Хүүхдийн хорт хавдрын нэн шаардлагатай гурван нэрийн эмийг хүлээн авлаа
Хүүхдийн хорт хавдартай тэмцэх олон улсын өдөр өчигдөр тохиолоо.
Энэ өдрийг хүүхдийн хавдрын талаарх олон нийтийн ойлголтыг сайжруулах, хорт хавдрыг даван туулагчид, асран хамгаалагчдын бие болон сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүл зан үйлийг дэмжих, төлөвшүүлэх зорилготой өдөр болгон 2002 оноос дэлхий дахинд тэмдэглэж эхэлжээ. Харин манай улс энэхүү өдрийг 2017 оноос хойш тэмдэглэж байгаа юм. Энэ жил манай улс дэлхийн хэмжээнд хүүхдийн хорт хавдрын эмийн хүртээмжийг сайжруулах, эдгэрэлтийн хувийг нэмэгдүүлэх зорилготой дэлхийн санаачилгад нэгдлээ.
Энэ үеэр Эрүүл мэндийн яамнаас ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан, “Сэйнт Жуд” хүүхдийн хавдрын эмнэлэгтэй хамтран хэрэгжүүлж буй “Хүүхдийн хорт хавдрын эмийн хүртээмжийг сайжруулах дэлхийн платформ”-оор дамжуулан хүүхдийн хорт хавдрын нэн шаардлагатай 35 нэрийн эм хүлээн авахаар болжээ.
Тэгвэл эхний ээлжийн гурван нэрийн эмийг хүлээн авлаа. Энэхүү хамтын санаачилгын дэмжлэгээр чанарын баталгаатай хүүхдийн хорт хавдрын эм таван жилийн хугацаанд тасралтгүй нийлүүлэгдэх юм.
Эрүүл мэндийн сайдын зөвлөх, доктор Л.Төмөрбаатар ярихдаа, “Хүүхдийн хорт хавдрыг эмчлэхэд чанартай эмээр тасралтгүй эмчлэх, өвдсөн хүүхдийг тогтмол хянах, үе тэнгийнхэнтэй хамт нийгмийн харилцаанд оруулах зэрэг цогц үйл ажиллагааг эрүүл мэндийн ажилтан болон өвчтөн, түүний гэр бүлийнхэнтэй нь хамтран хэрэгжүүлэх хэрэгтэй байдаг. Хүүхдийн хорт хавдрын эмийн чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлснээр тусламж, үйлчилгээний чанар дээшилж, хорт хавдраар өвдсөн хүүхэд эдгэрэх, амьдралын чанар дээшлэх зэрэг эерэг үр дүн гарна” гэв.
Тэгвэл НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан, “Урт хугацаагаар хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдэд чанартай эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг тасралтгүй үзүүлэх нь чухал юм. Манай хамт олон холбогдох Насан туршийн суралцахуйн төвийн зочин багшийн ажиллах боломжийг бүрдүүлсэн иж бүрэн тохижилттой анги танхим, хими эмчилгээний эм бэлтгэх тасаг нэгжийн бүрэн засвар тохижилтыг өмнө нь хийж гүйцэтгэсэн бол өнөөдөр хамтрагч талуудын хамтаар тухайн эм бэлдмэлийг Монгол Улсад нийлүүлэхэд дэмжлэг үзүүлж байгаадаа баяртай байна” хэмээн ярилаа.
Энэхүү хамтын ажиллагаа нь хавдрын эмийн нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэх, ажиллах хүчний дутагдлыг арилгах, хорт хавдартай хүүхдүүдэд үзүүлэх тусламж дэмжлэгийг нэмэгдүүлэх зэрэг олон арга замаар дэмжлэг болох юм.