Хар жагсаалтын гадна орших "Ми Ми"-гийн БАЛАГ

Хар жагсаалтын гадна орших "Ми Ми"-гийн БАЛАГ

 

Сүүлийн жилүүдэд хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэгчдийн нас улам залуужиж байгаа нь олон нийтийн санааг ихэд зовоож буй. Аюулын харанга дэлдэх балсон дээрх донтуулагч бодисыг дотор нь 19 нэр төрөлд хуваадаг юм байна. Тэгвэл эдгээрийн нэг төрөлд албан бусаар тооцогддог "ми ми” хэмээх бодисын хэрэглээ манай улсад цаг минутаар эрчээ авах боллоо.

 

КОМПЬЮТЕР ТОГЛООМД ДОНТСОН ХҮҮХДҮҮД ХЭРЭГЛЭДЭГ БОЛЖЭЭ

Анх тээврийн жолооч нараар л хэрэглэгчдийн хүрээ нь хязгаарлагддаг байсан бол өнөөдөр таксины жолооч, цаашлаад арван жилийн хүүхдүүд хүртэл мими хэрэглэх болсон гэх мэдээлэл байгаа юм.

 

Тодруулбал, компьютер тоглоомд донтсон хүүхдүүд нойлийн өрөө орж бие засахаас төвөгшөөн памперс өмсч, нойроо сэргээхийн тувд "ми ми” хэрэглэдэг гэсэн мэдээллийг эх сурвалж өгүүлсэн юм. "Ми ми” хэрэглэдэг хүүхдүүд копьютерийнхээ араас босолгүй хэдэн өдөр тасралтгүй тоглодог байна. Дээрх бодисыг Хятадаас хууль бусаар оруулж ирдэг бөгөөд кофеин буюу сэргээш агуулсан химийн хольц юм байна. Тодруулбал, үүний 90 хувь нь кофеин, үлдсэн 10 хувь нь донтуулах үйлчилгээтэй нэгдэл аж. Хэрэглэсэн тохиолдолд хүний биеийн төв мэдрэлийн тогтолцоог идэвхжүүлж зүрхний хэмнэл ихэсгэх замаар нойр хүрэх явцыг удаашруулж нойргүйдэлд хүргэдэг байна. Тунг хэтрүүлбэл зүрхний хэм алдагдаж, зүрх судасны үйл ажиллагаанд өөрчлөлт орох аюултай ба удаан хугацаанд хэрэглэвэл донтуулах шинж илэрдэг гэсэн мэдэгддийг Цагдаагийн ерөнхий газраас гаргажээ. Тэгвэл урд хөршид хийсэн судалгаагаар удаан хэрэглэвэл дархлаа суларч, тархины наалданги, булчингийн сулралтай болгож, аажмаар үхэлд хүргэх аюултай гэсэн байх юм. Өмнөговь аймагт тээвэрт явдаг нэгэн жолоочийн хэлснээр арваад жилийн өмнөөс тээврийн жолооч нар хэрэглэх болсон гэнэ. Хамт ажилладаг ихэнх жолооч нар нь хэрэглэдэг бөгөөд Цогтцэций, Гурвантэс орчмын захын гуанзанд "ми ми” зардаг гэлээ. Харин хүүхдүүд үүнийг хаанаас олж аван хэрэглэж байгаа нь одоогоор тодорхойгүй. Нэрээ хэлэхээс татгалзсан хүүгийн яриагаар хамт тоглодог найзууд нь бүгдээрээ уг бодисыг хэрэглэдэг гэнэ. Хүүхдүүд компьютер тоглоомыг нэлээд өндөр бооцоогой тоглодог учир унтаж, идэхийг хойш тавьдаг байна. Тодорхой зүйл ярихыг хүсээгүй ч түүний ярианаас Өмнөговьд ажилладаг найзынх нь ах дээрх бодисыг авчирч зардаг болохыг нь ойлгосон юм. Ямартай ч тээврийн жолооч нараас компьютер тоглоомд донтогч хүүхдүүдийг онилсон "ми ми”-гийн хэрэглээ улам газар авсан нь эндээс харагдаж буй биз ээ.

 

АМЬД ЗОМБИНУУД ОЛШИРСООР БАЙНА

Уг нь энэ төрлийн бодисыг хилээр нэвтрүүлэх гэсэн оролдлогын ихэнхийг хил, гаалийн шалганыхан илрүүлж дөнгөдөг гэсэн. Даанч Монгол Улсад нэвтрүүлэхийг хориглосон барааны жагсаалтад үүнийг багтаагаагүйгээс болж хэрэгт холбогчдыг Эрүүгийн хуулийн 198.2-т заасан үйлдэлд буруутгасан болж аргацаахаас өөр аргагүй болдог юм байна Хэрэг нь шүүхэд шилжсэн нь хэрэгсэхгүй болчихдог, эсвал тэнсэнгээр суллагдана. Хууль эрхзүйн орчин сул болохоор "ми ми”-гээр ашиг олохыг хүссэн хүмүүс гудамжаар нэг болох нь ойлгомжтой. Захын гуанзанд зараад эхлэхээр хүүхдүүд саваагүйтэж, сонирхох нь тодорхой. Ингээд л донтогчид хүрээгээ тэлж, амьд зомбинууд гудамжаар алхана. Амьд зомби гэсний учир нь энгийн хүн тасралтгүй долоо хоног унтахгүй явбал галзуурдаг гэх. Харин "ми ми” хэрэглэвэл долоо байтугай олон хоног нойргүй явж чаддаг байна. Улмаар энэ бодистоо донтож, эрүүл мэндээ хохироодог юм байна.

 

"Ми ми”-гийн хэрэглээ одоогоос 30 гаруй жилийн өмнө БНХАУ-д эрчтэй тархсан байдаг. Тодруулбал, барилгын ажилчдын ажлын үр бүтээмжийг нэмэгдүүлэх үүднээс тэдэнд үнэгүй тарааж байжээ. Хэрэглээний эхний явцад барилгачид бага унтаж, их ажиллахын хэрээр цалин сайн авдаг болсон байна. Ар гэртээ өгөх мөнгө нэмэгдсэнд урамшсан ажилчид өдөр бүр хэрэглэх болжээ. Ингээд гурваас олон жил тоггмол хэрэглэсэн хүмүүсийн бие илт сульдаж, турж эцэн, амархан өвчлөх болсноор удалгүй ажил хийх чадваргүй болсон байна. Ажилгүй, мөнгөгүй хүмүүс "ми ми” худалдаж авах мөнгөө олохын тулд гэмт хэрэг үйлдэх нь ихэссэн учир энэ төрлийн бодисыг сэтгэцэд нөлөөлөх бэлдмэлийн жагсаалтад багтааснаар нэг юм цэгцэнд оруулжээ. Гэсэн ч хэрэглэгчдийн тоо улам нэмэгдэх болсон тул хууль, эрхзүйн орчноо улам чангатгасан байна. Гэтэл Монгол Улсын хилээр аль арваад жилийн өмнө давсан бодисыг өдий болтол "хар” жагсаалтад багтаагаагүй нь нэгдүгээрт, хууль бус аргаар ашиг олохыг хүсэгчийн тоог нэмэгдүүлэх, хоёрдугаарт, хэрэглэгчдийн хүрээг улам тэлэхэд хүргэж байгаа юм. Тиймээс "ми ми”-г хар жагсаалтанд нэн яаралтай оруулахгүй бол цөөхөн хэдэн монголчууд маань амьд зомбинууд болохыг үгүйсгэхгүй юм.

 

УПЕГ-ын Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Е.Сагсай

ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ ХӨНДӨГДӨХИЙГ ҮГҮЙСГЭХГҮЙ

-"Ми ми”-тэй холбоотой  хэргүүд ар араасaa гaрaх боллоо. Урд хөршид үүнийг хориглочихоод байхад манай улсад хориглох нь битгий хэл шинжилгээний байгууллагаас эмийн түүхий эд гэсэн дүгнэлт гаргадаг. Ингэснээр иргэдэд сэдэлжүүлж байна уу гэсэн хардлага терүүлж байна. Ер нь энэ бодис хар тамхины төрлийнх мөн үү. Мөн бол хуулиар хориглох боломжтой юу?

-"Ми ми”-тэй холбоотой асуудлыг манай хэлтэс судалж байна. Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэргийг хэрхэн шийдвэрлэх тухай хууль эрхзүйн үндэслэлийг судалж байна. Эндээс тодорхой нэг шийдвэр гарах байх. Үүнд "ми ми”-тэй холбоотой асуудал багтсан. Судалгааны дүн гарсны дараа арай илүү бодитой хариу өгөх боломжтой. Өөрийн тань асуултад урьдчилаад хариулахад хар тамхи, мансууруулах бодис гэдгийг НҮБ-ын баримт бичгээр тодорхойлдог. Энэ жагсаалтыг та мэдэх байх. Гол нь "ми ми” гэдэг бодис энэ жагсаалтад багтсан эсэхээс их зүйл хамаарна. Хоёрдугаарт, НҮБ-ын конвенцид ороогүй боловч манай улсын хууль тогтоомжоор мансууруулах төрлийн бодисын жагсаалт бий. Энэ жагсаалтад багтсан эсэхээс хамаарна. Хоёр зүйлээс хамаарах гээд байгаа биз. Хэрвээ энэ жагсаалтад багтаагүй бол оруулах шаардлагатай эсэхийг бас судлах хэрэгтэй. Ингэхээр нэгдсэн нэг цогц асуудал юм. Эрүүл мэнд, хууль зүй гээд. Гэвч энэ бодис дээр хэлсэн жагсаалтын аль алинд нь багтаагүй. Гэтэл мансууруулах төрлийн бодис агуулаад байдаг. Ингээд үзэхээр завсрын үед орчихоод байгаа юм. Өмнөговь аймагт өргөн хэрэглэдэг гэх асуудал яригдаж байна. Манай байгүүллагын байгууллагын зүгээс энэ талаар Өмнөговь аймагт асуудал хүргүүлсэн. Судалгааны хариу гарахаар тодорхой нэг чиглэл гарна. Одоогоор чиглэл гараагүй болохоор тодорхой хариулах боломж алга.

 

-Цогтцэцийн жолооч нар миний мэдэхээр арваад жилийн өмнө хэрэглэдэг байсан. Өнөөдөр арван жилийн хүүхдүүд хүртэл хэрэглэж байна гэсэн мэдээлэл гадуур байна лээ.

-Хамгийн гол нь зөвхөн хууль зүйнасуудал биш гэдгииг ойлгох хэрэгтэй. Үндэсний аюулгүй байдлын төвшинд яригдах хэмжээний асуудал байхыг ч үгүйсгэхгүй. Мөн эрүүл мэндийн асуудал яривдана. Хүний биед яаж нөлөөлж байна вэ гэдгийг эрүүл мэндийн салбарынхан шинжлэхгүй бол хуульчид мэдэхгүй шүү дээ. Хуульчид бол хуулиа л хэрэгжүүлэх үүрэгтэй. Үнэхээр мансууруулах төрлийнх гээд хориглочихвол эрүүгийн хариуцлага татаад хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. Гол нь яг сэтгэцэд нөлөөлдөг эсэхийг тогтоогоод, мөн бол жагсаалтад оруулах хэрэгтэй.

 

СЭМҮТ-ийн төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн, АУ-ы магистр К.Элена:

БҮХ СЭТГЭЦИЙН ЭМГЭГИЙН ҮНДЭС СУУРЬ 0-3 НАСАНД ТАВИГДДАГ

 

-Сүүлийн үед хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлээс гадна "ми ми” гэх бодисын хэрэглээ ихэссэн гэх мэдээлэл бий. Танай төвд энэ төрлийн бодист донтсон гэх иргэн хандсан уу?

-Одоогоор "ми ми”-д донтсон гэх иргэн хандаагүй байна.

 

-Энэ бодис эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй юм болов уу. Мэргэжлийн хүний хувьд та тодорхой хариулт өгөөч?

-"Ми ми”-г кофеин агуулдаг учир хүний биед хоргүй гэж хүмүүс ярьдаг. Гэтэл кофеин ч гэсэн сэргээгч бодисын төрөлд ордог юм шүү дээ. Нойрыг сэргээдэг гэдгээс үзэхэд л сэргээгч бодистой адилхан үйлчилгээ үзүүлдэг болох нь харагдана. Адилхан үйлчилгээтэй юм чинь хориглосон эм бэлдмэлийн жагсаалтад орохгүй гэх газаргүй. Гэхдээ олон улсын ангиллыг бид дураараа өөрчилж болохгүй. Тиймээс Хууль зүйн яам болон холбогдох байгууллагуудын хамтарсан судалгаа шинжилгээ хийсний үндсэн дээр хориотой бодисыг жагсаалтад оруулах уу, үгүй юү гэдэг асуудал яригдах ёстой болов уу.

 

-Ямар нэг бодист донтсон хүмүүсийг бүрэн эмчлэх боломжтой юу. Мэргэжлийн эмч, сэттэлзүйч шаардлагатай байна гэж байсан. Орон тооны хүрэлцээ хэр байгаа вэ?

-Манайд эмчилж чадаж байна уу, үгүй юү гэхээс илүүтэй дэлхийн хэмжээнд эмчилгээний явц ямар төвшинд байна вэ гэдгийг ярих нь зүйтэй болов уу. Аливаа нэг бодист донтсон хүмүүсийг эдгэрлийн хувь биш харин сайжралын хувь гэж тодорхойлдог. Яагаад гэвэл донтох эмгэгт нэг өртсөн бол энэ нь насан туршид дагадаг. Сайжралын байдал насан туршид үргэлжлэх тохиолдол байхад эргээд давтах үе гэж бий. Хамгийн гол нь донтолтоос салах эсэх нь тухайн хүнээс шууд хамааралтай. 80 хувь нь хувь хүнээс хамаарах бол үлдсэн 20 хувийг эмчилгээний байгууллага шийддэг. Донтуулагч бодисыг хэрэглэхгүй байхаар тухайн хүн шарталтад ордог. Энэ шинж тэмдгийг арилгахын тулд сэтгэл заслын минесота загварын эмчилгээ хийдэг. Би БНХАУ-д Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамтарсан төвд героины хараат байдалд орсон хүмүүсийг эмчлэгч эмчээр нэг хэсэг ажилласан. Тэгэхэд хэвтэн эмчлүүлсэн хүмүүсийн 95-98 хувь нь героины нөлөөнд дахин ордог гэсэн судалгаа байдаг юм билээ. Тэгэхээр дэлхийн юмыг судлаагүй байж Монголд эмчилж чадахгүй байна гэж яривал буруу. Мөн орлуулах эмчилгээг Монголд хийхгүй байна гэдэг. Гэтэл энэ эмчилгээг зөвхөн нэг төрлийн мансууруулах бодист хийх боломжтой. Ямар төрөл вэ гэхээр афиагын төрлийн бодис хэрэглэдэг хүмүүст энэ эмчилгээ буюу метатон бодисоор тухайн хүний донтолтын төвшинг бууруулдаг. Гэтэл энэ нь ялгаагүй л нэг төрлийн бодис. Нэг донтуулагчаас салгахын тулд дахиад нэг өөр төрлийн бодисоор донтуулдаг гэсэн үг. Энэ орлуулах эмчилгээг манай улсад хийхгүй байгаагийн гол шалтгаан нь афиатын төрлийн бодисыг судсаар тарьж хэрэглэдэг хүмүүсийн тоо харьцангуй цөөн байгаатай холбоотой. Ийм байхад заавал зардал ихтэй орлуулах эмчилгээг нэвтрүүлэх нь эдийн засгийн хувьд зөв шийдвэр биш.

 

-Манай улсад ямар төрлийн бодист донтогчид их байна вэ?

-Мөс буюу сэргээгч бодисын нөлөөнд орсон хүмүүсийн тоо ихэсч байгаа. Арваад жилийн өмнө донтох эмгэгийн тасагт жилд тав орчим хүн хэвтэн эмчлүүлж байсан бол өнөөдрийн байдлаар энэ тоо 46 хүртлээ өссөн. Дотор нь ангилбал морфин, мөс, тайвшруулах үйлчилгээтэй нойрсуулагч эмэнд донтогчцд олон бий. 

 

-Насны ангиллын хувьд?

-30-40 насныхан ямар нэг донтуулагчийн нөлөөнд орох нь ихэссэн. Учир нь санхүүгийн хувьд биеэ даасан байдал нь үүнд нөлөөлдөг. Хүүхдүүдийн дунд бензин, цавуу үнэрлэх тохиолдол түгээмэл байгаа.

 

-Эмчилгээ хийлгэсэн хүмүүсээс мансууруулах бодисын нөлөөнд эргэж орсон тохиолдол бий юу?

-Одоогоор тийм зүйл бүртгэгдээгүй.

 

-Энэ төрлийн бодист ямар хүмүүс амархан өртөж, донтдог юм бол?

-Бүх сэтгэцийн эмгэгийн үндэс суурь 0-3 насанд тавигддаг. Буруу эрхлүүлэх, хэтэрхий аашилж, загнах, айлгаж, цочоох, тодорхой хэмжээний хайр халамж үзүүлэхгүй байвал хэзээ нэг өдөр ямар нэг эмгэгтэй болох шалтгаан болдог. Ямар нэг эмгэггүй, донтогчгүй иргэнтэй байя гэвэл өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндэд төрөөс голчлон анхаарах шаардлагатай. Эцэг, эхчүүдийн хамгийн том алдаа нь "Жаахан хүүхэд юу мэдэх вэ, ойлгохгүй юм чинь” гэж бодож харьцдаг. Гэтэл үгүй. Яг тэр насандаа хүүхэд өөрийгөө хамгаалах, аюулгүй байдалд байгаагаа мэдрэх гээд маш олон мэдрэмжийг авдаг. Энэ бүхнийг дутуу өгвөл насанд хүрсэн хойноо хүнтэй буруу, хүйтэн хөндий харьцахаас эхлээд нийгэмд сөрөг нөлөө үзүүлж эхэлдэг. ‘Та өөрийнхөө хүүхдийг 18 нас хүртэл өдөрт найман удаа тэврэх ёстой” гэдэг үгийг би хэлэх дуртай. "Миний хайртай хүүхэд. Ээж нь, аав нь хажууд нь байна, хамгаална” гээд тэвэрвэл хүртэхүйгээр дамжиж хүүхэд хамгаалалтад байгаагаа мэдэрдэг. Яг энэ мэдрэмжийг насан туршдаа тээж явдаг болохоор хүүхдээ тэвэр, хайрла.

 

Албаны хүний хэлснээр "ми ми"-г хориотой эм бэлдмэлийн жагсаалтад оруулах эсэх асуудал удахгүй доторхой болох нь. Хэдийгээр хар" жагсаалтад багтаасан ч нэгэнт бодисын нөлөөнд автсан иргэдээ  хэрхэн эрүүлжүүлэх вэ гэдэг асуудал тун удахгүй сөхөгдөх биз ээ. 



Г.НАЦАГ-ЭРДЭНЭ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen