Э.Бат-Үүл “Поп”-дож байсан уу?
Хотын дарга Су.Батболдын санаачилснаар нэгэн журам батлагджээ. Тэр нь Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах I, II бүсийн оршин суугчид орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн төлбөрөө Гэр хорооллыг хөгжүүлэх сангаас төлүүлэх тухай юм байна. 2017 оны зургадугаар сарын 30-наас хэрэгжиж эхэлсэн энэ журмаа маш сайн PR-даж байх шиг байна.
Тэр журамд нь заасан дээрх бүсийн оршин суугчид ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн дэмжлэгт хамрагдахдаа өөрийн амьдран суугаа хашааны газрын эзэмших /ашиглах, өмчлөх/ эрхээ НӨХГ-т шилжүүлэн газраа Нийслэлийн газрын санд бүртгүүлнэ гэснийг огт ярьсангүй. Өөрөөр хэлбэл, чөлөөлсөн газарт баригдах орон сууцанд хашаа байшингаа өгч байж, урьдчилгаа 30 хувийг төлөхгүй болно гэсэн үг юм.
Түүнчлэн журамд банкны зүгээс тавьж буй ипотекийн зээлийн үндсэн шаардлагыг хангасан байхаас гадна, худалдаж авч буй байрны хэмжээ 70 м.кв-аас илүүгүй, нэг м.кв-ын үнэ 1.5 сая төгрөгөөс хэтрэхгүй байхаар тусгажээ.
Ингээд бодохоор хамгийн том 70 м.кв байр авч байгаа хүний урьдчилгаа 30 хувийн төлбөр нь 30 орчим сая төгрөг болох юм байна. Хашаандаа том том байшинтай, үл хөдлөх хөрөнгөтэй айлуудад л ингэж тусна. Тэгээд үүнээс доошилно. За тэгээд, дунджаар 20 орчим сая төгрөг гэсэн үг.
Тэгвэл Э.Бат-Үүлийг Хотын дарга байхад НИТХ-аас Гэр хорооллын дахин төлөвлөлтийг баталж, хөтөлбөр хэрэгжүүлэн, энэ хүрээндээ хэд хэдэн бүсийг орон сууцжуулаад авсан. Тэр байтугай, газраа өгсөн олон иргэн 1-3 өрөө байранд орсон. Дунджаар хоёр өрөө байраар "тулж” байсныг нийслэлийн иргэд мартаагүй.
Гэтэл өнөөдөр ийм дээрээ тулаад байхад Хотын дарга асан Э.Бат-Үүл таг дуугүй л байна. Нийслэлийн АН ч чимээ сураг гаргасангүй. Зүй нь "...Бидний эхлүүлсэн тийм сайн хөтөлбөрийг ийм муухай болголоо” гээд л хурал зарлаад баллаж өгөх ёстой. Тэгсэнгүй.
Магадгүй, хүү нь гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбогдож, улмаар АН-ын дарга, Ерөнхийлөгчид ч хүч үзэх байсан карьерийг унагаснаас хойш Э.Бат-Үүл энэ сэдвээр дуугарах дургүй болсон байж магад.
Гэхдээ юм үнэнээрээ сайхан. Хийсэн л бол хийсэн, эхлүүлсэн л бол эхлүүлсэн. Дээрээс нь, тэрээр Улсын баатар хүний хувьд 182 мянган айлын газар үнэгүйдэж, Улаанбаатарын иргэд хохирч болзошгүй байхад дуугарах л хэрэгтэй юм. Хэрвээ тухайн үед "поп”-доогүй бол шүү дээ.
Б.ДАМДИН