Хоёр өрөө байрны үнэтэй газрыг 20 сая төгрөгөөр солихоор боллоо
Хотын даргын "гоё” шийдвэр баахан хүмүүсийг баярлуулан гомдоох гээч болов. Утаа ихтэй бүсэд амьдарч байгаа иргэдээ урьдчилгаагүй орон сууцанд оруулахаар болсныг сонссон хэн бүхэн баярлах нь мэдээж. Урьдчилгаа төлбөрт толгой гашилгасан хүмүүст 182000 өрхийг амар хялбараар орон сууцанд амьдруулах Хотын даргын мэдээлэл чихэнд чимэгтэй байлгүй яах вэ. Тэгвэл энэхүү шийдвэрийг зарласнаас хоёрхон хоногийн дараа утаа ихтэй 1, 2-дугаар бүсэд хамрагдах айлууд урьдчилгаа төлбөр төлөхгүйгээр орон сууцанд хэрхэн орох талаар журмыг нь гаргажээ. Мөн тухайн бүсэд хамрагдах боломжтой айлуудыг хороогоор нь нарийвчлан гаргаснаа Хотын захиргаанаас танилцууллаа.
Журамд зааснаар Агаарын чанарыг сайжруулах 1, 2-р бүсийн гэр хорооллын оршин суугчид ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн дэмжлэгт хамрагдахдаа өөрийн амьдран суугаа хашааны газрын эзэмших /ашиглах, өмчлөх/ эрхээ НӨХГ-т шилжүүлэн газраа Нийслэлийн газрын санд бүртгүүлэх юм байна. Мөн банкны зүгээс тавьж буй ипотекийн зээлийн үндсэн шаардлагыг хангасан байхаас гадна, худалдаж авч буй байрны хэмжээ 70м квадратаас илүүгүй, 1м2 –ын үнэ 1.500.000 төгрөгөөс хэтрэхгүй үнэтэй байх шаардлагатай юм. Өөрөөр хэлбэл, заасан бүсэд хамрагдаж урьдчилгаа 30 хувь төлөхгүйгээр орон сууцанд орохоор болсон та хашаа, байшин, газрын гэрчилгээгээ Нийслэлийн өмчийн харилцааны газрын нэр дээр шилжүүлээд оронд нь орон сууцны лизингд хамрагдана гэсэн үг. Бүр тодорхой хэлбэл, өнгөрсөн жилүүдэд хоёр өрөө байрны үнэ хүрч байсан газраа байрны урьдчилгаа 20 сая төгрөгөөр солихоор боллоо.
Агаарын чанарыг сайжруулах 1-дүгээр бүсэд буюу Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн 51 хорооны 130.706 өрх, 2-дугаар бүсэд Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх дүүргийн 51.910 өрх хамрагдахаар заажээ. Энэ бүс нутагт байрлах Баянхошуу, МҮОНРТелевиз, 100 айл орчмын агаар дахь хүхрийн давхар исэл /SO2/ нарийн ширхэгт тоосонцор /PM2.5/-ын агууламжийн хэмжээ агаарын чанарын стандартаас 10-30 давсан гэж тооцож байгаа.
Гэвч Хотын даргын шийдвэрийг хэрэгжүүлэх журам гарсан даруйдаа иргэдийн дургүйцлыг хүргэж эхэллээ. Иргэд энэ удаагийн шийдвэрийг өнгөрсөн жилүүдэд хэрэгжүүлсэн гэр хорооллын дахин төлөвлөлттэй харьцуулж жишиж байна. Өнгөрсөн дөрвөн жил гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд иргэд амьдарч буй газраа байрны урьдчилгаа биш 2-3 өрөө байраар сольж байсан. Дээр нь иргэдийг газраа чөлөөлөөд байрандаа орох хүртэлх хугацааны мөнгийг барилгын компаниуд гаргаж байсан юм. Гэтэл одоо хотын А зэрэглэлийн 1, 2- дугаар бүсийн газраа айлууд урьдчилгаанд өгөхөөр болоод байна.
Үнэндээ утааг бууруулж, яндан цөөлөх нэрийн дор 182 мянган айлыг зээлийн орон сууцанд оруулах гэж байгаа нь өөрийн эзэмшлийн хашаа байшиндаа амьдарч буй иргэдийг 20-30 жилийн банкны лизингийн өрөнд хүчээр оруулж байгаа хэрэг юм. Түүнчлэн урьдчилгаа төлбөрөө бүрдүүлээд орон сууцанд орж чадахгүй иргэд байрны зээлээ төлж чадах эсэх нь эргэлзээтэй.
Хотын даргын энэ шийдвэрийг цахим ертөнцийн зарим иргэд утааны хоморгонд ард иргэдийнхээ газрыг орон сууцны урьдчилгаа нэрээр халхавчилж үнэгүй луйвардах гэж байгаа хэрэг гэж тодотгож буй. Улс орон хямралтай үед борлогдохгүй байгаа барилгын салбараа аврахын тулд иргэдэд шахаж байгаа гэх нэгэн ч байна.
Иргэдээ орон сууцжуулахын тулд дэд бүтэц, ус дулааныг нь шийдвэрлэсэн жишээ Сүхбаатар аймгаас авахуулаад олон бий. Уг нь гэр хороолол руу ус дулааныг нь татаад өгчих юм бол хэн ч нүүрс түлж, утаа униар гаргана гэж зөрүүдлэхгүй.
С.Батболд: ИПОТЕКИЙН ЗЭЭЛД ХАМРАГДАЖ БУЙ ИРГЭД ХАШАА БАЙШИНГАА ХУДАЛДДАГААС БОЛЖ УТААТАЙ ТЭМЦЭЖ ЧАДАХГҮЙ БАЙНА
Улаанбаатар хотод 216.000 өрх орон сууцгүй, эрүүл ахуйн эрсдэлтэй орчинд амьдарч, хөдөлмөрлөж байгаа аж. Эдгээр өрх нийслэлийн агаарын бохирдлын 70 хувийг бий болгохын зэрэгцээ, зуны цагт хөрсний бохирдол, өвөл агаарын бохирдлын голомт болгож байгааг албаныхан тодотгоод байгаа юм.
Энэ талаараа Хотын дарга хэлэхдээ "Нийслэл хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд "Цахилгааны шөнийн тарифыг хөнгөлөх”, "Суурьшлын бүсийн улаан шугам татах”, "Нийслэл рүү чиглэсэн иргэдийн шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох” гэх мэт олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Гэвч богино хугацаанд үр дүнтэйгээр агаарын бохирдолтой тэмцэхэд судалгаанд суурилсан, илүү зорилтот бүлэгт чиглэсэн, гэр хорооллыг орон сууцжуулах цогц арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх шаардлага тулгараад байна.
Хэдий эдийн засгийн хүндрэлтэй үетэй бид нүүр тулж байгаа боловч, хот мөнгөгүй байна, улс зардлаа танаж байна гээд гараа хумхиад, шийдвэртэй алхам хийхгүй суугаад байж болохгүй. Нийслэлчүүд бид энэ хямралыг ААН-үүд, иргэд, олон улсын санхүүгийн байгууллагуудтайгаа нийлэн хамтдаа даван туулах учиртай. Агаарын бохирдолтой зөвхөн өвөл биш бүтэн жилийн турш уйгагүй тэмцэж байж бид бодитой үр дүнд хүрч чадна. Гэр хорооллын бүсээс ипотекийн зээлд хамрагдаж буй иргэд нүүхдээ хашаа байшингаа дараагийн иргэнд худалддаг, орон сууцанд амьдарч буй иргэд ипотекийн зээлд хамрагддаг гэх мэт байдал түгээмэл байгаа нь агаарын бохирдлын голомтод амьдарч буй иргэдэд чиглэсэн үр дүнтэй бодлого боловсруулах шаардлагыг бий болгоод байна. Энэхүү тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх үүднээс Нийслэлийн Агаарын бохирдлыг Бууруулах Орон Сууцны Санг /АББОСС/санаачлан байгуулж байна” гэсэн юм.
Хотын дарга АББОСС-ийн ач холбогдлыг тодорхойлохдоо "1, 2-р бүсийн яндангийн тоог бууруулах замаар агаарын бохирдолтой бодитой тэмцэх, 1, 2-р бүсэд амьдарч буй бөгөөд орон сууцны урьдчилгаа төлбөр төлөх боломжгүй иргэдэд ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг сангаас төлөх замаар зорилтод иргэдийг хямд өртөгтэй, хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцанд хамруулах, зогсонги байдалд орсон барилгын салбарт бодит хөрөнгө оруулалт хийх, чөлөөлөгдсөн газарт цэцэрлэг, сургууль, төрийн үйлчилгээний төв, хямд өртөгтөй орон сууц барьж дахин гэр гэр хорооллын бүсийг нэмэгдүүлэхгүй байх нөхцөл бүрдүүлнэ” гэлээ.
С.УЯНГА
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин