БНХАУ-д сармагчны цэцэг өвчний халдвар бүртгэгдсэн хэмээн анхааруулав
Мpox-сармагчны цэцэг өвчний талаар ХӨСҮТ-өөс мэдээлэв.
БНХАУ, Австралид үхлийн аюултай сармагчны цэцэг өвчний халдвар бүртгэгджээ. Иймд эдгээр улс руу зорчих иргэд анхаарал болгоомжтой байхыг зөвлөв.
Сармагчны цэцэг өвчний энэ сарын 1-ний байдлаар анх бүртгэгдсэн 2022 оноос хойш нийт 128 оронд 123 мянга гаруй бүртгэгджээ.Өчигдрийн мэдээллээр Францад сармагчны цэцэг өвчний 1, Тайланд улсад 3 тохиолдол, Бангладеш улсад зика вирусын халдварын тохиолдлууд бүртгэсэн байна.
ХӨСҮТ нь Олон улсын эрүүл мэндийн дүрмийн үндэсний зохицуулагч байгууллага тул дэлхий дахинд бүртгэгдэж байгаа халдварт өвчний мэдээллийг авдаг.
Дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын сэрүүн бүсийн улс орнуудад улирлын томуугийн идэвхжил өндөр түвшинд байна.
- Европын улс орнуудад улирлын томуугийн вирусийн бүх хэв шинж, Хойд Америкийн орнуудад томуугийн А вирус, Азийн улс орнуудад А(H1N1)pdm09 вирус давамгайлан орчилд байна.
- SARS-CoV-2 вирусийн идвэхжил Европ, Өмнөд Америк, Өмнөд Азийн улс орнуудад өндөр байна.
Иргэд гадаад оронд албан болон албан бусаар зорчих, удаан хугацаагаар амралтаа өнгөрөөх, аялахдаа өөрсдийгөө хамгаалах, таны очих улсад ямар өвчлөл зонхилж байгааг судлах, юуг анхаарах, ямар вакцин хийлгээд явах талаар мэдээлэл зөвлөмж авахыг сануулав.
Сармагчингийн цэцэг өвчин нь Poxviridae овгийн Orthopoxvirus төрөлд багтдаг сармагчны вирусээр үүсгэгддэг, цагаан цэцэг өвчинтэй төстэй боловч хүндрэл багатай өвчин юм.
1980 онд дэлхийд дахинд цагаан цэцэг өвчнийг устгах үед ч сармагчны цэцэг өвчин нь баруун Африкийн орнуудад бүртгэгдэж байсан халуун орны ширэнгэн ойд тархсан зоонозын өвчин.
Уг өвчин нь ихэвчлэн халуурах, тууралт гарах, тунгалгийн зангилаа томрох зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илэрч, 2-4 долоо хоног үргэлжилдэг, нас баралтын хувь 3-6 байна. Сармагчны цэцэг өвчин нь өвчтэй хүн, амьтантай ойр харьцах үед дуслаар эсвэл вирусээр бохирдсон эд зүйлсээр дамжин халдварладаг.