Тагнуултай юутай хавар цаг

Тагнуултай юутай хавар цаг

 

Хавар дундаа орлоо. Цаг ч наашилж л байна. Гэхдээ дээрийн тэр нэг муухай улаан өдөр бол эвгүй. Тэрний өмнөх өдөр гэнэдүүлээд дагз руу шороон шуурга саваад байсан. Цөлийн шараа гаргаж өмсдиймүү. Ингээд нэг зун болчуул ч учир байна. Улсууд ч тайвшрах байх.  За сонин сайхнаа ярий.

Хаданд хашгирав

Монголчууд хаданд хашгирахтай адил гэж зүгээр ярилцдаг л болохоос очоод хаданд хашгирч байсан түүх байхгүй билээ. Гэтэл Жавхлан гишүүн яаж байгаан бэ. Тэр Бурхан халдун уул одоо заа өөр юу байна гээд хүнтэй ярилцах уу? Эндээс явахдаа хэлсэн үг нь бол сүртэй: "Наадуултай чинь би нээлтэд хамт сууж чадку!”. Одоо цаадуултай суух нь ч сууж л байгаа. Ер нь зүгээр юм уншаад, сураад явахын оронд "миний сэтгэл наадуулаас чинь илүү юм чинь” гэж гөжүүдэлдгээрээ алдартай боллоо. Сэтгэлийг юугаар хэмждийн, ямар саванд хадгалцан ч байж байдгийн. Жавхлан надаас илүү эх орондоо хайртай гэвэл би лав голдоо ортол гомдоно. Ер нь хэн ч тэгэх байх.  

ZD

Гээд байжээсэн чинь тадаан! гээд алдарт ZD гараад ирсэн. Бөөрөнхий саравчаар нүдээ хааж баранзад барьж бүрх асаахаараа гучин оны Хонгонкийн кунфу мастерын стайл. Тэгээд элдэв юм асуусан хүнийг загнаж, бүр зодно ч гэдгээ хэлсэн. Эрхи нь мончоок, орхимж нь шидмэс болохымуу даа. Шашны зүтгэлтнүүдийн дүрээ мөнхлөх хүсэл модэрнжиж байна. Сайныг санаж явахыг үлгэрлэх ёстой лам нарын дотор хулгай хийсэн хамба лам байдаг. Том даргын болкооноор чармай нүцгэн гүйж гарсан лам ч байдаг. За дуулдгийг орхие. Мөн хамаг мунхаглал хийгээд шунал тачаал уураан дарах гэж хийдэг нямба бясалгалаас  улаан галзуу гарч ирээд хамгийн баянаас нэр цохож байгаад алгадаад явсан нь манай ZD. Бусдыг тайтгаруулна гэж эрхи барьсан элит лам нар маань бусадтай булаалдах замыг сонгоо л биз, буянаараа л болог. 

Буддын сургаалийг таниулах гэж зорьж буй олон сайхан залуус бий. Буддагийн сургаалийн булангаас хаа нэг чих сонордож байхад ганц ойлгож үлдсэн зүйл минь "сайн өдөр, муу өдөр гэж үгүй. Засал хийгээд засрахгүй, мэргэ тавиад ч мэдэхгүй. Засал хийж, мэргэ тавьж байгаа лам нар бол миний шавь нар биш, луйварчин” гэдэг зүйл. Өнөөдөр өдөржин худал ярин сууж, зовсон хүний мөнгөөр зоолж байгаа засалч шар хувалзнууд яасан их болоо вэ. За яахав лам нар минь, хүнийг бага ч гэсэн тайвшруулж, өөртөөх итгэлийг нь сэргээж өгдөг бол буян болж тогтог дээ. 

Тэр шүгдэн, жавзандамба, банчин санчин яах вэ, надад лам л бол лам. Гэвч баримжаагаар шүгдэн, банчин хоёрынх нь төв хийгээд удирдлага нь хятадад байдаг бололтой. Бид үндэсний шашин шүтлэггүйдээ тулна гэж баймааргүй юм. 

Хятадын тагнуул


"Хятадын тагнуул vs генерал” гэдэг шуугиан ахиад гараад ирлээ. Хорин жил болох нь дээ энэ яриа.

Манайхан тагнуул гэхээр зарим нь "аа ямар кино биш дээ” гэж байхад, нөгөө зарим нь "даанч тийм байхаа, тэр нүд нь нэг биш байсан юм” гэж даарин дээр нь давс нэмдэг. Гэтэл бусад улсуудыг тагнах, тандах хэрэгцээ бүх улсад байна. Тагнаж байгаад эзлээд сөнөөх гээгүй ч гэсэн өнөөдрийн энэ их технологийн уралдаан, эргэлдэж байгаа мөнгөний хэмжээ чинь хүнийг тайван байлгана гэж байхгүй.  Манай улсад эдгээрийн аль нь ч байхгүй ч гэсэн хөөрхий нэг хоолойд тээглэсэн чулуу шиг байршилтай, том орнууд нөлөөллөө тогтоочих санаатай үзээд л байдаг болтойм. Улсууд өөр өөрийнхөө хэмжээнд зарим нь аймар штирлиц шиг, зарим нь хөөрхий тэгсгээд нэг тагнаад л байгаа. Манай улсад гадныхан барилгачин, захирал, наймаачин, элчин сайд майд болчоо л үй түмээрээ л булаацалдан бужигнаж байгаа биз. Бас дотроос нь хүн элсүүлцэн нь бүр амар байх. Нямдорж бол Хятадын тагнуул гээд байгаа шиг өөр хэн нь ч юм Америкийн, Оросын, Японы тагнуул гэж хардагдах нөхцлүүд зөндөө л байж таарна. Багабанди даргын нэр ч цохиж л явдаг шүү дээ.

Цоо шинэхэн гишүүдийг хараад байхад эхэндээ нэг тийм гэнэн, эгдүүтэй, гөлөгнийх шиг нүдтэй байдаг. Даан удалгүй нүдний нь харц өөрчлөгдөөд цатгалан ноёных шиг болдог. Нүд төдийгүй алхаа гишгээ, дуу хоолой бүх юм нь ноёных шиг болно. "Энэ улсад би л алжийшдээ” гэж боддог байх. Тэр нь ч яахав, зүгээр хятадууд удаа дараалан нэгээр нь буюу нэг хэсгээр нь авч явж архидуулсан, тансаглуулсан гэж бол олон сонсогдсон доо. Өмнөговийн ч билүү хэдэн гишүүд нэлээн хэдэн жилийн өмнө хятадын дарга нартай уулзаад явж байснаа нэг уулыг билүү, хэдэн сумаа ч билүү "танай талд шилжүүлж болышдээ, хөөцөлдөөд бүтээвэл бүтээнэ шдээ” гэсэн тухай яриа байдаг. Цаадуулынх нь элэг нь татаж унасан байж таарна. Гэхдээ сэтгэлий нь бодоод дэргэд нь арай инээгээгүй байх. 

Ц.Нямдорж гишүүнийх ч гэсэн иймэрхүү анзааны юм байж болно. Ерээд оноос л эхэлсэн гэдэг. Хэн ч гүй л залуу байсан. Шинэ байсан. Хятад дарга нартай архидлаа, "хай яа та бол Монголын том далгаа!” гэж гулжганалаа, тархидлаа. Залуу хүн өөрийгөө том дарга юм байна гэж бодоод "би их юм мэднэ шүү, худлаа гэвэл харах уу” гэвэл гэнэ шд. Тэгээд байсгээд "хай яа Нямдолжоо, одоо чи нэг ийм хий ваа, одоо тийм юм харуул ваа” гээд байсан ч юм билүү. Тэрийг нь Баатар генерал хараад байсан ч юм билүү. Тэхээс мэдсээр байгаад эх орноосоо урвах хүн цөөхөн байхоо. Ёстой хэн мэдэхэв. Генерал Баатарын хэлснээр бол тэр яг тагнуул мөншд гэж нотлоод байдаг. Нөгөөх нь биш гэж гүрийгээд байдаг. Хэн хэн нь зуулттай яриатай нэг ийм хоёр хүний хэрүүл мянганыг дамнан үргэлжиллээ. Өнөөдөр ахиад нөгөөх нь хятадын тагнуул тул шалгаж өгнө үү гээд бичиг цаас өгцөн бололтой юм. Харж л вайя даа.


http://artanyan.niitlelch.mn/content/8472.shtml

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen