Дөнгөж төрсөн нярайд В вирусын вакцин хийснээр Монголд энэ халдвар авах хүний тоо жилд 100 болтлоо буурчээ

Дөнгөж төрсөн нярайд В вирусын вакцин хийснээр Монголд энэ халдвар авах хүний тоо жилд 100 болтлоо буурчээ

 

Хорт хавдар үүсгэх шалтгаан болдог элэгний вирусын халдвараас сэргийлэх дархлаажуулалтын талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагмын өгсөн мэдээллийг хүргэж байна.

Элэгний хорт хавдар үүсгэх үндсэн шалтгаан болдог гепатит В вирусын эсрэг вакциныг манай улс 1991 оноос эхлэн хүүхэд төрснөөс хойш 24 цагийн дотор хийж эхэлжээ. Уг вакциныг дэлхийн 117 улс дөнгөж төрсөн хүүхдэдээ хийж байгаагийн нэг нь Монгол. В вирусын халдвар дамжих хэд хэдэн зам байдгаас эхээс урагт халдварлах эрсдэл хамгийн өндөр. Тиймээс хүүхэд төрсөн даруйд вакцинжуулснаар халдварлах замыг тасалж, сэргийлэх боломж нь 90-95 хувь. Уг вакцин нэвтрүүлэхээс өмнө Монголд 10 мянган хүн амд жил бүр 50-100 хүн элэгний В вирусын халдвар авч байжээ.   

Одоо элэгний хорт хавдраар нас барж буй хүмүүсийн 85 хувь нь 45-аас дээш насныхан буюу товлолын вакцин нэвтрүүлэхээс өмнөх үеийнхэн байна. 

Шинэ төрсөн хүүхдүүдийг дархлаажуулалтад бүрэн /95 хувиас дээш/ хамруулснаар 10 мянган хүн амд халдварлах нь 50-иас доош, 2005 оноос хойш 0.3 хувь буюу жилд 200-300 хүн халдварлажээ. Харин одоо 100 болтлоо буурсан байна.

Урт хугацаандаа вирусын шалтгаант элэгний хавдрыг огцом бууруулах урьдач нөхцөл ийн бүрджээ. В вирусын товлолт вакциныг 1991 онд анх хийлгэсэн нялхас өдгөө 34 нас хүрлээ. Одоо элэгний хорт хавдраар нас барж буй хүмүүсийн 85 хувь нь 45-аас дээш насныхан буюу товлолын вакцин нэвтрүүлэхээс өмнөх үеийнхэн юм.

Харин А гепатит вирусын халдвараас сэргийлэх вакциныг Монгол Улс 2012 онд нэвтрүүлсэн. Үүнээс өмнө цэцэрлэгт нэг хүүхэд бохир гарын шарын халдвар бол ангиараа өвддөг байв. 

Одоо дэлхийн 28 улс энэхүү дархлаажуулалт хийж байгаагийн ихэнх нь нийгмийн асуудлаа шийдээгүй буурай хөгжилтэй орнууд байна. Уг вакциныг нэвтрүүлснээр 2011-2012 онд тохиолдлын тоо 10 мянга гаруй байсан бол өдгөө нэг хоёроор тоологдож, бараг устгаж чаджээ.

Халдварт өвчний өвөрмөц сэргийлэлт болох дархлаажуулалтыг хийснээр ингэж үр дүнгээ өгдөг. Энэ хэрээр элэгний хавдар, хатуурал зэрэг бусад хүндрэл үүсэхээс сэргийлнэ гэж О.Дашпагма эмч танилцуулав. 

Дэлхий дахинд гепатит В вирусын эмчилгээний арга хараахан нэвтрээгүй байгаа тул вакцинаар хамгаалдаг. Харин С вирусын эсрэг эмчилгээний арга манай улсад ч нэвтрээд удаж байна. 

Засгийн газраас хэрэгжүүлсэн “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн үр дүнд Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөөр 100 мянга гаруй иргэнийг С вирусын эсрэг эмчилгээнд хамруулсан. "С вирусын эмчилгээ хийлгэж вирусээ устгуулсан, хорт хавдар тусахгүй” гэж тайвширч болохгүй. Тогтмол хянуулж байх шаардлагатай. Элэг нэгэнт өөрчлөлтөд орсон бол цөөн тооны хүнд хавдар үүсэх эрсдэл байдаг тул эмчилгээний дараах хяналт маш чухал гэж ХСҮТ-ийн зөвлөх эмч, хавдрын мэс засалч, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн анхаарууллаа. 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen