Д.Оюунхорол сайд Дарь-Эхийн тоггүй айлуудыг эрчим хүчинд холбууллаа

Д.Оюунхорол сайд Дарь-Эхийн тоггүй айлуудыг эрчим хүчинд холбууллаа
УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол БЗД-ийн Дарь-Эх, Сансарын зургаан хороог төлөөлөн УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Тойргийнхоо иргэд сонгогчидтой уулзах үеэр гэрэл цахилгаангүй, үр хүүхдүүд нь хичээл номоо хийх боломжгүй, ахуйн хөргөгч, зурагтаа ч ашиглаж чадахгүй нөхцөлд амьдарч байгаа тухайгаа уламжилж байсан юм. Тэгвэл сонгогдсон даруйдаа энэ асуудалд шуурхайлан хандаж, өнгөрсөн намар БЗД-ийн 21-р хорооны Ганц худгийн хойд талын  100 гаран өрхийг төвийн эрчим хүчинд холбуулсан. Мөн энэ хавартаа амжиж үлдсэн айл өрхийг эрчим хүчинд холбуулах саналыг ЭХЯ-нд хүргүүлснээр холбогдох зардлыг 2017 оны улсын төсөвт суулгуулж амжсан юм.
Үүний дагуу Эрчим хүчний яам тендер зарлан, БЗД-ийн 21-р хорооны газар нутаг дахь Ганцын задгай, Жамсран уулын өвөрт оршин суудаг 140 гаруй өрхийг төвийн эрчим хүчинд холбуулах ажлыг нэр бүхий компаниудаар хийж  гүйцэтгүүлэхээр болсон. Тэгвэл энэхүү ажил өнөөдрөөс албан ёсоор эхэлж байна. Уг ажлын нээлтэд УИХ-ын гишүүн, БОАЖ-ын Д.Оюунхорол, Эрчим хүчний сайд П.Ганхүү болон бусад холбогдох албаныхан оролцсон юм. Мөн 21-р хороонд оршин суудаг тог цахилгаангүй байсан айл өрхийнхөн уг үйл ажиллагаанд хүрэлцэн ирж, чин сэтгэлийн талархал илэрхийллээ.    

Д.Оюунхорол: Гэрэл, цахилгаан бол айл гэрт халуун дулаан уур амьсгал бий болгож, гэрэл гэгээ, аз жаргал бэлэглэдэг

Д.Оюунхорол сайд Дарь-Эхийн тоггүй айлуудыг эрчим хүчинд холбууллаа

 

Нээлтийн үеэр УИХ-ын гишүүн, БОАЖ-ын Д.Оюунхорол "Улаанбаатар хот өдрөөс өдөрт өргөжин тэлсээр байна. Үүнийг дагаад дэд бүтэц, тэр дундаа тог цахилгааны асуудал хотын төвөөс алслагдмал гэр хорооллын айл өрхүүдийн хамгийн тулгамдсан асуудлын нэг болоод байна. Та бүхэн надад итгэл хүлээлгэж төрдөө төлөөллөө болгон илгээсний маргаашнаас л би гэрэл цахилгааны асуудлыг хөөцөлдөж эхэлсэн. Улс орны эдийн засаг хүнд, төсвийн жил дуусч байсан хэдий ч өнгөрсөн өнгөрсөн намар 21-р хороо Ганц худгийн амны 100 орчим өрхийг төвийн эрчим хүчинд холбуулсан. Үлдсэн 140 гаруй айлыг холбуулах зардлыг 2017 оны Эрчим хүчний сайдын багцад суулгуулж, өнөөдөр бид ажлаа эхлүүлж байна. Гэрэл, цахилгаан бол айл гэрт халуун дулаан уур амьсгал бий болгодог зүйл. Нэг ёсондоо, гэрэл гэгээ, аз жаргал бэлэглэдэг зүйл юм. Та бүхэндээ тоонондоо нартай, зуухандаа галтай, сэтгэл дүүрэн сайхан амьдрахыг ерөөе. Мөн бидний ажлыг дэмжиж, гэрэл цахилгаангүй айл өрхүүдийн асуудалд анхаарал хандуулж, ажлаа эхлүүлсэн Эрчим хүчний сайд П.Ганхүү болон түүний багт талархал илэрхийлье” гэсэн юм.

Түүнээс гадна БЗД-ийн 27-р хорооны Дунд Дарь-Эхийн 3 байршилд цахилгаан дамжуулах 0.4кВолтын агаарын шугам татсан ч айлууд руу холболт хийгээгүй байжээ. Тэгвэл өнөөдөр Эрчим хүчний яамны 95 жилийн ойг угтсан ажлын хүрээнд эдгээр байршил дээр "Эрчим хүчний салбарын улсын аварга шалгаруулах ажил мэргэжлийн уралдаан”-ны төгсгөлийн шатны шалгаруулалтын тэмцээн болж эрчим хүчээр холбох ажлыг хийж гүйцэтгэлээ. Энэхүү ажлыг Монгол Улсын бүс бүсээс шалгарсан эрчим хүчний салбарын хамгийн шилдэг 9 баг бүрэлдэхүүн хийж гүйцэтгэсэн бөгөөд ажлаа 13.00 цагт эхэлж, тог цахилгаангүй байсан 42 айлыг хагас өдөрт эрчим хүчээр холбож дуусгасан юм. Эдгээр айл өрхүүд дунд сүүлийн 10 жил тоггүй аж төрсөн айл ч байлаа. Энэ үеэр тог цахилгаантай болсон зарим иргэний сэтгэгдлийг сонссон юм.

П.Бямбахүү: Тогтой болчихлоо. Үр хүүхдүүдтэйгээ бөөнөөрөө тойрч суугаад зурагтаа үзнэ дээ

Д.Оюунхорол сайд Дарь-Эхийн тоггүй айлуудыг эрчим хүчинд холбууллаа

 

27 дугаар хорооны өндөр настан П.Бямбахүү: Би Дарь-Эхэд 33 жил амьдарсан. Гэвч сүүлийн 10 жилийн турш хажуу айлаасаа тог гуйж, үнэхээр хэцүү байсан. Харин хэдхэн цагийн дотор тогтой болчихлоо. Ийм л амархан зүйл байсан байна. Сэтгэл л байвал юуг ч амархан хийдэг юм байна. Үр хүүхдүүдтэйгээ өнөөдөр бөөнөөр зурагтаа үзнэ гэхээр л баярлаад байх юм. Д.Оюунхорол сайддаа болон Эрчим хүчний сайд П.Ганхүүд, энэ салбарт ажилладаг мундаг залуучууддаа чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлье. Буян нь дэлгэрэг.

Б.Гантулга: Эрчим хүчинд холбогдсон. Санаа зовох зүйлгүй амьдрахаар боллоо

Д.Оюунхорол сайд Дарь-Эхийн тоггүй айлуудыг эрчим хүчинд холбууллаа

 

27 дугаар хорооны иргэн Б.Гантулга: -Хажуу айлаасаа тог гуйх үнэхээр хүндрэлтэй байсан. Заримдаа тог гуйдаг айл маань тогоо унтраагаад хэд хоногоор хөдөө явчихдаг. Тэгээд л манайх тоггүй болчихдог. Зурагт үзэх байтугай утсаа ч цэнэглэж чаддаггүй. Хоёр, гурван айл газраас тог хэрэглэхээр хүчдэл муу болчихдог. Одоо харин санаа зовох зүйлгүй боллоо. Та бүхэндээ бүгдэд нь маш их баярлалаа гэж хэлье.

Энэ мэтчилэн Дарь-Эхэд амьдардаг тог цахилгаанд холбогдсон иргэд Д.Оюунхорол сайд болон эрчим хүчний салбарынханд дахин дахин талархал илэрхийлсээр байсан юм.

Дашрамд дурдахад, өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын ажлын албаныхан Эрчим хүчний яам болон Зүүн түгээхийн холбогдох албаны хүмүүстэй газар дээр нь ажиллаж, ажлын явцтай танилцсан. Энэ үед эрчим хүч холбох тус газар нутагт ил задгай хог хаягдал их байсан юм. Харин гэрэл, цахилгаантай болох гэж байгаа айл өрхүүд эрчим хүч холбох ажлаас өмнө хог, хаягдлаа бүгдийг нь цэвэрлэж дуусчээ.




Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen