Төсөв 2026: Нүүрсний үнийг 70, зэсийн үнийг 9700 доллараар тооцов
Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг танилцуулж байна.
Төсөлд Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 31.6 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 32 их наяд 980 тэрбум төгрөг, төсвийн тэнцэл ДНБ-ий 1.3 хувийн алдагдалтай байхаар төлөвлөсөн юм.
Монгол Улсын экспортын орлогын дийлэнх хувийг нүүрс бүрдүүлж ирсэн ч үнэ унаснаас татварын орлогыг сааруулж, Засгийн газар алт, зэсийн экспортод найдлага тавихаас аргагүйд хүрсэн. Ирэх оны тухайд ч нүүрсний үнэ өсөх хандлага ажиглагдахгүй байгаа тул 2026 оны төсөвт нүүрсний зах зээлийн үнийг өнөөгийн ханшаар буюу нэг тонныг нь 70 ам.доллараар, харин зэсийг үнийг нэг тонныг нь 9700 ам.доллараар тооцжээ. Нэг үгээр хэлбэл, нүүрсний үнийн төсөөлөл анх удаа хөрсөн дээрээ буулаа гэж хэлж болно.
Учир нь, дэлхийн зах зээлд нүүрсний үнэ унах нь тодорхой байхад хэт өөдрөгөөр төсөөлж оруулж ирдэг нь эцсийн дүндээ төсвийг тодотгохоос аргагүйд хүргэдэг буруу жишиг засагдсан нь энэ юм.
Нүүрсний үнэ сайнгүй байх тул экспортын хэмжээг өсгөхөд Засгийн газар анхаарч байна. Энэ жил 85 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьсан бол ирэх жил 90 сая тоннд хүргэх зорилт тавьсан.
Өнөө жилийн зорилтоо хэрэгжүүлэхийн тулд Засгийн газар төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлтэд анхаарал хандуулж, Бүрэн эрхт төлөөлөгчөөр ахлуулсан ажлын хэсэг гарган ажиллуулж байна. Үр дүн гарч байна гэж Ерөнхий сайд мэдэгдсэн. Гэхдээ дэлхийн зах зээлд нүүрсний үнэ унаснаас хувийн компаниуд экспортоо багасгасан тул төрийн өмчит компаниа “шахаж” ажиллах сонголттой тулсан нь энэ юм.
Нүүрсээ автомашинаар зөөдөг Монгол Улсын хувьд 90 сая тонн нүүрс экспортлох зорилт том ч хилийн боомтуудынхаа чадавхийг нэмэгдүүлснээр зорилгодоо хүрнэ гэж үзэж байна.
Сангийн сайд Б.Жавхлангийн тайлбараар бол Хятад улс Монголоос 90 сая тонн байтугай эрчим хүчний нүүрс импортлох эрэлт бий. Иймээс хилийн дээс давуулж хүргэж чадах эсэх нь л чухал болж байгаа юм. Хамгийн гол нь ирэх онд нүүрсний үнэ өнөөгийн ханшаас доош буухгүй байх нь л чухал болж буй.
Монгол Улс ирэх онд зэсийн баяжмалын экспортыг 1.9 сая тоннд хүргэхээр тооцоод байна.
Лондоны металлын бирж дэх цэвэр зэсийн дундаж үнэ 2025 оны эхний долоон сарын байдлаар 9475 ам.доллар болж өмнөх оноос 3.6 хувиар өсчээ.
АНУ-ын тарифын бодлогын шийдвэрүүд нь дэлхийн зах зээл дээрх зэсийн үнэд нөлөөлж байгаа ч цахилгаан автомашин, сэргээгдэх эрчим хүч, тоон өгөгдөл боловсруулах төвүүд, технологийн салбарын хурдацтай хөгжлөөс шалтгаалан зэсийн эрэлт нэмэгдэж үнэ өсөх прогноз гарсан юм байна. Олон улсын шинжээчдийн таамаглалаар 2025 онд зэсийн дундаж үнэ 9200 ам.доллар байсан бол 2026 онд 9700 ам.долларт хүрэх тооцооллыг хийжээ. Иймээс Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлд тусгасан зэсийн үнэ нь Лондоны металлын бирж дэх цэвэр зэсийн дундаж үнээр тооцсон ханш гэж хэлж болох юм.
Төсвийн тогтворжуулалтын санд 292.1 тэрбум төгрөгийг АМНАТ-өөр төвлөрүүлнэ
Ирэх онд зэс, нүүрсний экспортоос төсөвт төвлөрөх орлогын хэмжээ нэгдсэн төсвийн нийт орлогын гурваас дээш хувийг бүрдүүлэхээр байгаа тул Төсвийн тогтворжуулалтын санд төвлөрүүлэх орлогыг дараах байдлаар тооцжээ. Ингэхдээ зэсийн тэнцвэржүүлсэн үнэ тонн тутамд 8,341.8 ам.доллар, нүүрсний тэнцвэржүүлсэн үнэ тонн тутамд 133.7 ам.доллар байхаар тооцоолжээ. Энэхүү тооцооллын дагуу 2026 онд Төсвийн тогтворжуулалтын санд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр/АМНАТ/-өөр 292.1 тэрбум төгрөгийг, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлогоос 75.6 тэрбум төгрөгийг, нийт 367.7 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр тооцоод байна.
Үндэсний баялгийн санд 2.9 их наяд төгрөг төвлөрүүлнэ
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д заасны дагуу АМНАТ-ийн орлогоос Төсвийн тогтворжуулалтын сан болон Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилаад, үлдэх хэсгийн 65 хувь буюу 2 их наяд 186.9 тэрбум төгрөгийг Ирээдүйн өв санд, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2-т заасны дагуу уул уурхайн олборлолт, ашигт малтмалын боловсруулах салбарт үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрийн эзэмшилд ногдох ногдол ашгийн орлогоос 372.9 тэрбум төгрөгийг Хуримтлалын санд тус тус төвлөрүүлэхээр тооцжээ. Түүнчлэн, сангийн хөрөнгө оруулалтын орлогоос 240.3 тэрбум төгрөгийг Ирээдүйн өв санд, 156 тэрбум төгрөгийг Хуримтлалын санд хуримтлуулахаар тооцсон байна. Ингэснээр нийт 2 их наяд 956.1 тэрбум төгрөг Үндэсний баялгийн санд төвлөрнө гэж тооцжээ.