаар очиход тус байрыг хамгаалалтад авч, хэнийг ч оруулахгүй байв. Ямар шалтгааныг улмаас хамгаалалтад авсан талаар ажилчидаас тодруулахад "Гаднаас хэнийг ч оруулж болохгүй” гэсэн үүргийг "дээрээс” өгсөн гэв.

 

Монгол Улсын нэрийн өмнөөс гаргасан шүүхийн шийдвэрийг хэн ч дагаж мөрдөх үүрэгтэй. Тэр дундаа гурван шатны шүүхийн шийдвэр хаана ч үйчлэх эрхтэй. Гэтэл Монгол бөхийн шинэчлэх шийдвэр ийнхүүү шүүхийн танхимд гарсан шийдвэртэйгээ гацчихаад байна.

 

 

 

 http://www.24tsag.mn/content/152711.shtml

Эх сурвалж:  24tsag.mn

 

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen