АГШУУ ШОНХОР БА ОРОЙН ГАНЦ МОД
(Г.МЭНД-ООЁО НАЙРАГЧИЙН "ШИЛИЙН БОГД” РОМАНЫ ТУХАЙ ТЭМДЭГЛЭЛ)
1. АГШУУ ШОНХОР
"...эргэцүүлэн бодох цаг тэнгэрт л байх ажгуу...”
/Агшуу шонхорын бодол/
Ашид таван махбодийн язгуураас цэцгийн үндэс мэт бүрэлдсэн эдүгээх сав шимийн ертөнцөд баруун хойноос зүүн урагш аажуу намсаж сунасан их уулсын хөндийн салхи аглаг хээр талын дов толгод дундуур гулсан ирж, тэндээ хэсэгхэн саатаж амсхийснээ зүүн өмнөд зүгт орших хянган хадат цавчим уулсын дээгүүр далайн хүчит давалгаагаар түрэгдэн хальж ирэх нөөлөг бүлээн салхитай талын намхан уулсын оройд золголдон мөргөлдөөд, сэрүүн-бүлээн хоёр салхины урсгал яг энэ хавьд ороогдон эрчлэгдэж, улмаар дээшээ огторгуйн цээл рүү хуйлран одох ба салхин эрчлээс хуйлрах энэ туйл цэг нь ШИЛИЙН БОГД уул ажээ.
Чухам энэ туйл цэгийн өндөрлөгт дүүлэн нисэхийн омог бахархлыг эзэгнэсэн шувуу бол АГШУУ ШОНХОР. Агшуу шонхорыг даль гүйцэх цагт эх нь арсгар улаан хадан дээрээс хүчирхэг том далавчаараа доош түлхэхэд, түлхүүлж унасан түүний турьхан хос далавч салхи сөрөн дэлгэгдэж, энэ л салхин эргүүлэгт татагдан огторгуйд дүүлсэн билээ. Энэ цагаас хойшхи Агшуу шонхорын бүхий л нислэг зөвхөн зөн совингоо дагасан хэмээх.
Нэгэнт бие гүйцээд, өндөрт халин дүүлж, шумбан наадах болсон Агшууг ижил ханиа олоход эцэг нь их талын тэртээх Онгон элсний тэнгэрт хүргэж, залуу хосууд
Онгон элсний Оройн ганц модон дээр байх хон хэрээний хуучин үүрийг хонхойлж засаад тэндээ төвхнөв. Хаврын урь унамагц Агшуу эм шонхор Эгшүүгээс халуу дүүгэх хүсэл тачаалыг мэдэрч, ханиа даль жигүүрээрээ зөөлөн илбэн өдөөгөөд хажуугийн мөчир дээр дэгдэн бууж, "хах хах, хэх хэх, аг аг, эг эг” хэмээх авиа гарган эмийг дуудан дохиолоход, хүсэн хүлээж байсан Эгшүү нь нисэн ирж дэргэд нь наалдан буугаад, далавчаа дээш сойж, толгойгоо мөчрөөс доош унжуулахад бөгсөн бие хэдийнэ дээш өргөгджээ. Эр шонхор хаг хаг, аг аг, хах хах хэмээн дуугарах бөгөөд шуугин исгэрэх салхи сөрж шумбан дүүлэхэд хагш-шуу, аг-шуу, хаг-шуу-ууу, аг-шүү-үү гэх авиа хөглөгдөнө. Ийн Агшуу нэрт бүлгээ. Эм нь хэг хэг, эг эг, гэг гэг дуугарч, шумбан дүүлэх үед хэг-шүү, эг-шүү-үү гэх авиа дуу салхиар түрэх тул тийн Эгшүү хэмээх аж.
Ийнхүү хос шонхор ертөнцийн жамыг үзүүлж, нэгэнт бүрэлдсэн үр-өндөгөө хүлээн суутал гэнэтийн гай дайрав. Хэдэн тэмээ туусан дөрвөн хүн Оройн ганц модны арын хонхорт ирж буудаллав. Харь хэлийн тэдгээр хүмүүс Оройн ганц модонд үүрлэсэн далан хэлийн шувуудыг чулуугаар шидэн хөөгөөд, мөчрүүдийг тайрч, тэнгэр шорлон үлдсэн нүцгэн гол биеийг хөрөө, сүхийн хүчээр манхан дэрлүүлж хөсөр унагахыг шонхорууд хөх тэнгэрт дүүжлэгдэн байж элэг эмтрэн харлаа. Ганц модны диваажинг там болгож хувиргасан харь хүмүүс долоон тэмээ цувуулж байгаад зөв талд нь голч модыг бүтнээр нь тууш тэгнээд, буруу талд нь мөчир сэлтсийг хэсэглэн баглаж ачаалжээ. Хөсөр унаж хөглөрсөн олон шувуудын үүр, навч мөчирийн цавчдасыг мод байсан газар дов болгон овоолоод бүрий болох алдад өмнө зүг барин хөдөллөө.
Ойролцоох хайлаасан төглийн мөчирт байх өгөр үүрэнд хүйтэн шөнө жиндэж хоносон хос шонхор үүрээр тэнгэрт хөөрөхдөө аймшигтай юм олж үзэв. Харанхуй саарал утаа Оройн ганц мод байсан тэндээс олгойдож Онгон элсийг тэр чигт нь бүрхжээ. Утааны голд улаан гал цоролзоно. Арван тийш салаалсан хөх саарал утаан дунд ер бусын дүрст бие нь нэвт гэрэлтэх амьтад амаа ангайлган, биеэ мушгируулах нь Оройн ганц модны эзэн савдгууд ажээ. Тэнгэрийн хаяа махан улаанаар хөвөөлж байснаа зэвхий даахад тэнгэр зад шуурахыг мэдсэн шонхорууд өндрөө ахиулж, жигүүрээ нумлан, биеэ сумын зэв мэт хураагаад Шилийн уулын зүг одлоо.
Шилийн ууланд Агшуу, Эгшүү хоёр тэмцэлт амьдрал туулж хатамжив. Хэдийгээр залуу хосууд үр-өндөгөө төрүүлж, өсгөж өнөр бүл болсон боловч Агшуу хань Эгшүүгээ зуурдаар алдаж, түүнчлэн олон бэрхийг давсаны эцэст амин үр Цагаантолгойт шонхорыг сайтар сургаад хань ижил, хувь тавиланд нь даатгаж, өөрийн залгамж болгон үлдээж байна.
Шилийн ууланд Агшуу, Эгшүү хоёр шилийн сайн эртэй хөрш амьдрах болов. Тэр нь Манжид хорлогдож хөнөөгдсөн газарч Данзангийн хүү Нанзад буюу Тооройбанди. Тооройбандийн ганц ах Сайнбуян нь Догшин бударын чулууны Өвгөн хурал сүмд шавилж, Уулын багшаас бие хамгаалах урлагт суралцсан бөгөөд эдүгээ Говийн ноён хутагт Равжаагийн дэргэд шадарлана. Тооройбандийг ч бас Уулын багш Оройн ганц модноос ядаж ганц таяг хийх мөчир олж ирэх эрэлд илгээжээ. Гэвч түмэн газрын тоосон дунд эрэл мухардсан тул багшаас эмээхийн зэрэгцээ манж хятадын дарангуйлалыг өөрийн нүдээр үзэж мэдэрсэн залуу хүү шилийн сайн эр болох замд хөтлөгдөнө. Олон хоног урт замд бодолд автан гэлдэрсний эцэст хүлэг морь нь таньж янцгаасан холын цэнхэр уулыг зорьж очоод тэндээ шилийн сайн эр Хилинхормойн халааг авч, улмаар сайн эрсийн эгнээнд баттай шилжив. Ингээд Тооройбанди тэмцэлд нэгдсэн шилийн сайн эрсийн дотуур хүрээний толгойлогч боллоо. Аливаа хэрэгт эцсийн шийд гаргах эрх бүхий дотуур хүрээ нь долоон хүнтэй. Үүнээс гадагшаа тус бүр долоон хүнтэй долоон хүрээ, нийт дөчин есөн сайн эр тэмцэлд нэгджээ. Дотуур хүрээний долоон сайн эр Шилийн уулын оройд тангараг өргөв.
...Үргэвэл тоосондоо цуглана
Үрэгдвэл ясандаа цуглана
Сайн эрсийн тангараг тавих мөчид Шилийн уулын оройгоос нэгэн зурвас цагаан гэрэл огторгуйд цойлон харвахыг Агшуу шонхор л ганцаар харжээ.
Оройн ганц мод алга болсоноос хойш Даргангын хээр талд бүх юм хоромхон зуур өөрчлөгдөв. Олон түмний сэтгэл санаа алдагдаж байхад эрх ямбанд шунасан соосоо соосоо ноёд үүнийг бодох сөгөөгүй. Тэд зөвхөн өөрт ирэх ашиг хонжоог эрэх аж. Дарьгангын Бүгдийн тэргүүн Орлой мэргэн хутагт бээр сайд түшмэд хийгээд хятад худалдаачдын булхайг илрүүлэх зарга үүсгээд үүнийхээ төлөө Манжийн төрд тэрсэлсэн ялд унаж цааз хүртсэн яг тэр үед Оройн ганц мод алдагдсан нь бас нэг учиг. Бүгдийн тэргүүний албыг түр хашиж буй Багвар ноёнтон бол Тооройбандийн аав Данзанг хорлосон атгаг санаатан төдийгүй хожмын хайрт хань Шармаанийх нь арван долоон насыг сүйтгэхээ шахсан атаатан билээ. Бээжингийн дотоод яамнаа өндөр албанд залрахыг хүсэгч Багвар ноёнтон бээр зохиолын төгсгөлд Тангийн үеийн үнэт шаазан хөөргөө алдаж, өөрөө Дарьганга түмний хараал зүхлийн бай болон үлдэж байна. Энэ ноён бас Оройн ганц модыг харьд зувчуулж одсон цаад эзэнтэй нь далд сүлбээтэй нэгэн.
Зохиолын туршид Тооройбанди олон бэрхийг давж, олон ялалт байгуулна. Тэгж явахдаа Равжаа хутагтаас нэгэнтээ захисан ёсоор Юнхээгүний наян тохой Майдар бурхны нандингуудыг урлагч уран Цогтой хэмээх ламыг Бээжингийн газар Цагаан үүлийн сүмд байхад нь олж уулзана. Чухам энэ уулзалт Оройн ганц мод эх нутагтаа эргэж ирэх замыг зассаныг тэрээр хожим нь мэдэх бөгөөд Равжаа хутагт амьд сэрүүндээ түүнд Оройн ганц мод эх нутагтаа эргэж залрах хувь ерөөл байгааг төлөгдөн айлдсан нь биелэх тавилантай байжээ.
Агшуу шонхор Тооройбандитай үргэлж хамт. Түүнийг хаанаас ч танина. Хүчирхэг тэр шонхор бол Тооройбанди төдийгүй бүх л сайн эрсийн тэнгэрлэг сүлд хийморийг тэтгэгч далд хүчний бэлгэдэл юм. Ийнхүү зохиогч Агшуу шонхорын бэлгэдэлт дүрээр дамжуулан дээд ертөнцийн нууцлаг далд хүчинтэй нягт холбоо үүсгэж байна.
Эцэст нь Тооройбанди баригдав. Түүхэнд олонтаа давтагдсан мөнөөх л атаач урвагчийн гайгаар. Түүнд түмэн эрүү тулгасан боловч хэргээ улайсангүй. Сүүлчийн байцаалтын өмнө Уулын багшийн дүвлэсэн бурхны бинт дуслыг хүртэв. Ингэснээр шившигт цаазаас аврагдана. Үхсэн мэт дүрсэд хувилсан түүний цогцосыг ясчингууд хүүрийн газар хаяхад Догшин бударын чулууны хоёр тас дамжлан одох ажээ. Нэг хүү нь самадид оршиж, үлдсэн ганц хүүг нь гай дайрсныг зөнгөөр мэдсэн удган ээж Дулам Чин гүрний мандуулсан шашны дайралтаас агуйд нууж хадгалсан шонхорын өдөт оргой дуулга, хүрэл толь, хэнгэрэг тэргүүтнээ агсаж, хүүгээ аврахаар онгодоо хүлэглэн одох бөгөөд удганы онгод эцсийн мөчид хүү дээрээ ирж байна.
Бээжинд уулзахдаа Тооройбанди уран Цогтой ламтны сийлж буй нэгэн өргөөний багана мод Оройн ганц мод байж болзошгүйг мэдээд, түүнээс ганц таягны мөчир олуулах гэж ятгасан боловч дийлсэнгүй. Аргаа барахдаа халхын То вантаны сэдсэн шашин номын их үйлд оролцохыг урьжээ. Нутгаасаа алсад он удсан өвгөн ихэд баясаж, То вантан намайг тоож урьвал өвгөн би сийлбэрийн хутгаа өвөртлөөд л хөсгөнд суучихна гэв.
Тооройбанди хэлэх нь:
-За, тэгвэл дүү нь То вантанд айлтгаад тантай эргэж уулзая. Харин та Ар газрын модоор хийх таягаа аваад явах юм байгаа биз дээ?
Уран Цогтой өвгөн мишээж:
-Монгол газар бөгтөр өвгөнийг тоогоод залбал ч тэрбайтугай юм болно шүү дээ...
- 2. ОРОЙН ГАНЦ МОД
"...Юм гэдэг нэгэн бодлын
тоорой мод шиг энгийн, нөгөө бодлын галбарваасан
мод шиг ер бусын хоёрын дунд орших жамтай ажгуу...”
(Зохиолын өгүүлэмж)
Оройн ганц мод бол үлгэр домог үүсдэг, бурхад тодордог, мэргэд мэндэлдэг, эрдэм ном дэлгэрдэг энхжингийн Жагар орны Наландын дэвсэгт дээд тэнгэрийн тааллаар ургасан цагаан зандан модны ганц ширхэг мөчрөөс Онгон элсний дэл манханд үндэслэж, нахиа дэлгэсэн мод юм. Дарьгангын хээр талаас зорьж одсон нэг ч хүн эргэж ирээгүй Жагарын оронд арван жил бэдэж хүрсэн монгол бадарчин үндэс нь газар яргаж, үзүүр нь тэнгэрт шургасан галбарваасан модны цэцэрлэгийн эрдмийн хаш өргөөнд хорин жил ном бясалгаад буцахын өмнө моддын дунд байх хувхай цагаан модноос ганц таягны мөчир гуйсанд цэцэрлэгч өвгөн халгаасангүй. Цагаан сахалт өвгөн цэцэрлэгчийн өгүүлснээр бол уг хувхай мод нь галавт ганц нахиалдаг галбарваасан мод юмсанжээ. Дээд тэнгэр өөрөө таалсан газар нь энэхүү Наландын дэвсэг тул өөр газар ямхын төдийг ч өгөх эрх цэцэрлэгчид үгүй аж. Ингээд хөөрхий монгол бадарчинд тал нутагт торойтол харуулдаж суугаа өтөл буурай аавдаа таягны мод аваачих хувь дутжээ.
Монгол бадарчин асуув:
-Өвгөн ах аа, энэ мод яагаад цэцэглэхгүй байгааг, яавал цэцэглэхийн учрыг та мэдэхгүй гэж үү?
Цэцэрлэгч:
-Мянган цэцгийн шүүдрээр сүрчиж үзлээ, ургасангүй. Мөнгөн бумбатай рашаан цацаж үзлээ, ургасангүй. Урган дэлгэрээч гэж наян жил гуйлаа, ургасангүй. Ургахгүй бол унаад өгөөч гэж гутарч халаглалаа, унасангүй...
-Таныг цэцэрлэгч болоход энэ мод хувхай байсан юм уу?
-Тийм ээ, хүү минь! Өсөө ч үгүй, хасагдаа ч үгүй ийм л байсан.
-Тэгвэл таныг жаахан хүүхэд байхад бас л ийм байсан уу?
-За байз, юусан билээ?...
Ингээд өвгөн цэцэрлэгчийн өмнөх цэцэрлэгч алтан гургалдай жиргэж, шувууд чуулаад, моддын мөчир намиа найган шуугитал дуулдаг асаныг сонссон монгол бадарчин тэр өдрөөс хойш зөвхөн хувхай модонд зориулж тал нутгийнхаа уянгалаг дууг бүтэн жил өдөр шөнөгүй дуулаад бахардаж унав. Түүний солонголог аязат дуунд хувхай мод нахиалан дэлгэрч, үүнд баяссан цэцэрлэгч өвгөн нахиалаагүй үлдсэн ганц мөчрийг түүнд өгчээ.
Ийнхүү монгол бадарчин Жагарын орноос галбарваасан модны мөчир таяглаж тулсаар олон жилийн хойно харьж ирсэн боловч өтөл буурай аав нь хүлээж дийлсэнгүй. Зуун насыг наслаад Онгон элснийхээ шаргал манханы оройд суугаа чигтээ насны тоо гүйцжээ.
Галбарваасан модны цэцэрлэгээс залсан зандан таягтай бадарчин бээр хутагтын орны эрдэм билгүүнийг түгээн, басхүү тууль хайлж, ном айлдсаар нэгэн зуун насыг зооглож, насны эцэст Онгон элсний бяцхан баян бүрдийн хөвөөнд арган чинээ гэр барьж тэндээ бясалгалд оршив. Он жилүүд өнгөрөхөд бясалгагчийн өндгөн бор гэрийн тооноор ургаа модны мөчир нахиа цухуйж, бясалгагч өвгөн модны нэг мөчрөөс зүүн гараар бат атгаж, хөлөө очир завилгаагаар зангидан, тэргүүнээ цэх өргөсөн чигтээ таалал оршжээ. Таягны ёзоороос мушгирсан цагаан үндэс газар яргажээ. Яваандаа цагийн цагт элсээр шуурдаг тэр хонхорт манхан ургаж, өвгөний гүдэн шарил нь эсгий гэрийн хамт торгон элсэн доор булагдсан байна.
Оройн ганц мод бол "Шилийн богд” романы амин сүнс мөн бөгөөд зохиолын үйл явдал Оройн ганц мод алдагдсан тэр мөчөөс эхлэн амгалан байдлаас түгшүүрт байдал руу, зовлонт амьдралаас тэмцэлт амьдрал руу шилжих бөгөөд цаашлах тусам улам хурцдана. Харцаганд хөөгдсөн болжмор үүрэнд нь амь зулбан хоргодоход дайрч тасчаагүй Агшуу амин үр Цагаантолгойтын хамт хос хунг хагацаан байж эм хунгийн махаар хань Эгшүүдээ зоог барьж байна. Гансарсан эр хун тэнгэрт цэг болтол цойлоод буцаж харвахдаа газар мөргөн амиа егүүтгэж буйг тэр тайван ажина. Гэвч энэ нь тэнгэрийн сануулга байв. Үүний төлөөс мэт Агшууг нэгэн аяллаас буцаж ирэхэд Эгшүү нь зуурдаар хөнөөгдөж өд сөд нь бутарсан байжээ.
Зохиолын төгсгөлд Оройн ганц мод нутагтаа ирсэнээр амар амгалан дахин ноёлж байна. Удган ээж Дуламын онго хийгээд хоёр тасын жигүүрийн хүчээр Сөнөдийн шар талын дундах Хайрхан уулын Мэргэн гэгээний бүтээлийн сүмд хаягдсан Тооройбанди төрөлх Догшин бударын чулуугаа бэдрэх замдаа жаахан шаргаа олж, Бударын чулуундаа ирээд голомтынхоо үнсэнд булаастай дөрвөн өндөр хавиргаар дохио хийж агуйд нуусан гэр, хогшилоо олно. Тэндээ амсхийж тэнхрээд цаашлан Алтан овоогоо зорьж, тэндхийн найран дээр алдарт "Жаахан шарга” дууг зохиох хувьтай Инжээ Норов буюу Цэрэнноров хүүтэй танилцаж, амраг ханиа ноёны гараас булаахад нь жаахан шаргаараа тусална. Цэрэнноров хүү ч Тооройбандийг таньж, түүнд хайрт хань Шармаань нь Сөнөдийн Бадгарзуу хийдэд гэлэнмаа болсон хийгээд ганц хүү Хүрэл нь тэндхийн Дан ноёныд үрчлэгдсэн тухай хэл олж дуулгана. Дан ноёны эхнэр нь Тооройбандийн эртний амраг Цэндбадма. Ноёны төрсөн ганц хүү нь Хүрэлтэй усны дусал шиг адилхан аж. Түүнчлэн тэрээр зэлүүд хязгаарт цөлөгдөж сураг тасарсан тангараг нэгт анд Дамбийбалжираас захиа авч, ерэн насыг зооглоод буй Чансан хуурчид уран Цогтой лам дамжуулсан гэх сийлбэртэй таягны тухай олж сонсоод Шилийн уулсынхаа зүг дахин замд гарахаар шуударч байна. Өөрөөр хэлбэл Тооройбанди хүнд бэрхийг даван туулсаны эцэст алдсан бүхнээ эргүүлж авчээ. Зохиогчийн өгүүлснээр бол Тооройбанди хэмээх энэ домогт сайн эр хожим нь уулнаас бууж жир амьдралаар амьдарч байгаад дал гаруй насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн гэх.
Шилийн уулсаа зорихын өмнө Тооройбанди Онгон элсээр дайрав. Тэнд харсан зүйлдээ итгэсэнгүй. Оройн ганц мод урьдын адил найлзуур нахиагаа тэнгэрт задалж, сугсалзан найгана. Далан хэлийн шувууд тэнд чуулаад найрлан цэнгэх ажээ. Аг аг, хаг хаг, эг эг, хэг хэг гэх танил дуу сонсоод тэнгэрт хандвал Агшуу шонхор Цагаантолгойт үрээ хань ижилтэй нь дагуулан Оройн ганц модыг чиглэж дүүлэн айсуй нь үзэгдэх аж.
Тэндээс хөтөлгөө морьтой Тооройбанди алтан загал хүлэг хээр талын дунд ижлээ дуудан үүрсэх мэт харагдах Шилийн уулсын зүг жолоо залахад орчлонгийн бүхий л явдлыг холч мэлмийдээ хараачлан ниссээр хаа хүрсэн ч хоргодох юм нэгэнт үгүй болсон Агшуу шонхор Онгон элсийг орхиж мөн л тэр зүгт жигүүр дэлгэлээ.
- 3. ЯРУУ НАЙРАГЧ БА ХҮҮРНЭЛ ЗОХИОЛ
Эрин зууны олмыг гаталсан элч ч байж магадгүй
Эзэн хааны минь загалын сүнс ч байж магадгүй
Гүйж яваа хүлгийг битгий бариарай...
Г.Мэнд-Ооёо
Г.Мэнд-Ооёо найрагч дуулим хээр талын хүн. Сэтгэлгээ нь дорнын тал нутаг шигээ талбиу уужим. Түүн шигээ дотоод амгаланг эелэн тохинуулагч. Шүлгүүд нь бодь мөрийн зохист билээ. Бүтээл туурвих явцдаа үгийн дотоод мөн чанар, ухагдахууны нарийн хязгаарыг гүн тэмтэрч, басхүү бясалгаж ханасан хойноо сая цаасан дээр буулгадаг нь эрээвэр үгсийн уран хажинд донтогч хөнгөмсгүүдээс тэс өмнөө. Найрагчийн энэ аглагч чанар "Шилийн богд” романаас нэвт мэдрэгдэнэ. Тиймээс энэ зохиол гэнэтийн их онгодоор өдөөгдөж тэсрээд, ямар нэг далд хүчний захиалгаар гүнзгий амьсгал авах зуур бичигдсэн мэт сэтгэгдэл төрүүлдэг биз ээ.
Зохиогчид Дарьганга нутагт хэдэн мянган жилээр үе дамжсан хүрэл онго бий. Энэ онго нэгэн хувилгаан эрхмээр дамжин зохиогчид иржээ. "Тэнгэрийн хүн” хэмээх энэ онго "Шилийн богд” романд бас гарна. Духан дээрээ гөхөлтэй, хоёр гараараа аяга мэт юм урдаа барьсан, ямба ёслолынх шиг ташуу энгэртэй дээлэн дээр тоног чимэг бүхий агсарга бүстэй, тэгсэн мөртлөө шодой нь ил. Насан багадаа Тооройбанди энэ онгыг нэгэн их дуу цахилгаантай борооны дараа хадны нөмрөөс олох бөгөөд түүнийг сахиуслан дээдэлж, биеэсээ огтхон ч салгасангүй явсаар хожим нь төрсөн ганц хүү Хүрэлийнхээ бүсэнд зүүж өгдөг билээ.
Нэгэн удаа тэрээр ямаа хариулж явахдаа "Тэнгэрийн хүн”-ээ өндөр хадны оройд босгож тавиад өөрөө зэргэлдээх хадны ёроолд очиж:
-Тэнгэрийн хүү! Чи мөн үү? гэвэл хариуд нь:
-Тэнгэрийн хүү! Чи мөн үү? гэв.
-Нисээд ирээч! гэвэл тэр бас:
-Нисээд ирээч! гэж байна.
-Хүн ирж байна уу? гэхэд харин:
-Хүн ирж байна аа...гэж цуурайтуулав.
-Ямар гоё вэ? Хүн ирж байна! Хурай...
Энэхүү бичил дүрслэлээс зохиогч өөрөө насан багадаа хээр талынхаа хаа нэгтээх ургаа чулуудын дунд цор ганцаараа ийн тоглож байсан мэт сэтгэгдэл төрнө. Энэ нь Г.Мэнд-Ооёо найрагч зохиолоо жинхэнэ хээр тал нутгийн хүний зүрх сэтгэлийн шүншиг оршоон амилуулж чадсаныг гэрчлэх мэт. Магадгүй, тэрээр их талын гүнээс заавал ирэх ёстой хэн нэгнийг зөн совингоороо харуулдан хүлээхдээ өөртэйгээ ийн тоглодог байсан ч байж мэднэ.
"Шилийн богд” романыг унших явцад бараа бараагаа харалцсан цэнхэр уулс бүхэн нь нэг нэг сайн эртэй Дарьгангын хээр талын дундах Догшин бударын чулуу, өндөр ханан хаданд шахаж чулуугаар өрсөн, бургасан дээвэртэй Өвгөн хурал хэмээх нууц бяцхан сүм, насыг нь хэн ч үл мэдэх цагаан сахалт Уулын багш, Хөргийн хөндийн нууцлаг шивнээ, Мин улсын монгол угсаат хаан хийгээд Гэрэлтэй хатны сахиусны домог тэргүүт шигтгээнүүд, Ноён хутаг Равжаа, То ван тэргүүтэй мэргэдийн үйлс, тэмцэлд нэгдсэн шилийн сайн эрсийн хүрээ зохион байгуулалт, Тооройбандийн сайран хээр, сүргийн захад босоо төрж эзэндээ ирсэн жаахан шарга, Чансан хуурчийн татлага, есөн цагааны бэлгэнд туугдаж явсан шарга агтны сүүлнээс олдсон алтан хуурцагтай сахиус, Дулам удганы сүүлчийн онго буулт ба түүний хүү Сайнбуян Равжаа хутагтын сүнсийг дээд ертөнцөд хүргэхээр самадид оршиж буй нууцлаг үйл, Уулын багшийн адислаж дүвлэсэн товчин чинээ бурхны бинт дуслын шидээр Тооройбанди дахин амилсан явдал зэрэг олон олон өгүүлэмжүүд сонирхол татах мөртлөө уншиж дууссан хойно бүгд л дор бүрнээ нэг, нэг нууц агуулж үлдэх нь гайхал төрүүлнэ. Зохиолын бүх дүрүүдийн харилцан яриа гэхэд л цаанаа ер бус гүн агуулгатай. Үг дотор үг нууж чаддаг монголын эртний уламжлал зохиолоос бэлхнээ мэдрэгдэх бөгөөд эдүгээ мартагдсан түүх, соёл, ёс заншил, домог зүй, шашны нууцлаг зан үйл гээд олон юмны учгийг эндээс чанагш сайтар мөшгөн бэдрэх боломжтой нь илт харагдана.
Г.Мэнд-Ооёо найрагч энэ зохиолоо нэгэн их шүншигээр бүтээсэн мэт. Тэр шүншиг нь найрагчийн дотоод аглагт нэгэнт баттай оршсон ертөнцийг гэгээн мэлмийт бодь сэтгэлээр учирлаж аргадахуйн шүншиг ажээ. Орчлонгийн хүн бүхэн сэтгэлдээ чухам ийм шүншиг оршоож гэмээнэ бидний дээрх өнө мөнхийн хөх тэнгэрт хүчирхэг шонхор Агшуу ямагт жигүүр дэлгэн элин хальж, түүний доорх ертөнц монгол хавтгай зураг мэт нүд, сэтгэлийн мэлмийд жирэлзэн тодорч, цэлийн уужрах жамтай ажээ. Түүнчлэн сэтгэлийн диваажинд хүрсэн хэн боловч галавт ганц нахиалдаг галбарваасан модны мөчрөөс амилсан Оройн ганц мод түмний заяа буяныг дааж сугсалзан нахиалахыг үзэх нигуур буй. Сэтгэл чанадын ийм дуудлагыг таньж мэдэж, хүлээж авсандаа тал нутгийн гарамгай найрагч бээр Монгол түмний өндөр шүтээн Жанрайсэг бурхныг дүвлэн бүтээх нөр үйлсийг санаачилж, ийм юмыг сэдэж хийх бүү хэл, энэ тухай бодоход бэрхтэй гүжир хатуу цагийн үймээн дунд оройн дээдэд залж чадсан нь лавтай.
Жич өгүүлэхэд: Хэл шинжээч, судлаач Б.Магсаржав, утга зохиол судлаач Г.Бямбажав нар "Шилийн богд” романыг ОРШИХУЙН ФИЛОСОФИ гэж нэгэн дуугаар томъёолсон нь жирийн хэрэг биш ээ. Юун гэвээс энэ зохиол уншигчдад мянга мянган жил хүрдлэн эргэж давтагдах он жилүүдийн элэрч бүдгэрсэн улбаа хийгээд хүний ертөнцийн алимэд явдлын түмэн ээдрээ зангилааг шивнэн өгүүлэхийн зэрэгцээ зөн совин, ёр билиг, далд ухамсрын чанад дахь тайлагдашгүй нууцлаг орон зай, дотоод аглагт хөтөлж, улмаар оньсого таавар мэт битүүлэг гүн бодрол эргэцүүлэл үлдээж байна. Зүй нь бид энэ зохиолоор дамжуулаад өнгөрсөн цагийн дэвсгэр дээр өнөө цагийн ороо бусгаа байдлыг дамнуулан шинжих ёстой юм. Өнөөдөр өрнөж буй олон олон үйл явдал дам утгаар "Шилийн богд” романд тодорхой дүрслэгджээ. Хил даван гадагш зөөгдөж буй түүх, соёл, угсаатны нэн ховордсон үнэт зүйлс, байгалийн баялаг, түүнийг дагаж оволзсон нийтийн бухимдал, соосоо соосоо ноёд хийгээд авилгач түшмэлүүд, өдрөөс өдөрт алдагдаж буй үндэсний аюулгүй байдал, оюун санааны доройтол...
Зохиогч энэ бүхнийг гүнзгий мэдэрсэндээ л чанагш цуурайлан одсон ээдрээт он жилүүдийн бүдэг нойтон чимээг янагш хурайлан анирдаж, зүрх сэтгэлийн гүнд сэрсэн дотоод эмзэглэлийн зөөлөн харангыг намуун аглагт дүн-дүн дэлдэж, далд нууцын шүншиг оршсон оройн дээд тэнгэртээ талбин сонсгож байнам бус уу? Түүний энэ бодь мөрийн зохист сонсгол Монголын хээр тал нутгийн дээгүүр шонхорын дэвэлтээр өртөөлөн нисэхдээ агуужим хязгааргүй орон зайн тойрогт жигүүр дэлгэж, өвгөн цастын өндөр зулайд ч солонгорон үзэгднэм бус уу?
Дээд хөх тэнгэрийн мэлмийгээс зайлж бултах, нуугдаж үлдэх нэгээхэн ч үйл энэ орчлонд үгүй. Хүн гээч амьтан сэтгэлдээ сайн үрийг боловсруулж гэмээнэ түүнээс ирэх жимс нь мөн тийм байх тухай мэргэд олонтаа сургажээ. Гэвч өнөө хүртэл үүнийг ухварлан ойлгохгүй, эс бөгөөс ойлгох хүсэлгүйдээ залхаг яваа мөчид оюунт бидэнд яруу найрагч бээр уран сайхны ертөнцийн шид увдисаар амилсан гаргуун туурвилаа ийн дэлгэж байна.
Нэгэн намар Уулын багш тохой хирийн хайлаасны хожуулаар бурхан урлаад түүнийгээ шавь нарынхаа нүдэн дээр түүдэг галд өргөчихөв.
Тэгээд асуусан нь:
-Бурхан хаана байна?
-Хаана ч байхгүй.
-Гал дотор...
-Үнсэн дотор...
Нанзад хүү л ганцаар:
-Сэтгэл дотор гэж хариулжээ.
Уулын багш хэлсэн нь:
-Чин үнэнийг хэлэхэд саяын шатаасан зүйл бол бурхан биш шүү дээ. Бурхан мөн байсан бол юунд шатах вэ дээ. Жинхэнэ бурхан бол та нарын дотор байгаа тэр зүйл...
М.УЯНСҮХ
2017.04.23-05.01