Х.Номинцэцэг: Учруулсан хохирлыг барагдуул гэж УБЕГ-аас 2 тэрбум төгрөг нэхэмжилж байна

Х.Номинцэцэг: Учруулсан хохирлыг барагдуул гэж УБЕГ-аас 2 тэрбум төгрөг нэхэмжилж байна

 

2022.11.07

"Гадаадын иргэний өмчийг эзгүйд нь шүүг­­чийн за­хирам­жаар, эзэнд нь мэдэгдэлгүй булааж авсан талаар мэдээлэв. Энэ маргаан шүүхэд 4-5 жил үргэлжилж байгаа аж.

Тодруулбал Чех улсын иргэний өмчийг эзэнд нь мэдэгдэлгүйгээр шүүхийн захирамжаар булааж авсан талаар түүний өмгөөлөгч Х.Номинцэцэг мэдээлэл өгөв. Тэрээр иргэд дахин хохирох вий гэсэн үүднээс шүүхийн шийдвэрүүдийг дэлгэж байна гэсэн юм" гэж бид өмнө мэдээлж байсан. https://gogo.mn/r/yo8xe

Тэгвэл тус асуудал одоог хүртэл бүрэн шийдэгдээгүй хэмээгээд түүний өмгөөлөгч өнөөдөр дахин мэдээллээ.  /2025.02.19/

Өмгөөлөгч Х.Номинцэцэг "2008 онд Хүрэлбаатар Х. Сонинцэцэг гэдэг хүнд “Хайрхан” компанийн эрх шилжүүлэх гэрээ хийжээ. Нотариатын танхимд хандаж, нотариатч томилуулсан байна. Энхбаяр нотариатч гэрээг баталж, Улсын бүртгэлийн албанд хүсэлт гарган, компанийн дүрэмд өөрчлөлт оруулан, өөрөө гарын үсэг зуржээ.

Хуралдааны тэмдэглэл үйлдэхдээ нягтлангаа оролцуулан гарын үсгийг нь зуруулж, компанийн хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоол үйлджээ. Ингээд Х.Сонинцэцэг тус компанийг 100 хувь эзэмших болсон байна. Гэвч тэрээр Чех улсын иргэн болж, Чехэд амьдрах хугацаанд компанийг нь өөр хүн эзэмших болсон.
2018 оны хоёрдугаар сар хүртэл тус компани үйл ажиллагаагаа хэвийн явуулсан. Гэтэл 2016 оны есдүгээр сарын 2-нд Хүрэлбаатарын хоёр дахь эхнэр, түүний дагавар охин, хоёр хүүхэд нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Тэд ингэж бусдын эд хөрөнгийг булааж авах анхны алхмаа хийсэн. Шүүх өмчийн эзэн болох Х.Сонинцэцэгийг оролцуулалгүй шийдвэр гаргасны улмаас эхлэл төгсгөлгүй маргаан үргэлжилсээр байна.

Хэдий өмчийн эзэн болсон ч Х.Сонинцэцэг өмч хөрөнгөндөө орж чадахгүй болсон. Шүүх, төрийн байгууллагын албан хаагчид хийж буй ажилдаа үнэнч байсан бол, энэ хүнийг эрх ашиг нь хөндөгдсөн гуравдагч этгээдээр хуралдаанд оролцуулах ёстой байв. Энэ хүн гомдол гаргах, нэхэмжлэх гаргах, давж заалдах эрхгүй болчихсон. Цагдаад өргөдөл өгөхөөр нөгөө тал өмгөөлөгч авна гээд ирдэггүй, байцаалт өгдөггүй, цагдаа нарын ажилд хүндрэл учруулдаг.  

Нотариатч гомдол гаргавал Х.Сонинцэцэгийг дараагийн шатны шүүх хуралд оролцуулах боломж байв. Захиргааны хэргийн гурван шатны шүүхийн шийдвэр гарсан. Эдгээр шүүхээр нотариатын үйлдэл хүчингүй болсон.

Үүний дараа Сарантуяа улсын бүртгэлд өвлөн авагчаар бүртгүүлсэн байна. Х.Сонинцэцэг захиргааны хэргийн шүүхэд хандан, компанийн эзэн мөн гэдгээ тогтоолгосон ч компани руугаа орж чаддаггүй. Сарантуяа, Золжаргал, Ижилцэцэг, Бат-Эрдэнэ нар хамгаалалтын алба ажиллуулан, Х.Сонинцэцэгийн хууль ёсны өмчлөх эрхэд халдсан. Би цагдаад хандаж, 11 удаа дуудлага өгсөн ч орж чадаагүй. Компанийн тамга тэмдгийг өмгөөлөгчийнх нь буюу манай гэрээс хураалгуулсан. Х.Сонинцэцэг гомдлоо гаргахаар цагдаа хүлээж авдаггүй. Цагдаа нар өвийн маргаантай гээд тоодоггүй. Одоо өвийн асуудал байхгүй юм. Татварын албанаас надад “Хайрхан” ХХК 39сая төгрөгийн өртэй хэмээн мэдэгдсэн. Бат-Эрдэнэ үүнийг төлөхгүй гэдэг.

Нийт 11удаа шүүхийн шийдвэр гарч, 27 шүүгч энэ хэрэг дээр ажилласан. Нэг л шүүхийн шийдвэр Сарантуяагийн талд, 10 шийдвэр нь Х.Сонинцэцэгийн талд гарсан.

Бат-Эрдэнэ компанийн орлогыг хувийн дансаараа авдаг атлаа татвараа төлдөггүй. Энэ хүн энэ компанийг эзэмшдэггүй. Гэхдээ компанийн байрыг мебелийн үйлдвэрт түрээслэн, орлого олдог. Сард 30-40 сая төгрөгийн орлого олдог.

Х.Сонинцэцэг дөрвөн жилийн хугацаанд 810 са төгрөгийн орлогоо алдсан . Тэд энэ хэрэг гарахаас өмнө Хүрэлбаатар нас барсан, орлогогүй болсон хэмээн Х.Сонинэцэгээс сар бүр 500 мянган төгрөгийн тэтгэмж авч байсан атлаа үл хөдлөх хөрөнгийг нь булаан авчихсан. Эрүүгийн хуульд дураараа авирлах гэсэн заалтыг хассанаас ийм маргаан гарах боллоо гэв.
өмнөх нийтлэлээс ашиглав.

Миний үйлчлүүлэгч Х. Сонинцэцэгийн хууль ёсны эрх зөрчигдөж, олон жил хохирч буй. 

Тэрээр 2016 оноос эхлэн дээрх асуудлыг шийдүүлэхээр олон удаа гомдол гаргасаар одоог хүртэл эрхээ бүрэн хангуулж чадаагүй.

Өнөөдөр “Хайрхан” компанийн бүртгэл, тамга, шүүхийн шийдвэрийн дагуу нийгмийн даатгалын болон бусад засаг захиргааны байгууллагуудтай холбоотой үйл ажиллагаа явагдсан ч, хууль ёсны эзэмшигчээр Х.Сонинцэцэг гэж хүлээн зөвшөөрөхгүй байна. 

2023 оны 11 сард улсын бүртгэлд хууль бус ажиллагаа явуулсан нь шүүхийн шийдвэрээр батлагдсан бөгөөд хариуцлага тооцохыг шаардсан гомдол гаргасан.

Дээрх хууль бус үйл ажиллагаа, бүртгэлийн буруутай шийдвэрүүдийн улмаас Х.Сонинцэцэгт учирсан хохирлыг тэд одоог хүртэл барагдуулаагүй. Тиймээс шүүхийн шийдвэрүүдийн дагуу УБЕГ-аас 2 тэрбум төгрөгийг нэхэмжилж байна.

Улсын бүртгэлийн байгууллага болон хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагаа шударга байх ёстой. Иргэдийн хууль ёсны эрхийг хамгаалах үүрэгтэй. Би энэ үйлдлийг нийтэд мэдэгдэж, үнэн зөвөөр шийдвэрлэхийг төрийн байгууллагуудаас хүсэж байна. Шударга, хариуцлагатай ажиллах хүмүүсийг хуулийн байгууллагын удирдлагад тавьж, иргэдийн эрхийг хамгаалж, хууль ёсны шийдвэрүүдийг хэрэгжүүлэхийг шаардаж байна" гэлээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen