ТӨСВИЙН УДИРДАХ АЖИЛТНУУД ЗӨВЛӨЛДӨЖ ӨНГӨРСӨН ОНЫ АЖЛАА ДҮГНЭЛЭЭ
Жилд нэг удаа төсвийн удирдах ажилтнуудын зөвлөгөөнийг зохион байгуулж алдаа оноогоо хэлэлцдэг. Энэ жил аймгийн Засаг даргын "ЗӨВЛӨЛ”-ийн хурлыг өргөтгөсөн байдлаар хийж төсвийн удирдах ажилтан буюу бүх төсөвт байгууллагын дарга нарыг хамруулсан юм.
Өмнөговь аймгийн төсөв санхүүгийн байдлыг танилцуулсан ба 2016 оны төсвийн гүйцэтгэлээр орон нутгийн төсвийнорлого 114,5 тэрбум төгрөгт хүрч, зарлага санхүүжилтэд 107,7 тэрбум төгрөг зарцуулж, аймаг өөрийгөө бүрэн санхүүжүүлэн улсын төсөвт 16,7 тэрбум төгрөгийг хуулийн дагуу бүрэн төвлөрүүлсэн байна.
2016 онд орон нутгийн төсвийн орлогыг 112,4 тэрбум төгрөгөөр төлөвлөж, гүйцэтгэлээр 114,5 тэрбум төвлөрч, орлогын төлөвлөгөө 1,9 хувиар буюу 2,1 тэрбум төгрөгөөр давж биелэсэн үзүүлэлттэйбайна.
Мөн зөвлөгөөний үеэр төсөвт байгууллагуудад гардаг түгээмэл алдаа дутагдлыг хэлэлцлээ. Тухайлбал гүйлгээний утгыг алдаатай шивэх, төрийн сангийн мэргэжилтнүүд холбогдох хууль дүрмээ мэдэхгүйн улмаас удирдлага мэдээллийн системд нэвтрэх эрхээ бусдад шилжүүлэх, төсвийн сарын мэдээг хугацаа хожимдуулах, чанаргүй гаргах, өр авлагыг тооцоо нийлж үнэн зөв мэдээллэхгүй байх, бэлэг дурсгал авах, ажилчдын цалинг буруу тооцож олгох, зарим байгууллагад илүү гүйлгээ хийх, улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ тамга тэмдгээ хүлээн авсан аж ахуйн нэгж байгууллагууд санхүүгийн тайлангаа гаргадаггүй зэрэг алдаа дутагдлыг шүүмжилж цаашид ийм алдаа зөрчил гаргахгүй хуулийн хүрээнд төсвийг ил тод, үнэн шударга байлгахыг зөвлөгөөнд оролцогчдод аймгийн Засаг даргын ЗӨВЛӨЛ-ийн зүгээс үүрэг болголоо.
Ажил үйлсээрээ хамт олноо манлайлсан ажилтнуудаа шагнаж урамшуулан, алдаа зөрчил гаргасан байгууллагын удирдлагуудад хариуцлага тооцсон юм.
Төсвийг хуулийн хүрээнд зохих журмын дагуу зөв зүйлд зарцуулж сахилга баттай ажиллах, төсвийн тухай хууль болон бусад хууль тогтоомжуудыг мөрдлөгө болгон төсвийн төлөвлөлтийг сайжруулах, төсвийн орлогын бололцоотой эх үүсвэрийг бүрэн дайчлах, оновчтой хуваарилах, төсвийн хөрөнгийн зарцуулалтанд хяналт тавьж ажиллах талаар ЗӨВЛӨМЖ гаргаж нягт уялдаа холбоотой хамтран ажиллах цогц шийдэлд хүрсэн юм.