“Чалко”-гийн өрийг бүрэн дарж, “алдарт” хүргэн Г.Дэнзэн нарыг шүүсэн долоо хоног
2017 оны гуравдугаар сарын сүүлчийн долоо хоног үйл явдал арвинтай долоо хоног байлаа. Монгол Улсын Засгийн газар олон жил сунжирсан "Чалко”-гийн өрийг барагдуулсан тухай баяртай мэдээ дуулгав.
Хотын дарга С.Батболд дүүргүүдийн Засаг дарга нартай хог хаягдлын талаар ширүүхэн хуралдаж үүрэг даалгавар өгөв. Мөн Туул голын ойр орчмоос хайрга дайрга олборлуулахгүй байх шийдвэрийг гаргав.
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн алдарт хүргэн Г.Дэнзэн нарын таван хүнийг дөрвөн өдөр шүүсэн ч шүүх бүрэлдэхүүн эцсийн шийдвэрээ гаргасангүй.
Харин нэг тоогүй харамсалтай мэдээлэл гэвэл Завхан аймгийн Идэр суманд төрийн алба хаагч өөрийнхөө амийг хорлосон нь нийгэмд багагүй шуугиан тарив. Ингээд өнгөрсөн долоо хоногт болсон онцлох үйл явдлын талаар тоймлон хүргэе.
Өнгөрсөн лхагва гаригт "Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит хувьцаат компани алдарт "Чалко”-гийн өрийг бүрэн барагдуулав.
Одоогоос зургаан жилийн өмнө С.Батболдын Засгийн газрын үед /2011.07.26/ 350 сая ам.долларыг Хятадын төрийн өмчит "Чалко” компаниас зээлж, нийгмийн халамжийн сангаар дамжуулан, "Эх орны хишиг” нэртэйгээр 21 мянган төгрөгийг иргэдэд тараасан билээ. Тухайн үед Тавантолгойн ордын Зүүн Цанхийн нүүрсийг барьцаалах замаар 350 сая ам.доллар зээлэхдээ хүүгийн төлбөрийг гурван өөр хэлбэрээр төлөхөөр болсон байдаг.
Тодруулбал, 250 сая ам.доллар нь жилийн 3 хувийн хүүтэй, 30 сая ам.доллар нь жилийн 5.2 хувийн хүүтэй 70 сая ам.доллар нь жилийн 7.2 хувийн хүүтэй байхаар тооцож авч байсан юм.
Зээлийн өрийг нүүрсээр болон бэлэн мөнгөөр төлж болохоор гэрээ хийгдсэн байдаг. Энэ дагуу сүүлийн 30 0 сая ам.долларыг "Эрдэнэс Тавантолгой” компанийн зүгээс бэлнээр төлсөн баримт байдаг. Тэгвэл үлдсэн нийт 410 сая ам.доллаын өрийг бүрэн төлж барагдуулснаа "Эрдэнэс Тавантолгой” компанийн зүгээс мэдэгдлээ.
Н.Алтанхуягийн алдарт хүргэн Г.Дэнзэн нарыг таван өдөр шүүлээ
ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэн, "ЭрдэнэсТавантолгой" компанийн захирал асан Я.Батсуурь нарын таван хүнд холбогдох шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд дөрөв дэх өдрөө үргэлжилсэн ч эцсийн шийдвэр нь гараагүй байна. Өнгөрсөн мягмар гаригт эхэлсэн шүүх хурал ийнхүү удааширч байгаа шалтгаан нь олон хавтаст хэрэг болон эдийн засгийн холбогдолтой нотлох баримтуудыг шинжлэх шаардлагатай тул ийнхүү цаг хугацаа ороод байгаа юм.
Тэгвэл өчигдөр бүтэн өдөржин хуралдсан шүүх хурал 04 сарын 03-ны өдрийн 09.30 цагт хүртэл завсарлажээ. Өөрөөр хэлбэл ирэх долоо хоногийн Даваа гаригт үргэлжилнэ.
Г.Дэнзэн "Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа эхнэрийнхээ нэр дээрх "Говь повер” компанийг тендерт ялуулж, 17 тэрбум төгрөг өгсөн гэх хэрэгт буруутгагдан ийнхүү шүүгдэж буй.
Завханд төрийн алба хаагч амиа хорлов
Ажлаасаа халагдсан эмэгтэй өөрийгөө шатааж амиа хорлосон харамсалтай хэрэг өнгөрсөн сарын 28-ны шөнө гарсан билээ.
Тодруулбал, Завхан аймгийн Идэр суманд энэхүү хэрэг гарсан бөгөөд 50 орчим настай Т гэгч эмэгтэй өөр дээрээ бензин цацаж, шатаж амиа хорлосон байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, Т нь Идэр сумын Засаг даргын тамгын газарт Төрийн сангийн мэргэжилтнээр 28 жил ажилласан ажээ. Улмаар түүнийг шинээр томилогдсон дарга ажлаас нь чөлөөлж, өөр хүнийг оронд нь томилсон тул ийнхүү өөрийгөө шатааж амиа хорлоход хүргэсэн бололтой.
Талийгаач нөхөр, хоёр хүүхэдтэйгээ Идэр суманд амьдарч байжээ. Нам, улс төрийн байдлаас болж амиа хорлосон гэх энэ хэргийг аймгийн Цагдаагийн газраас шалгаж байна.
Э.Бат-Үүл, Д.Баттулга нарыг АТГ-т шалгуулахаар өгчээ
Нийслэлийн Засаг дарга асан Бат-Үүл, НИТХ-ын дарга асан Баттулга нарыг Авлигатай тэмцэх газраар шалгуулах хүсэлтийг ТҮЦ эрхлэгчдийн "Түмэн” холбоо болон "Олон нийт иргэний хяналт” Төрийн бус байгууллагын төлөөлөл Авлигатай тэмцэх газарт өчигдөр хүлээлгэн өгчээ.
Нийслэлийн засаг дарга асан Э.Бат-Үүл, НИТХ-ын дарга Д.Баттулга нар нь албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгуулах хүсэлтээ гаргасан байна.
2013 оноос эхлэн Улаанбаатар хотын гудамжинд байрлах элдэв төрлийн ТҮЦ-ийг цэгцлэх ажлыг эхлүүлсэн. Энэ хүрээндээ нэг стандартын ТҮЦ барина гэдэг мэдэгдлийг тухайн үеийн Нийслэлийн удирдлага мэдэгдэж байсан билээ. Энэ бүхний дараагаар "КИГ” ХХК нь стандартын ТҮЦ-ийг 10-11 сая төгрөгөөр хийж, худалдаалж эхэлсэн. Уг компани эхний ээлжинд 300 орчим ТҮЦ-ийг үйлдвэрлэн борлуулсан байдаг тухай ТҮЦ эрхлэгчдийн "Түмэн” холбооныхон мэдэгдсэн тул ийнхүү АТГ-д шалгуулахаар болжээ.
Хотын дарга Сү.Батболд "Ок” байлаа
Өнгөрсөн долоо хоногт хотын дарга Сү.Батболдын гарсан шийдвэр захирамж ёстой "Ок” байдаа. Тэрбээр 9 дүүргийн удирдлага болон тохижилтын компаниуд, сууц өмчлөгчдийн холбооныхонтой өчигдөр уулзаж, хог хаягдал, хот тохижилтын асуудлаар ярилцсан.
Уулзалтын эхэнд хотын дарга нэгэн бичлэгийг дүүргүүдийн Засаг дарга нарт үзүүлсэн юм. Тэр бичлэг нь БЗД, БГД, СХД, ЧД-ийн зарим хороо хэсгүүдийн гуу жалга, гудамж тайлбай хог новшиндоо дарагдсан бичлэг байлаа. Зарим Засаг дарга нь тэр бичлэгийг хараад бараг нүүр нь улайсан даа.
Баянголын Засаг дарга С.Одонтуяа "Бид хуулиа өөрчилж байж л хогтой тэмцэнэ, түүнээс нааш хот хогноосоо салж чадахгүй” гээд сөрөг хүчний зүгээс ярьж өгөв. Харин хариуд нь хотын дарга онож хэлсэн "Дүүргийн дарга нар албан өрөөнөөсөө гараад гудамжаараа нэг яваад үзчих. Тэгээд дараа нь асуудлаа ярь. Хотын зүгээс хог ачиж тээвэрлэх төсөв мөнгийг хангалттай шийдсэн байгаа шүү.
Одоо ажлаа л сайн хий” гэж хэлээд амыг нь тагласан даа. Албан өрөөндөө сууж байхын оронд хороо хэлстийнхээ гудамж талбайгаараа яваад үз. Ямар дүр зураг харагдах бол. Тэгээд нэгийг бодож хоёрыг тунгаана биз. Хогоо цэвэрлэж, хоггүй хоттой болохын төлөө ажиллахгүй байж, хороо дүүргийнхээ хогоо улстөржүүлдэг явдлаа болих хэрэгтэй гэдгийг онцлов.
Түүнчлэн хотын дарга С.Батболдын гаргасан нэг шийдвэр нь Хатан Туул голыг тойрч хайрга дайрга олборлуулахгүй байх захирамжийг гаргасан нь иргэдийн сэтгэлд ихэд хүрсэн юм. Ундны усны эх үүсвэр усаа хамгаалж үлдэхийн тулд ийм шийдвэр гаргасан хотын даргад баярлах талархах иргэн, аж ахуй нэгж, албан байгууллагууд олон байна.
http://www.zaluu.com/read/105g4a6gg